Categories
мэдээ цаг-үе

А.Баяржаргал: Дэлхийд ховордсон цоохор ирвэс хамгийн олон байгаа голомт нутгийг хамгаалахаас аргагүй

Байгаль орчны “Нобель” гэгддэг олон улсын “Голдман” шагналын эзнээр Ази тивээс монгол эмэгтэй тодорсон билээ. 200 мянган ам.долларын шагналын сантай тус шагналыг Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргал дэлхийд ховордсон цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалсан үйлсээрээ хүртсэн юм. Түүнтэй ярилцлаа.


-Дэлхийн ногоон “Нобель” гэгддэг хүндтэй шагналыг монгол эмэгтэй хүртлээ. Уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?

-Баярлалаа. Олон улсын нэр хүндтэй шагналыг Монгол Улсаа төлөөлж авсандаа сэтгэл өндөр байна. Юуны түрүүнд Монгол орны байгаль орчны асуудал, нэн ховор, зэрлэг амьтанд тулгардаг бэрхшээл, байгаль хамгааллын ач холбогдлыг дэлхий нийтийн түвшинд гаргаснаараа энэ шагналын ач холбогдол оршиж байгаа болов уу.

-Тив бүрээс нэг хүн энэ шагналыг авсан гэв үү?

-“Голдман” байгаль орчны сангийн 30 жилийн ой энэ шагнал гардуулах үетэй давхацсанаараа онцлог байлаа. Энэ хугацаанд тус шагналыг 180 гаруй хүн зургаан тивээс авчээ. Жилд дунджаар 100 орчим санал ирүүлж, номинацид дэвшиж орж ирдгээс шигшигдсээр байгаад тив бүрээс нэг хүнийг шалгаруулдаг юм байна. Шүүгч нар нь “Голдмен”-ы гэр бүлийн гишүүдээс гадна олон улсын байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан шинжлэх ухааны ажилтнууд, эрдэмтэн судлаачид, нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн баг ажилладаг. Энэ жил надтай нийлээд зургаан хүн шалгарсан байсан. АНУ-ын Вашингтон мужийн Linda Garcia тухайн орон нутагт нь төлөвлөгдөөд байсан газрын тосны зөөвөрлөх терминал баригдах төслийг зогсоож байгаль орчинд үнэтэй хувь нэмэр оруулсан, Европ тивээс Мacedonia улсын иргэн Ana ColovicLesoska хэмээх биологич эмэгтэй дэлхий дээр цөөхөн үлдээд байгаа Балканы шилүүсний амьдрах орчинд усан цахилгаан станц барих төслийг зогсоож хамгаалсан амжилтаар, Чили улсаас нутгийнхаа гол нуурыг уул уурхайн том төслөөс авч үлдсэн Alberto Curamil гэх мэт түүхтэй хүмүүс шагналыг хүртсэн.

“Голдман”-ы эздэд ямар шалгуур тавьдаг юм бэ?

-Шагналд нэр дэвшиж байгаагаа мэдэх боломжгүй. Би шалгарсныхаа дараа л мэдсэн. Манай байгууллага АНУ-ын Олон улсын ирвэс хамгаалах сан, Их Британийн “Девид Шейфердийн Зэрлэг амьтан хамгаалах сан”-аас нэр дэвшүүлснийг сүүлд мэдсэн. Энэ байгууллагууд сүүлийн 7-8 жилийн хугацаанд дахин дахин нэрийг минь дэвшүүлж байж шалгарсан байсан. Тэгэхээр Ирвэс хамгаалах сангийн зөвхөн Тост, Тосон бумбын нуруунд хийсэн ажлаар биш, олон жилийн турш зэрлэг амьтан хүн хоорондын зөрчлийг бууруулах, хууль бус ан, зэрлэг амьтны идэш тэжээлд тулгарч байгаа асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байсан олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Хамгийн сүүлийн жишээ бол Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авч чадсан тохиолдол.

-“Голдман” шагналтан болсноор та болон Монгол Улс ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээх үү. Үнэ цэнийг нь хэрхэн хардаг юм бол?

– Монгол орны байгаль хамгааллын асуудлыг дэлхийн тавцанд гаргаж тавьснаараа чухал ач холбогдолтой. Мөн олон улсын хэмжээний хөрөнгө санхүүжилтийг байгаль хамгаалах ажилд татах боломжтой болж байна. Энэхүү шагналын нэр нөлөөгөөр бидний байгаль хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа өргөжинө. Энэ маань эргээд Монгол орны байгаль орчны хамгаалал, хөгжилд үнэтэй хувь нэмэр болно гэж найдаж байна.

-Тост, Тосон бумбын нурууг амьтан судлаачид ирвэсний амьдрах таатай орчин гэж онцолдог. Ер нь энэ бүс нутгийг хамгаалах нь бидэнд ямар ач холбогдолтойг ярьж өгөөч?

-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Тост, Тосон бумбын нуруу гэж говийн уулсын сүүл хэсэгт оршдог уулс бий. Тэнд бид 2009 оноос цоохор ирвэсний урт хугацааны цогц судалгааг эхлүүлсэн юм. Цоохор ирвэс нь одоог хүртэл дэлхий нийтээр маш бага судлагдсан. Байгалийн эрс тэс уур амьсгалд, өндөр уулсын бүсэд нуугдмал амьдардаг энэхүү амтныг судлахад маш их бэрхшээлтэй л дээ. Бид судалгааныхаа үр дүнд Тост, Тосон бумбын нуруу бол дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний тоо толгойн нягтшилаараа хамгийн өндөрт тооцогддог экосистем болохыг олж мэдсэн.

Тост, Тосон бумбын нуруу говийн эмзэг экосистемийн нэг хэсэг. Цоохор ирвэс байх ёстой газраа байна гэдэг экосистемийн тэнцвэртэй байдал тэнд бий гэсэн үг. Нэг үгээр цоохор ирвэс байгалийн тэнцвэртэй байдлыг харуулдаг индикатор амьтан. Монгол орон цоохор ирвэсний тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт ордог. Энэ утгаараа бид дэлхийд ховордсон цоохор ирвэсний тоо толгойгоор өндөр байгаа голомт нутгийг хамгаалахаас аргагүй. Говь нутгийн цоохор ирвэс бол Монгол Улсын нийт цоохор ирвэсний 20-25 хувийг эзэлдэг. Түүнээс Тост, Тосон бумбын нуруунд 20 гаруй цоохор ирвэс байгалийн идэш тэжээлээр бүрэн хангагдсан, эрүүл популяцитай, цааш өсөн үржих бүрэн боломжтой таатай нөхцөлд амьдарч байгаа юм. Мөн энэ бүс нутагт Монгол орны улаан номд бүртгэлтэй янгир, аргаль, нүүдлийн болон суурьшмал шувууны олон төрөл зүйл бий. Нэмж хэлэхэд Тост, Тосон бумбын нуруу Говийн их дархан газар, Говь Гурвансайханы тусгай хамгаалалттай газрын дунд байрласнаараа бусад зэрлэг амьтдын коридор нутаг болж өгдгөөрөө бас онцлог.

-Монгол орон ирвэсийн тоогоор дэлхийд хоёрт ордог гэж байна. Энэ утгаараа манайд хийж байгаа судалгаа, ирвэсийг хамгаалах бодлого зэрэг нь олон улсад сонирхолтой болов уу?

-Мэдээж. Дэлхийн хэмжээнд 4500-6000 орчим цоохор ирвэс бий гэсэн тойм бий. Азийн 12 оронд тархсан. Дэлхий нийт өнөөдөр ч гэсэн ирвэсээ сайн судлаагүй. Тиймээс тэд манай Тост, Тосон бумбын нуруунд хийгдэж байгаа олон улсын хэмжээний судалгааг анхааралтай ажиглаж байна. Энэ судалгаанаас бусад ирвэс бүхий орнууд туршлага судалж байна. Өмнө нь бид цоохор ирвэсний судалгааг богино хугацаанд хийдэг байсан л даа. Ирвэс байгаль дээр 15-16 жил амьдардаг. Тиймээс амьдралынх нь туршид судлаад үзье гэсэн төлөвлөгөөтэйгөөр энэ урт хугацааны судалгааг эхлүүлсэн. Одоо 10 жил болчихлоо, судалгаа цаашид ч үргэлжилнэ.

-Хэрэв ирвэсний тоо толгой цөөрвөл экосистемд ямар нөлөө үзүүлэх вэ. Та бүхэн урт хугацааны судалгаа хийж байгаа гэсэн. Ямар үр дүн харагдах юм?

-Ирвэс судлахад хэцүү учраас судлаачид дэлхий нийтээр таамаг тоо гаргаж ирдэг. Монголд Алтайн уулсын баруун талаар, хангайн уулсаар сүлжээд тооллого хийх хүчин чадал өнөөдөр байхгүй. Монголд цоохор ирвэс 1000-1200 орчим бий гэсэн таамаг тоо байдаг. Түүний 20 гаруй нь Тост, Тосон бумбын нуруунд байна. Ялангуяа тэнд хамгийн эрүүл популяцитай байгаа нь олзуурхууштай. Дэлхийд ховор цоохор ирвэсний тоо толгой цөөрвөл мэдээж экосистем алдагдана.

Өнгөрсөн 10 жилийн судалгаагаар нийгмийн хөгжил, эдийн засгийн байдлаас шалтгаалж цоохор ирвэст учирч байгаа бэрхшээлүүд шинэ тутамд гарч байгаа нь ажиглагдсан. Судалгааны хөтөлбөр ирвэсийг зөвхөн амьтдынх нь түвшинд бус экосистемийнх нь хэмжээнд судалдаг учраас нийгэм, цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа зэрэг өргөн хүрээг хамардаг. Сүүлийн үед Монгол гэлтгүй дэлхий нийтээр цоохор ирвэсний амьдрах орчинд хүний үйл ажиллагаа сөрөг нөлөөлөл ихээр үзүүлж байгаа юм. Ялангуяа нүүдлийн нутаг нь малчдын бэлчээр нутагтай давхацдаг учраас нутгийн иргэдэд амьтантай хэрхэн яаж, зохицож амьдрах аргыг зааж өгөх нь хамгийн чухал болоод байна.

-Одоо гараад байгаа мэдээллээр бол Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн үйл ажиллагаа эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани ажиллаж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Орон нутагт юу болоод байна вэ?

-2016 онд биднийг энэ асуудлыг шийдүүлэх гэж явж байхад анх 800 мянга гаруй га газрыг тусгай хамгаалалтад авах санал оруулсан. Засгийн газар шийдэхдээ 754 мянган га болгож батлан хил хязгаарыг тогтоосон байдаг. Энэ маань одоо Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын ангилал бүхий улсын тусгай хамгаалалттай газар шүү дээ. Энэхүү хамгаалалттай газар одоо ямар ч уул уурхайн лиценц байхгүй. Харин гадна талд нь ашиглалтын лиценз бүхий уурхайнууд ажиллаж байгаа. Гурвантэс сум уул уурхай нэлээд хөгжсөн газар. УИх-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Саусгоби коал транс” компани Тост, Тосон бумбын нурууны нөөц газрын гадна талд нь үйл ажиллагаагаа явуулж байгаа байх. Нутгийн иргэдийн амьжиргаа болон говийн экосистемд яах аргагүй чухал газар нутаг. Хөвд Хуршуутын гол нь говийн цөөн баян бүрдүүд бүхий хүнсний ногоо тарьдаг газар л даа. Хөвд Хуршуутын гол бүхий энэ хэсэг анх тусгай хамгаалалттай газар болгох саналд ороод явж байсан боловч харамсалтай нь батлагдахдаа гадна талд үлдсэн. Тиймээс нутгийн иргэд энэ асуудлаа дахин сөхөж хөөцөлдсөөр байгаа юм.

-Та Ирвэс хамгаалах сантай хэзээ, хэрхэн холбогдож байв. Таны үндсэн мэргэжил байгаль хамгаалагч уу?

-Би багш мэргэжилтэй. 1996 онд зуныхаа амралтаар АНУ-аас Говь-Алтай аймагт судалгаа хийж байсан доктор Том Мкартид орчуулга хийсэн нь цоохор ирвэс хамгаалах ажилтай холбож өгсөн л дөө. Энэ үед л би цоохор ирвэс гэж ямар амьтан байдаг, түүнд тулгардаг бэрхшээлийн талаар ойлголттой болсон. Тэр ажлын явцад ирвэсэнд бариулсан малын хохирлыг малчдад хэрхэн төлж болох хөтөлбөр эхлүүлж, багшийнхаа ажлыг орхисон доо. Бид анх “Монголын ирвэс хамгаалах төв” дээр үйл ажиллагаагаа явуулж 2007 онд “Ирвэс хамгаалах сан” ТББ-ыг байгуулсан түүхтэй. Миний хувьд 20 гаруй жил цоохор ирвэсийг хамгаалах ажлыг хийж байна даа.

-“Голдман” шагналыг манай улсаас өмнө нь Онги гол хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр хүртэж байсан. “Голдман” хүртсэн хоёр дахь хүн нь та боллоо?

-Аливаа үйл ажиллагаа амжилтанд хүрнэ гэдэг өөр, өөрийн арга замтай. Миний хувьд хуулийнх нь хүрээнд нутгийн иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж олон талуудын анхаарал хүчийг энэ зорилгын төлөө нэгтгэе гэдэг бодлогыг баримталж хамт олноо удирдан ажилласан. Цаг хугацаа их шаардсан ч бас ч бэрхшээл бүхий ажил байсан. Гэсэн ч олон байгууллага хүмүүсийн оролцоо хүч хөдөлмөрөөр бид Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтанд авсан.

-“Голдман” шагнал шагналын сан өндөртэй. Та шагналынхаа мөнгийг хэрхэн зарцуулахаар төлөвлөсөн бэ. Манай уншигчдад сонирхолтой болов уу?

-Миний хувьд Ирвэс хамгаалах сангийнхаа үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ. Жишээ нь Тост, Тосон бумбын нуруу бол цоо шинэ тусгай хамгаалалттай газар. Дараагийн 10 жилд орон нутгийн удирдлага иргэдийн оролцоо бүхий үйл ажиллагаа нь жигдэрсэн тусгай хамгаалалттай газар болгохын төлөө ажиллана. Мэдээж хэрэг байгаль орчны байгууллага, ялангугяа Монголд жижиг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Тэгэхээр бидний ажлыг дэмжиж өгсөн мөнгөн шагналыг цаашдаа байгаль орчин, цоохор ирвэс хамгаалах ажилд зарцуулна.

Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Байгаль эх дэлхийтэйгээ хүйн холбоотой, ахуй амьдралаа авч ирсэн. Гэвч орчин үед бид хэт их хотжих хандлагатай болж байна. Тэр утгаараа байгаль орчноосоо хөндийрч байгаль хамгаалах уламжлалт аргаа гээж байна. Энэ талын мэдээлэл маш бага байна. Жишээ нь цоохор ирвэс, аргаль, янгирын тухай танин мэдэхүйн мэдээллийг олон нийтэд маш их хүргэх хэрэгтэй байна. Ирээдүй хойчдоо цоохор ирвэс гэх байгалийн нандин өвийг үлдээх нь бидний үүрэг юм даа.

Төгсгөлд нь хэлэхэд энэ шагналыг очиж гардаж авсан хүн нь би болохоос энэ бол манай байгууллага болох Ирвэс хамгаалах сангийнхны ажлын үр дүн.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *