Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ: Хар тамхи тээвэрлэсэн дипломат дугаартай машин нь хувийнх байсан

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ Монголын хоёр консулын ажилтан хар тамхитай холбогдсон хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ: “2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсаас Турк улс дахь Истанбулын консулын газрын ажилтан Б. Баттүшиг, жолоочийнхоо хамтаар дипломат дугаартай автомашинтай явж байхдаа Герман улсын хилээр нэвтрэх үеэрээ саатуулагдсан. Энэ үед 70 кг геройн буюу мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явж байсан нь тогтоогдсон. Үйлдэл дээрээ саатуулагдсан гэсэн үг. Германы Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Манай улсын Тагнуулын байгууллага энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгч этгээдийг шалгаж байгаа.

2018 оны сүүл, 2019 оны эхээр Европын холбооны улсуудаас дипломат болон албан паспорт, дипломат дугаартай машин ашиглан хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй чигналь авагдаж эхэлсэн. Энэний дагуу хэд хэдэн чиглэлээр шалгах, судалгаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаад Герман улсын хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах үеэр энэ хэрэг гарсан. Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүй байхгүй тул Герман улсын хуулиар шийтгэгдэнэ.

Нарийн үзэх юм бол Дипломат дугаартай машин нь хувийн машин байсан. Хувийнхаа хэрэгцээнд ашиглахад тухайн орондоо хүсэлт тавиад дипломат дугаар авч болдог. Ийм машин ашигласан байж болзошгүй үйлдэл байгаа.

Цааш нь нэлээн сайн судлах шаардлагатай. Ямар учраас дипломат дугаар олгов. Туркт үүрэг гүйцэтгэж байсан хоёр яагаад Герман улсад явж байсан бэ. Их хэмжээний мансууруулах төрлийн бодисыг хэн нийлүүлэв гэдгийг тодруулж шалгах асуудал нэлээн байгаа. Шалгалт явагдаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *