Categories
мэдээ нийгэм

Б.Сувд: “Улаанбаатар номын баяр”-ын хүндэт зочид нь хүүхэд, залуус


“Улаанбаатар номын баяр” Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна. Тус үйл ажиллагааг санаачлагч, зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдтай цөөн хором ярилцлаа.


-“Улаанбаатар номын баяр”-ын энэ удаагийн арга хэмжээ ямар онцлогтой болох вэ?

-“Улаанбаатар номын баяр” хавар, намрын улиралд болдог.Энэ удаагийн баярын онцлог бол гурван өдөр үргэлжлэхээс гадна зочин орон ОХУ байна. Соёлын үйл ажиллагаа өрнөнө. Бид номын баярыг угтаад Дэлхийн номын зохиогчийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ноос хойш олон арга хэмжээ зохион байгуулсан. Ялангуяа хүүхдийн ном зохиолын бүтээлийн чанарыг сайжруулж, шинэ инновацийг бий болгоход гол анхаарлаа хандуулж байгаа.Баярын маань хамгийн хүндтэй зочид бол хүүхэд, залуус. Бидний уриа бол “Хүүхэд Монголын ирээдүй”. Өөрөөр хэлбэл, бид зохиолч, уран бүтээлчидтэйгээ хамтран ирээдүйн уншигчид руугаа харсан үйл ажиллагааг санаачилж хийх ёстой. Номын баяр өнөөдөр эхэлж, маргааш, нөгөөдөр үргэлжилнэ.

-Баярын гол зочид хүүхэд, залуус гэлээ. Тэдэнд зориулсан хөтөлбөрүүдээс дурдаач?

-“Номын аялалд гарцгаая” хөтөлбөр байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангийн сурагчид оролцоно. Яг ном уншдаг насны хүүхдүүдээ бид хүндэт зочноор сонгож, номтой гарын бэлэг тараана. Өнөөдөр 11:00 цагаас “Алтан залаат тахиа” хүүхдийн жүжигтэй. Талбай дээр ирсэн хүүхдүүд жүжгээ үзээд зохиолчидтой уулзаад номоо аваад, гарын бэлэгтэй буцна. Мөн нийгэмд өөрийн гэсэн үзэл бодлоороо байр сууриа эзэлсэн залуус манай үйл ажиллагаанд нэгдэж байна. “Ид шидийн орон” төслийг санаачлагч Ч.Ганжавхлан өөрийнхөө ном бүтээлийг уншигчдад хүргэхээс гадна хоёр дахь төсөлд нь номын хандив цуглуулж эхэлнэ. Түүнээс гадна аялагч Амайгийн гурав дахь ном хэвлэгдэж байгаа. Үүнд зориулж бид “Номын шувуу” хийж үзүүлэх гэж байна. Мэдээж ахмад болон хүүхдийн зохиолчид манай арга хэмжээнд оролцоно.

-Номын хямдралтай худалдаа явагдах уу?

-Мэдээж. Иргэдийн хамгийн дуртай хэсэг болох номын хямдралтай худалдаа явагдана. Баярын өдрүүдэд ном сонирхогчид маань кофе цайгаа уугаад, хүүхдүүдтэй тоглож, дуртай зохиолчдынхоо ном бүтээлийг худалдан авах боломжтой. Оролцогчид номоо 10-аас дээш 50, 70 хүртэлх хувиар хямдруулдаг. Гол нь зохиогч өөрөөс нь гарын үсэгтэй номыг хямдралтайгаар худалдаж авах нь. Энэ бол маш үнэ цэнэтэй арга хэмжээ болдог.

-Хүүхдийн ном зохиолын агуулга муу байгааг мэргэжлийн хүмүүс шүүмжилдэг. Үүнд та бүхэн хэрхэн анхаарч байна вэ?

-Бидний хүүхэд рүү хандаж байгаа хөтөлбөр ерөөсөө энэ юм. Хүүхдийг бид ном унш гээд шахаад байдаг ч сургууль цэцэрлэг нь номгүй. Байгаа нь чанаргүй, агуулга муутай. Хүүхдүүдэд ямар номыг сонгож уншуулах талаар аргачлал алга. Тиймээс эцэг эхчүүд, номын санчид, сургууль цэцэрлэгийн багш нарт номыг сонгох тухай сургалт семинар зохион байгуулж, хүүхдийн насны ангилалд зориулсан номын талаар цуврал шторкийг олон нийтэд хүргэсэн.

Бидний үйл ажиллагаа жил бүр зохион байгуулагдаж, энэ асуудалд дэвшил гартал явсаар байх болно. Хүүхдийн номыг хамтын бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бүтээдэг. Энэ чиглэл рүү түншлэлийн үйл ажиллагааг хийж өгнө.

-Хүүхдээ номын баярт оролцуулахыг хүссэн эцэг эхчүүд аль өдөр нь очвол болох вэ?

-Аль ч өдөр нээлттэй. Боломжтой өдрөө хүүхэдтэйгээ хүрэлцэн ирж сонирхсон номоо худалдан авч, хүүхдийн зохиолчидтой уулзаарай.

Ер нь хүүхэд 1-6 настайдаа ном унших хэвшил тогтож, номонд дуртай болдог. Номонд дурласан хүүхэд хичээл сургуульдаа сайн, сурах арга барилаа олчихдог. Энэ насанд нь гэр бүлийнхэн нь анхаарах ёстой. Хоёрт нь арга зүй, гарын авлагаар хангаж байгаа төрийн байгууллага үүнд анхаармаар байна. Агаарын олон хөтөлбөрээс илүү газар дээр бууж гүн рүү орж ирээсэй гэж хүсч байна. Ер нь цаашид манай төр засаг номын бодлогоо эргэж харах болсон. 1930 оноос хойш номын бодлоготой болсон хэдий ч сүүлийн 20 жил тэр бодлого маань байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *