Categories
мэдээ цаг-үе

Цагааны Хэнмэдэх: Миний бие тэртээ жараад онд Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг бараа судлаачийн мэргэжлээр төгсөж байсан

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Цагааны Хэнмэдэх гуайтай ярилцлаа. Тэрээр төв бараа баазын вант улсын үндэс суурийг тавилцаж, Монгол Улсаа төлөөлөн гадаад худалдааны чиглэлээр ажиллаж ирсэн нэгэн юм.


-Хэнмэдэх гуай, та бол бараа судлаач гэдэг ховор мэргэжил эзэмшсэн, Монгол Улсын эдийн засаг хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан буурлуудын маань нэг. Сургууль төгсөөд анх хаана хуваарилагдаж ажил амьдралын гараагаа эхэлж байв?

-Миний бие 1958 онд нийслэлийн арван жилийн Хоёрдугаар дунд сургуулийг төгсөөд Москвад Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд бараа судлаачийн мэргэжлээр сурахаар очсон. Бараа судлаач гэж ямар мэргэжил байдгийг мэдэхгүй амьтан Гадаад худалдааны яамны нэр дээрээс очиж байлаа. Харин төгсөж ирээд Дотоод худалдааны яамны нэр дээр Төв бараа баазад хуваарилагдсан. Төв бараа бааз гэдэг бол Монгол Улсын өргөн хэрэгцээний бүхий л бараа, ялангуяа эх орны үйлдвэрийн барааг бүгдийг нь шалгаж хүлээж авдаг газар. Мөн гадаадаас ирж байгаа барааг төмөр замаар хүлээж аваад хуваарилна, хөдөө орон нутаг, аймаг сумдад хэрэгцээт барааг нь хүргэнэ. Би чинь Төв хороогоор орж байж ажилд томилогдсон. Цэдэнбал дарга “Энэ барааны мэргэжлийн хүүхэд байна. Энэ хүүхдийг сургаж ав. Худалдааны асуудал хамгийн чухал, та бүхэн сайн ажиллуулах хэрэгтэй шүү” гэж хэлж байсан. Толгойтын төв бараа бааз Таван шарын урд, хоёрдугаар цахилгаан станцын баруун талд байсан. Олон салаа төмөр зам явсан, барааны том дөрвөлжин складуудтай, зарим бараанууд нь гадаа хураалттай берзинтээр бүтээчихсэн, нүсэр том аж ахуй. Бараа үнэлдэг ахлах мэргэжилтэн гэдэг албанд эхлээд очлоо. 800 төгрөгийн цалинтай, гэр бүл болоогүй ганц бие надад ямар их цалин бэ гэж бодогдож байгаа юм. Миний албанд худалдаа, эдийн засгийн сургууль, за даа ихэнх нь техникум төгссөн 30-аад мэргэжилтэн харьяалагдаж байв. Хийдэг ажил маань ирж байгаа барааг олон улсын гэрээ контактын дагуу тоо ёсоор нь хүлээж авах, гарал үүсэл, чанар нь таарч байгаа эсэхийг тулгаж шалгаж үнэлээд орлогод оруулах. 60-аад нягтлантай байлаа шүү дээ. Гурил, будаа, цай, тамхиас өгсүүлээд бүх л зүйл байсан. Нисэх онгоц, цэргийн зэвсэг техник, нефть шатахуун л байгаагүй. Өөрийн гэсэн орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэй, ёстой нөгөө вант улс гэдэг чинь тэнд байсан. Улсын төсвийн 60-70-аад хувийг бүрдүүлдэг. Тэр үед үйлдвэр хөгжөөгүй худалдаагаар дамжиж эдийн засгийн эргэлт хийгддэг. Ийм л хариуцлагатай албанд анх томилогдсон хүн юм. Жил гаруй хэртэй ажиллаж байтал худалдаа эрхэлсэн орлогч дарга гэдэг албан тушаалд томиллоо. Их л айж эмээж байсан. Гэхдээ Плехановын сургуульд сурсан зүйл, эзэмшсэн мэргэжил маань үнэндээ хэрэг болсон.

-Плехановын сургуульд сурснаа жаахан тодруулахгүй юу. Бараа судлаач гэхээр их л олон талын нарийн мэдлэгтэй хүнийг хэлж таарна?

-Бараа судлал гэхээр хүмүүс нүдэн дээр ил байж байгаа гурил, будаа, оймс, тамхийг мэдэхгүй хэн байхав гэдэг. Тийм биш юм билээ. Техник технологи нь өөр. Бараа судлалын хичээлд хамгийн түрүүнд хими, физик үзнэ. Хүний иддэг уудаг, өмсдөг хэрэглэдэг тэр бүгдийг хими физикийн томьёогоор илэрхийлнэ. Зүгээр лекц уншаад байхгүй. Хичээл бүр айхавтар сүрхий лабораторитой. Барааг юугаар хийдэг, хаанаас авдаг, ямар агуулга, ямар чанартай юм, хүнд эргээд юу өгдөг юм, ямар технологи, машин техникээр хийгддэг юм, ууталж савлаад дэлгүүрт яаж зардаг юм, үнийг нь хэрхэн яаж тогтоодог юм гээд маш нарийн шалгууртай. Хажуугаар нь нягтлангийн, статистикийн хичээлүүд орно. Мөн түүх, газарзүй үзнэ. Газарзүйн хичээлд зөвхөн зам харилцаа гэхэд л усан зам, агаарын зам, төмөр зам гээд нарийвчилж ярина, худалдаатай холбоотой учир тэр. За тэгээд худалдааны зохион байгуулалт гэж айхавтар хичээл орно доо. Практикт гаргана. Би гэдэг хүн нэг захаас нь нөгөө захыг нь бараг олохгүй шахам тийм том Москвагийн мах комбинатад дадлага хийж байлаа. Нарийн боовны үйлдвэрт бас практик дадлага хийсэн. Үнэхээр хүнийг тал бүрийн мэргэжилтэй болгож, хүнд юм сургадаг. Тэр аугаа сургуульд би дөрвөн жил сурсан. Нэг зүйлийг сонин болгоход, 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Гагарин огторгуйд ниссэн. Тэр өдөр би худалдааны зохион байгуулалт гэдэг хичээлийн шалгалт өгч байв. Миний бие билетээ авчихаад яг хариулахын үед багш минь “Сурлагын дэвтрээ аваад ир” гээд шууд дүнг минь тавьж байсан. Гагарины тэр алтан мөч надад тэгж нөлөөлсөн. Амьдрал гэдэг баян юм шүү. Кавказ гаралтай багшийн минь баяртай алаг нүд одоо ч надад харагддаг юм.

-Өмнөговь аймагт анхны томилолтоороо очсон тухай түрүүнд сонирхуулсан. Ер нь томилолтоор их явах уу?

-Тийм ээ, анхны томилолт өмнийн говиос эхэлсэн юм. Худалдаа бэлтгэлийн сайд Доржготов гэж сайхан хүн байлаа. Сэлэнгийн Хушаатын хүн юм. Түүнтэй хамт очиж байсан. Дараа нь Дарханд очсон. Дархан хот дөнгөж байгуулагдаж байхад Төв хорооны төлөөлөгч гэсэн сүрхий амьтан хавар очоод намар ирж байсан. Дарханы худалдаа бэлтгэлийн ангийг хотын дайтай болгож зохион байгуулах, худалдаа удирдах газар бий болгох гээд олон ажилтай. Баруунхараа, Зүүнхараа болон тэр хавийн сумдын худалдаа бэлтгэлийн барааг Дарханд төвлөрүүлэх нүсэр ажлыг удирдсан. Албан контор, хүнсний дэлгүүр, зоогийн газар, барааны дэлгүүр мөн ногооны зоорь, хүнсний зоорь, бараа хадгалах агуулах барилцаж байгаа юм. Талхны цехээс аваад байгуулж босгоогүй юм ховор. Оросын худалдааны трес ороод ирчихсэн үе. Тэр бүхний зохион байгуулалтыг хийнэ. Оросуудтай, монголчуудтай харилцана. Дараа нь 1964 онд Болгарт очлоо. Анх удаагаа гадаадад албан томилолтоор явж байгаа нь тэр. Экспорт, импортын гэрээ контакт байгуулах ажилтай. Болгараас манайх тухайн үед тамхи авна, мөн одоогийн алаг салат гэж байгаа консерв авна. Үйлдвэр дээр нь очно, ярина, үнэ ханшаа тохирно. Нэг хайрцганд хэд байх уу, нэг вагонд хэдийг ачуулах уу, нэгжийн үнэ нь ямар байх уу гээд гэрээнд нарийн заана. Тэгж анх гадаадад Монгол Улсаа төлөөлж явж байсан түүхтэй. Бидний урьдчилсан гэрээ контакт бэлэн болсны дараа Засгийн газар хоорондын төлөөлөгчид, яамдын сайдууд ирж үзээд албан ёсны гарын үзэг зурж баталгаажуулдаг байсан. Түүнээс хойш Монголынхоо гадаад паспортыг бариад энэ дэлхийгээр мөн ч их явсан. Гадаад худалдаагаар орж ирж байгаа алим чанарын баталгаагүй байсан учир түүний хохирлыг барагдуулах гэж орос хэл дээр акт үйлдээд хойд Солонгос руу явж байлаа, Вьетнамд экспортын бараа саатчихсан, түүнийг ачуулах гэж Алс Дорнодын хамгийн том усан замын боомтод очиж байлаа. Ангийн үслэг эдлэл манайхаас Европын орнууд руу гаргадаг байлаа, тэгтэл нэг удаа замаас нь гадны орны нөхдүүд авчихсан байсныг араас нь нэхэн явж улсаас улс дамжин, тивээс тив дамжиж байж олж авч байлаа

-Таныг төв бараа баазад байхад жаран зургаан оны өнөө алдарт үер болсон байдаг. Тэрхүү үерт хамгийн их хохирол амссан газар танайх. Тэр тухай асуумаар байх юм?

-Үер ус гэдгийг мэддэг ч үгүй, ёстой хүүхдээрээ байж дээ. Жаран зургаан оны наадмын тэр өдөр нэг найзтайгаа хоёул замын мухлагаас айраг аваад голын зүлгэн дээр очиж уусан юм. Амарч байгаа царай нь. Тэгтэл хүүхдээ тэвэрсэн хүмүүс гүйлдээд сүйд боллоо гэцгээв. Үерийн маргааш өглөө эрт их дэлгүүрийн тэндээс машинд суугаад Толгойт руу ажилдаа очлоо. Бааз руу орох арга алга. Таван шарын тийшээ айлуудын эрээн авдар, ор хөнжил, цагаан бүрээс усанд хөвж байна. Төв хорооны худалдаа эрхэлсэн Цагаан Дорж гэж хэлтсийн дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч Гомбожав гуай, Гадаад худалдааны яамны Очир, Худалдаа бэлтгэлийн сайд Доржготов, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч Рагчаа гуай аваргууд ирчихсэн байна. Хүзүү цээжээр татсан их усан дотор би долоо хоног байсан. Гурил чинь бараг нордоггүй юм билээ. Харин шар будаа, цагаан будаа, элсэн чихэр холилдохоор бараашиг болчихдог юм билээ. Аль складанд ямар бараа байгаа, гадаа хаана хаана ямар бараа хураалттай байгааг надаас өөр нэг бүрчлэн мэдэх хүн байгаагүй. Тэр хүнд цаг мөчид надад өөрийн зурж тэмдэглэсэн кадастрын зураг аминд орсон. Тэрхүү зурган дээр аймаг сум бүрийг тэмдэглэсэн. Улаанбаатараас хичнээн км зайтайг нь, мөн хүн амын тоог нь аймаг, сумдын хооронд км-ийг нь маш нарийн тэмдэглэсэн байсан. Тэрхүү тэмдэглэгээнийхээ хүчинд аймаг сумдууд руу бараагаа ачуулж, гурил будааг нь хүн амынх нь тоонд тааруулж өгч, шатахууныг нь тооцдог байсан. Үерийн дараа мэдээж хамгийн их алдагдалд орсон газар нь манайх байсан. Цэдэнбал дарга ирж байсан, Самбуу гуай ч ирсэн. Гэнэтийн үерт ихээхэн хохирол амссаны дараа би цагдаад баригдлаа. Төв сэргийлэхэд аваачиж өдөржин суулгаад орой болсон хойно сэргийлэхийн дарга “Та буц даа, үл ойлголцол гарсан байна, уучлаарай” гэв. Би бол айгаагүй, ямар хулгай хийчихсэн биш, худлаа хэлчихсэн биш. Би өөрөө санаатайгаар усанд автуулчихсан ч биш. Сүүлд сонсох нь ээ, “тэр хүүхдээр битгий оролд, хамгийн их ажилласан хүүхэд” гэж Бал дарга хэлсэн юм билээ л дээ. “Үерийн усан дотор цэлдгэр нүцгэн хүүхэд л яваад байсан, өөрийн гэр орон гэж юу байна, авгай хүүхэд байна уу” гэж асууж сурсан байдаг. Намайг шоронд хийх биш, бүр байраар шагнасан. Төв бараа баазад цоо шинэ жаран ес машин, ажилчдын автобус өгсөн. Нэг өглөө хотын намын хорооны Алтангэрэл дарга дуудаж уулзаад арваад хүнд байр өгөх тухай албан бичиг гардуулсан. Түүний хамгийн эхэнд миний нэр байсан. Одоо эргээд бодох нь Цэдэнбал дарга хүний ажил хөдөлмөрийг үнэлдэг, ахуй амьдралыг нь мэддэг тийм хүн байж.

-Та бас худалдааны чиглэлээр багшилж, бүр тэнхим байгуулж олон арван шавь бэлтгэн Монголын худалдаа үйлчилгээний салбарт бас нэг түүхийн хуудсыг нээсэн хүн юм?

-Их дэлгүүр ашиглалтад дөнгөж орж байсан үе л дээ. Худалдагч нярав гээд хамаг юм нь зуун задгай, жаран хагархай. Бараа судлалын кабинет байгуулсан. Энэ маань одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль. Яамныхантай ярьж байгаад их дэлгүүрийн дэргэд мэргэжлийн курс нээлээ. Худалдагчийн нярав, нягтлангийн гээд хоёр ч анги бий болголоо. Тэнд багшаар орсон. Ихэнхдээ цагийн багш. Шавь нараас минь хэд хэдэн үйлчилгээний гавьяатууд төрсөн. Худалдааны техникумд бараа судлалын анги гэж байсан. Дандаа онол заана, материаллаг бааз байхгүй. Тэнд чинь Дамдинсүрэн гэж барааны зохион байгуулалт заадаг багш, Онгоодой гэж хүнсний бараа судлал заадаг багш байв. Тэдэнтэйгээ яриад тэнхим байгуулъя гэж үзсэн. Үүний хажуугаар бас зүгээр суулгүй төв бараа бааз дээрээ сургалт зохион байгуулаад, хэвлэх үйлдвэр байгуулж бараа бүтээгдэхүүнийхээ чанар, үүсэл гарал гээд бүхий л зүйлийг тодорхой бичсэн ном хүртэл бий болгож барааныхаа хамт хөдөө рүү явуулж байлаа. Харин ерээд оны дундуур Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд Аялал жуулчлал, зочид буудлын тэнхим байгуулагдахад би сурах бичиг гарын авлагыг нь гадаадаас авчирч байсан. Тус тэнхимийн эрхлэгч Ж.Октябрь багштайгаа хамтарч хичээлийн прокраммыг нь боловсруулж байлаа. Би чинь энэ сургуулийн хүндэт профессор юм.

-Ингэхэд та төв бараа баазыг хэдэн жил удирдсан бэ?

-Төв бараа бааз гэж тэр том вант улсыг би арван жил удирдсан. Тухайн үеийн том сайд дарга нар, аймгуудын дарга нар гээд бүгдтэй танил дотно болчихсон. Гэхдээ элдэв юманд орооцолдоогүй, цэх шулуун шударга явсан. 1972 онд Төв бараа бааз дээр Улсын төлөвлөгөөний комисс, Худалдааны болон Гадаад худалдааны яамнаас иж бүрэн шалгалт хийж, шалгалтын дүнг хэлэлцээд манай удирдлагын багийн ажлыг өндөрт үнэлж, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Ринченпэлжээ гуай намайг төвдөө татан авлаа. Тэнд нэг их удаан ажиллаагүй ээ. Гадаад худалдааны сайд Очир гуай нэгэн өдөр дуудаж, “Разноимпорт нэгдэл”-д орлогч даргаар хэсэгхэн хугацаанд ажиллуулаад Москва хот дахь Худалдааны төлөөлөгчийн газрын орлогч даргаар томилуулан дипломат ажилтан болгов. Төлөөлөгчийн газрын даргаар ажлаа арван хуруу шигээ мэддэг нөмөр нөөлөгтэй Төмөр гуай их түшиг болж байсныг хэлэх нь зөв. Очир гуай, Ринченпэлжээ гуай, Содном гуай гурав “энэ хүүхдийг одоо гадаад худалдаа чиглэлээр нь явуулъя” гээд ярьчихсан байсан юм билээ. Москвад худалдааны төлөөлөгчийн газарт очоод Оросын 15 бүгд нарамдах улсууд, тэдний Монголтой харилцдаг яамдууд, төлөвлөгөөний комисс, хангамжийн газруудтай харилцаа тогтооно. Монголоо ирсэн том захиалгыг тэр улсуудад тараагаад үйлдвэрүүдэд тараана. Гадаад худалдааны нэгдлүүд байна, тэдэнтэй харилцана. Элчин сайдын яамнаас хамгийн их томилолтоор явдаг хүн нь би. Алтайн хязгаараас манайх гурил будаа авна. Тэнд боломжгүй бол Казахстан, Киргиз рүү очно, их сайхан хүлээж авна. Латви, Литва, Эстони гэсэн гурван орон руу жилдээ хоёроос гурван ч удаа явж байсан. Тэндээс их юмнууд авна. Их нарийн, хэцүү улсууд. Эстоноос гэхэд вэф радио, темп1, темп 2 гэсэн зурагт авна. Гозгор шилтэй юм аа ганзагалаад явна даа. Кавказын гурван улс байна. Ялангуяа Гүржээс вино авна, дугуй булантай цайгаа авна. Ган боллоо л гэнэ, өртөг үнэ нь нэмэгдлээ л гэнэ. Зөндөө зовлон гарна. Башкир, Татарын Казань гээд явна. Башкираас гэхэд сонингийн цаас авдаг. Зарим үед тоо хэмжээ зөрнө, ачааны даац хэтэрнэ. Москвад 1987 он хүртэл ажиллаж архаг дипломатч болсон. Ажлаа өгөхдөө ЭСЯ-ны дипломатуудын зөвлөгөөнөөр орж тайлан тавьсан, мөн Төв хороонд бас нэг хувиа үзүүлж тайлангаа тавиад, ашигтай худалдаа хийсэн байна гээд бүгд л магтаад байсан.

-Яриагаа одоо “Баянгол” зочид буудал руу хандуулъя. “Баянгол”ХК-ийг та босгосон байдаг. Ер нь бол таныг “Зочид буудлуудын загалмайлсан эцэг” гэдэг дээ?

-1987 онд “Баянгол”-д ирэхэд дарга, нягтлан байхгүй, эзэнгүй. Энд тэндээсээ ус гоожсон, цахилгаан тасарсан, хүмүүс нь хоорондоо толхилдсон, бие биенээ матсан ийм л айл байсан. “Жуулчин” компанийн харьяанд байсан. Цаг үе тэгж таарсан уу, зах зээл рүү хамгийн түрүүнд орсон газар жуулчны байгууллага. Гадагшаа дотогшоо яваад юм үзчихсэн хүмүүс байдаг. Зах зээлийг сайн мэддэг, хувьчлалыг мэддэг Батсүх, Санж дарга нар нь, Донойн Авирмэд, одоогийн “Нью жуулчин тур”-ын захирал Нэргүй нар орлогч нь байсан. “Жуулчин” компанийн мэдэлд тухайн үед “Улаанбаатар”, “Баянгол” гэсэн хоёр буудал, Тэрэлж, Өмнөговь, Өндөр довын жуулчны баазууд харьяалагдаж байв. Өндөр дов, Өмнөговь хоёрыг “Баянгол”-ын харьяанд шилжүүлж өглөө. Би өөрөө гадагшаа явж гэрээгээ хийж жуулчингаа авна. Үнэ өртгөө өөрөө тогтооно. Ингээд ерэн он гарлаа, байдал улам хүнд боллоо. Баянголоо яаж хөл дээр нь тогтоох уу гэж бодсон. Хувьчлуулах асуудал байна. Тэр айлыг сэргээж байж хувьчилна, тиймийн тулд мөнгө хэрэгтэй болно. Да.Ганболд энэ хэдтэй яриад Засгийн газраас мөнгө зээлэхээр боллоо. Банкнаас валютын зээл авъя гэхээр байдаггүй. Харин Өмч хувьчлалын сангаас валютын зээл авч болно. Өмч хувьчлалын комиссын дарга нь Да.Ганболд байсан. Ерөнхий сайд Бямбасүрэн гуай Да.Ганболд, Дорлигжав гэсэн Шадар сайдтай байсныг манайхан мэднэ. Өмч хувьчлалын нарийн бичиг нь Ё.Гэрэлчулуун байлаа. Нэг сая ам.доллар зээлэхээр болж хоёулаа шөнөжин сууж тогтоол үйлдээд Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болов. Гэтэл хуралдаад салдаггүй. Үүдэнд нь би гурван шөнө сахиж байж сая нэг Бямбасүрэн гуайтай уулзлаа. Ингэж Засгийн газрын өмч хувьчлалын сангаас нэг сая доллар зээлсэн.

-Хүүгүй зээл юм уу?

-Хүүгүй зээл, гурван жилийн дотор валютаар нь төлнө. Банк биш Засгийн газар учир хүүтэй, хүүгүй гэсэн хууль эрх зүйн заалт байгаагүй. Тэр үеийн сая доллар гэдэг маш их мөнгө л дөө. Тэр мөнгөөр Баянголд засвар хийлгэсэн. Хятадын барилгын ерөнхий компани руу шууд очлоо. Тэнд Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Их дэлгүүрийг барьсан Өмнөд Монголын Хишигт гэж нөхөр байсан, түүнтэй уулзаж засварын ажлыг хариуцуулахаар болсон. Бээжингээс мэргэжлийн долоон хүн авчирч архитектурын зургийг нь гаргуулсан. Нэг жил зургаан сарын дотор засварын ажил бүрэн дуусгасан. Тэгж арга хэмжээ дор нь аваагүй бол Баянгол дампуурлын хууль гэдгээр дампуурах, болзлыг хангачихаад байсан. 1990 он гэхэд Монголын хэмжээнд ердөө арваад мянган жуулчин авдаг, мөн ч өрөвдмөөр байлаа шүү дээ. Олон улсын зах зээлд нэвтэрч аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханш, чанар чансааг сайн мэддэгийн хэрэг гаралгүй яахав. 1992 онд Баянголд хамгийн түрүүнд өнгөт телевизэр тавьж байв. Холбооны яамтай ярьж тохироод шилэн кабель татаад, III цахилгаан станцтай яриад дулаан, усны асуудлаа шийдсэн. Хонконгийн зах зээлээс материалаа сонгож Голланд, Герман, Япон руу хүн явуулж сургасан. Тухайлбал, тогоочдыг Герман, Японд, менежерүүд, цахилгаан шатны асуудал болоод инженерүүдийг Бээжинд сургасан. Ингэж хүний нөөцийн асуудлаа бодлогоор бэлтгэсэн. Японы компанитай менежмэнтийн гэрээ байгуулж, тэндээс ирсэн жуулчдыг Баянголд буулгах асуудлыг шийдсэн. Манай ерөнхий менежер малайз авгайтай герман хүн байв. Уул нь япон хүн байсан юм, зөөлдөөд байхаар нь герман хүн авсан. Менежмэнтийг бол олон улсын жишиг, стандартын дагуу л хийсэн. 1993-1998 оны хооронд улсын хэмжээнд хамгийн өндөр татвар төлсөн байгууллагаар “Баянгол” нэрлэгдэж байсан. Зээлсэн нэг сая доллараа хоёр жил болоод л эргүүлж өгсөн байсан. Ерэн долоон он хүртэл би захирал хийсэн юм. Баянголын хөрөнгөөр мөн ч их юм хийсэн. Төмөр замын тэнд таван давхар байшин барьж байлаа, Улаанбаатарын дөрвөн раойнд “Баянгол” нэртэй махны дэлгүүр нээж байлаа. Өвөрхангайн Бат-Өлзийтөд алтны уурхай хүртэл нээлээ. Сүүлд нэг зүйлийг хэлэхэд, 1994 онд Өмч хувьчлалын газраас Хөрөнгийн бирж дээр бэлэн мөнгөний арилжаа гаргах хууль гарсан. Баянголд хөрөнгө хэрэгтэй байсан учир тэнд бүртгүүлээд нэмж хувьцаа гаргахаар Үнэт цаасны хороо Хөрөнгийн биржээр зөвшөөрөл гаргуулаад, баталгаажуулаад дуудлагад оруулаад 80 мянган ширхэг хувьцаа нэг удаа Хөрөнгийн биржээр гарсан юм. Бэлэн мөнгөний анхны арилжаа гэж Хөрөнгийн биржийн түүхэнд бичигдсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *