Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтдаа “Мөсөн өргөө”-ний бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнгөрсөн ням гарагт “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны спортын бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцав. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хороонд /“Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд/ баригдаж буй спортын наадмын тосгоны бүтээн байгуулалтууд хуваарийн дагуу үргэлжилж буй бөгөөд энд битүү дээвэртэй мөсөн ордон, усан бассейн, хөлбөмбөгийн талбай барих ажлууд хийгдэж байгаа юм.

Энэ үеэр “Степпе Арена” ХХК-ийн “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” ордны төслийн санаачлагч П.Цагаан “Мөсөн ордны шав тавьснаас хойш бүтээн байгуулалт 41 дэх хоног дээрээ нарийн төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байгаа бөгөөд товлосон цагтаа ордноо нээхээр барилгачид цаг наргүй, аюул осолгүй ажиллаж байна. Ингэхэд төр засгаас шалтгаалах импортын татварыг чөлөөлөх, хүнд сурталтай холбоотой саад бэрхшээл, давагдашгүй зүйл гарахгүй бол бид 14 сар 20 хоногийн дараа бүтээн байгуулалтаа дуусгахаар ажлаа өдрөөр төлөвлөн чармайж байна” гэж хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга спортын бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийж чадаж байгааг онцлон тэмдэглээд эдгээр барилга байгууламжийг бүтээн босгож, ашиглалтад хугацаанд нь оруулахад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх зэргээр тал бүрээр дэмжих хэрэгтэйг хэлсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ийм ажлыг төр, засаг дэмжихгүй юм бол өөр ямар ажлыг дэмжих юм бэ. Эдгээр спортын бүтээн байгуулалтыг барих явцад төр, захиргааны аль ч шатны байгууллага хүнд суртал гаргахгүй байж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, бүх талаар дэмжих хэрэгтэй гэдгийг холбогдох албаныханд анхааруулж байна. Би ирэх долдугаар сардирж, энэ бүтээн байгуулалтын ажлуудтай дахин танилцана” хэмээн онцоллоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар дагалдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *