Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар: Ц.Нямдорж зөнөж, миний хувьд айх, гайхах зэрэгцэж байна

– ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БҮТНЭЭР НЬ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛНА ГЭДЭГ БОЛОМЖГҮЙ –


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэлээ. Хууль зүйн сайд нь ийм зүйл яриад сууж байх нь зөв үү?

-Би өнөөдөр (өчигдөр) чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг яаралтай өөрчлөөч ээ гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Одоогоос жил гаруйн өмнө мэргэжлийн 450 гаруй хуульчид цуглаад Эрүүгийн хууль хэрэгжиж эхлээд зургаан сар болсны дараа ямар доголдол гарсан талаар шүүж ярилцсан. Үүний хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх нь зүйтэй гэсэн 15 зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн юм. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газар, мэргэжлийн яам нь оруулж ирэхгүй байна вэ гэдэг зүйлийг чуулганы хуралдаан дээр ярьсан. Гэтэл Ц.Нямдорж сайд “Чиний амь насанд халдана. Хохь чинь шүү” гэж хэллээ. Миний хувьд айх, гайхах зэрэгцэж байна. Би УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, тэр тусмаа хууль тогтоолын цоорхой, хийдлийг арилгаач ээ гэж хэлэх эрхтэй. Ингэж хэлсний төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн миний амь насанд халдана гэсэнд нэг талаасаа гайхаж байна. Нөгөө талаасаа айдас төрж байна. Мань хүний маш чухал эрх ашиг тэнд нуугдаж байх шиг. Өөртэй нь хамаарал бүхий хүмүүстэй холбоотойгоор хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байна гэсэн хардлага байна. Тиймдээ ч энэ асуудлыг зориуд дарагдуулах сонирхол нуугдаж байна гэж үзэж байна.

-Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхгүй ийн цаг хожиж байгаа нь яг хэнд ашигтай байна вэ?

-Цагаан захтнууд л хожиж байгаа. -Ц.Нямдорж сайд таныг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэсэн. Энэ үнэн үү?

-Ц.Нямдорж сайд “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг чи гаргаж ирж, ийм зохицуулалт хийсэн биз дээ” гэж дайралт, гүтгэлэг хийлээ. С.Бямбацогт гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үед Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг огт хөндөөгүй. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд хөндөөгүй хуулийн зүйл заалтыг ажлын хэсэг байтугай УИХ ч өөрчлөх эрхгүй гэж заасан байдаг. Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Уг төслийн 31.13 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хурал дээр тус байнгын хорооны дарга Ш.раднаасэд санал гаргаж өөрчилсөн. 2017 оны тавдугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн найруулгатай хамт Эрүүгийн хуулийн 1.10 буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг ижилсүүлж, жигдэршүүлсэн. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн тав дахь хэсгийг үндэслэж УИХ автоматаар өөрчилсөн. Эрүүгийн хууль Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн хооронд зөрчил үүсгэхгүйн тулд ингэж өөрчилсөн юм. Би өөрчлөөгүй. Ажлын хэсэг өөрчлөөгүй. Засгийн газраас ч ийм төсөл орж ирээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг Ш.Раднаасэд гишүүн өөрчилсөн. Түүнийгээ дагаад Эрүүгийн хууль өөрчлөгддөг Дэгийн хуулийн заалтын дагуу өөрчлөгдсөн хэрэг. Тиймээс гүжирдэж болохгүй.

Мөн намайг хуульчдын зөвлөгөөн хийгээгүй гэлээ. “Гуйгаад байхаар чинь чамаар Зөрчлийн хуулиар зөвлөгөөн хийлгэсэн” гэж байна. Ц.Нямдорж нэг бол зөнөж, нэг бол гүжирдэж байна. 2018 оны зургадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургууль дээр шүүх, прокурор, мөрдөх, өмгөөлөх байгууллагуудын болон эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй хуульчдын зөвлөгөөн хийсэн. Зөвлөгөөнөөр зөвхөн Эрүүгийн хэрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн. Энэ талаарх мэдээлэл он сартайгаа миний цахим хуудаст бий. Мөн дараа нь 2018 оны дөрөвдүгээр сард 5, 6-ны өдөр Зөрчил, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар зөвлөгөөн хийсэн юм. Энэ хоёр зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Ингэж л цаг хугацаа, баримттай зүйл ярихгүй бол мань хүн хүнийг их гүтгэдэг шүү дээ.

-Ерөнхийлөгчөөс Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүлсэн. Энэ асуудлыг хэдийд авч үзэж, хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулах бол?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирэхгүй жил гаруй дараад байна. Ерөнхийлөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж, бичиг хүргүүлчихсэн байгаа нь үнэн. Гэсэн ч Ц.Нямдорж сайд өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ дээр ердийн болон яаралтай аль нэг горимоор хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг оруулж ирэхгүй байна. Яагаад ийм алхам хийж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.

-Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэх тухай салбарын сайд хэлсэн. Энэ боломжтой юу?

-Ц.Нямдорж сайд Эрүүгийн хуулийг бүхэлд нь өөрчлөхөөр судалж байгаа гэдэг зүйлийг ярьж байна. Манайх шиг Эрүүгийн хуулиа дөрвөн жил тутамд өөрчилдөг улс дэлхийд байхгүй. Миний мэдэхээр 1963 онд Эрүүгийн хууль батлагдсан. Дараа нь 1983, 2002, 2015 онуудад батлагдсан юм. Ийм эрх зүйн боломж, жишиг, практик байдаггүй. Франц гэхэд Эрүүгийн хуульдаа 30 жилийн турш бага, сага өөрчлөлт хийсээр байгаад эрүүгийн эрх зүйдээ реформ хийж чадсан. ОХУ, БНХАУ гээд дурдвал олон улс орон бий. Эрүүгийн хууль тогтоомж гэдэг Үндсэн хуулийн дараа орох суурь зохицуулалт. Тиймээс Ц.Нямдорж сайдын хэлж буй зүйл худал үг. Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулна гэдэг эрх зүйн болоод онолын хувьд боломжгүй. Маргааш, нөгөөдөр, магадгүй энэ УИХ Эрүүгийн хуулийг бүтнээр нь шинэчлэн найруулна гэдэг боломжгүй.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль багагүй маргаан дагуулсаар батлагдсан. Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж магадгүй гэх мэдээлэл байгаа. Энэ тухайд?

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж оруулж ирсэн. Тийм учраас энэ хуулийн талаар сайд нь илүү мэднэ байх. Ер нь бол Захиргааны ерөнхий хууль иргэн, төр хоёрыг тэнцвэржүүлж байгаа хамгийн том зэвсэг. Өнөөдөр төр засгаас гарч байгаа шийдвэр болгоныг Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлээс гаргана гэвэл бид маш том ухралт хийж буй хэрэг юм. Сүүлд Хууль зүйн байнгын хороон дээр томьёолсон томьёоллын хүрээнд үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг тодорхойлох, байгалийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, өмч, хувьчлал, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зөвхөн Засгийн газрын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулиар Захиргааны шүүхийн хяналтаас гаргаж байгаа. Бусад бүх харилцаа Захиргааны ерөнхий хуулийнхаа үйлчлэлд байна гэсэн зохицуулалттай батлагдсан.

-Улсын Их хурлын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Таныг “Гишүүдийг босч зогсож яриулдаг болох хууль санаачлах юм. Үүнээс өөр хийх зүйл алга уу” гэж шүүмжилж байна. Уг хуулийн гол ач холбогдол нь юу юм бэ?

-Гишүүд УИХ-д босохгүй хэвтээгээрээ ч үг хэлж болно. Тэр чухал биш. Дотор агуулгыг нь уншихгүйгээр өөнтөглөж байгаа л хэрэг. Сонгодог парламенттай оронд парламентын гишүүдийн ширээ болгонд микрофон байдаггүй. Улс эх орны амин чухал асуудал хэлэлцэж байгаа учраас баримт, судалгаа, тооцоо, нотолгоотой зүйлийг индэрт очиж ярьдаг байх тухай л юм. Энэ дэвшил рүү явахгүй гэвэл хамаагүй. Зүйл, заалтаа татаад авчихаж болно. Хамгийн гол нь бид хуулийн төслийг бүтэн хэлэлцдэггүй. Зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороо, түүний референтүүд л бэлдээд өгчихдөг. Тэр зарчмын зөрүүтэй саналын хоёр үеийг хэлэлцээд л хууль баталчихдаг. Харин энэ төслийн гол реформ нь өргөн барьсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мэргэжлийн байнгын хороон дээр зүйл заалт бүрээр нь хэлэлцье, асуулт, санал байгаа эсэхийг шигшиж, тунгаах тухай юм. Гишүүд ядаж нэг удаа хуулийн төслөө бүтэн уншиж хууль баталдаг болоосой л гэж үзсэн хэрэг. Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, эрдэмтэн судлаачид шууд санал оруулдаг, үзэл бодлоо илэрхийлдэг болох боломжийг нээж өгөх юм. Холбогдох байнгын хороод тэрхүү саналуудыг нэгтгэж, санал хураадаг болъё гэж байгаа. Хууль тогтоох үйл ажиллагаа мэргэжлийн, тооцоо судалгаанд үндэслэдэг байя, мөн индэрийг популист улс төр хийдэг зэвсэг болгохоо больё, эцсийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал гаргасан тохиолдолд дахин байнгын хороод руу шилжүүлдэг болъё гэсэн зохицуулалтыг тусгаж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *