Categories
мэдээ цаг-үе

Гамшигт өртсөн мандах суманд тусламж үзүүлэв

Зуны эхэн сар гарсан ч Говийн болон Зүүн аймгийн зарим нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон билээ. Тодруулбал, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар энэ сарын 9-15-ны хооронд хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас дарсны улмаас мал цасанд дарагдаж, малчид, тээвэрчид цасанд боогдож, хүний амь нас эрстэх хэмжээнд хүртлээ байгалийн гамшигт үзэгдэл болсон. Энэ үеэр эрдэнэт хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарч, хэдэн арван мянган мал цасанд дарагдаж хорогдсон билээ.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл Дорноговь аймгийн Мандах сумыг ч тойроогүй. Сумын хэмжээнд 6700 гаруй мал цасан шуурганд уруудаж, сураггүй болж, 1700 гаруй мал цасанд дарагдан үхсэн байна. Үлдсэн малыг сумын Онцгой байдлын алба хаагчид, малчид, ард иргэдийн хамтарсан шуурхай ажлын хэсэг гаргаснаар мал цасанд дарагдах аюулаас сэргийлж чаджээ.

Цасанд дарагдаж үхсэн малыг ухаж гаргах, үхсэн малын сэг зэмийг булах, ариутгах ажил одоо ч явагдаж байна. Энэхүү ажилд шаардлагатай техник хэрэгслийн бензин, түлшний нөөц дутагдалтай байгаа гэдгийг тус сумын удирдлагууд хэлж байсан юм.

Үүнтэй холбоотойгоор “Монголын Алт” (МАК) компанийн зүгээс байгалийн гамшигт өртсөн Дорноговь аймгийн Мандах суманд шаардлагатай байгаа 10 сая төгрөгийн бензин түлшний тусламжийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хандивлаж, хандивыг Мандах сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батсугирт гардуулан өглөө.

Олон Нийттэй харилцах Алба

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *