Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Д.Нацагдоржийн шагналт эрдэмтэн зохиолч, Ж.Цэвээний шагналт сэтгүүлч, орчуулагч, их, дээд сургуулиудад дөчин жил багшилсан Сономын Лочинтой хөөрөлдлөө.
-“Монголын эртний уран зохиол. Эрт цагаас ХХ зуун хүртэл” хэмээх томоохон бүтээлийнхээ өмнөтгөлд та “Элдэв гуншингаа тоочилгүйгээр Сономын Лочин гэгч би бээр тэрлэв” гэж бичсэн байсан. Гуншингаа чамлаад бүх цол зэргээ бичээгүй юм уу?
-Тийм нүгэлээс бурхан намайг хэлтрүүлэх биз ээ. Би П.Очирбатыг Ерөнхийлөгч байх үед “Үнэн” сонинд П.Очирбатад хандан “Паалантай төмөр, жонхуутай хавтас хоёрт хууртдаг үе өнгөрсөн” гээд бүтэн нүүр бичиж байсан хүн шүү дээ. Тэр өгүүлэлдээ би “1991 оны “Ардчилал” сониныг сөхөөд үзээрэй. ”Паалантай төмрийн” талаар 1991 оноос бүр урьд 1970-аад оны үеэс ярьдаг байсан…” гээд л шагналын тухай шалдан үнэнийг хэлсэн байгаа даа. Тэгэхлээр би шагнал гэдэгт тэртээ 1970-аад оноос хууртахаа больсон хүн байгаа биз. Элдэв хүний толгойтой, толгойгүй төмөр зүүж байснаас тэр цагт ховор олдоцтой байсан хоолны халуун саваар шагнадаг нь хүндээ илүү хэрэгцээтэй байсан гээд жишээлсэн байгаа даа. Би оросуудын хэлдгээр “дают бери, бьют беги” гэдэг үгийг л дагадаг хүн. Шагналын төлөө хуруугаа ч хөдөлгөж байсангүй. Би өөрийнхөө хөдөлмөрөөр 1981 онд дэд эрдэмтний, 1999 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ бол шагнал биш, эрдмийн зэрэг. Хэн нэгэн зарлиг гаргаж өгөөгүй. Миний эрдмийн ажлын удирдагч нь Л.Түдэв багш байсан. Тэр хүн л намайг эрдмийн ажилд чиглүүлж, зааж сургадаг байлаа. Эрдмийн зэргийг нь хамгаалсан тул 2001 онд дэд профессор, 2003 онд профессор цол хүртэж байв. Татгалзаж байгаагүй шагналын тухайд гэвэл, Ц.Элбэгдорж шиг ганзагалж яваад тариан талбай дээр тараадаггүй байсан цагт буюу 1990 онд “Алтан гадас” одонгоор, 2006 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнуулсан. Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн медалиуд бий. “Хэвлэлийн тэргүүний ажилтан”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг бас бий.
-Уран зохиол, сэтгүүл зүй, шинжлэх ухаан, орчуулга, ном хэвлэл, сурган хүмүүжүүлэх гээд олон салбарт юм юм л хийсэн хүн гэдгийг чинь олон түмэн мэднэ. Бага наснаасаа уран зохиолч болно гэсэн бодолтой байв уу?
-Зохиолчийн авьяасын бяцхан илрэл сургуульд орох үед л байсан шиг бололтой. Нэгдүгээр ангид орчихсон байхдаа нэг удаа оройжингоо нэг юм зураад, түүнийгээ урж хаячихаад дахин дахин зураад байхлаар ээж минь “Миний хүү юу зураад байгаа юм” гэж асуухад нь “Багш гэдэг тэр гошийсон улаан дээлтэй юм чинь хүн зураад ир гэсэн, зурж чадахгүй юм” хэмээн хариулж байсан гэж ээж минь хожим ярьдаг байж билээ. Нэгдүгээр ангийн хүүхэд байхдаа багшийгаа “гошийсон улаан дээлтэй юм чинь“ гэж “тодорхойлж” байсан минь зохиолчийн ямар нэг өчүүхэн юм байсныг харуулж буй мэт бодогддог.
-Уран зохиолд хөтөлж оруулсан багш хэн байна?
-Надад олон багш бий. Намайг уран зохиолд хөтөлж оруулсан Л.Түдэв багшаа хамгийн түрүүнд нэрлэнэ. Араас нь залгаад тоочвол Сормууниршийн Дашдооров, Лхамсүрэнгийн Чойжилсүрэн, Санжмятавын (Шанжмятавын)Гаадамба, Цэвэгжавын Хасбаатар гээд олон багштай. Би гэгч амьтан өөрөөрөө жишээлэн “Муу хүний багш олон. Муу билүүний баас их” гэсэн үг хэлдэг юм. Товчдоо бол “суу залиар сулхан, сурсан эрдмээр дульхан” гэж алдарт “Буурал ээж” шүлэгтээ олон жилийн өмнө Цэндийн Дамдинсүрэн багшийн бичсэн үгээр өөрийгөө тодорхойлно. МУИС-д Гаадамба, Т.Дүгэрсүрэн, О.Жамбаажамц, Ц.Хасбаатар, Ж.Лувсандорж, ардын багш Дагвын Чойжилсүрэн, сүүлд Гандангийн хамба болсон Хархүүгийн Гаадан, Монголдоо л найруулга зүйгээр толгой цохидог Цэгмэдийн Сүхбаатар гээд олон алдартны үгийг сонсож, шалгалт өгч байсан болохоор тэднийгээ “багш” гэж чин сэтгэлээсээ хүндэтгэж явдаг. Би оюутан ахуйдаа М.Гаадамба багшийг олон залууст уран зохиолын нь анхны хайр болсон хүн гэж хэлдэг байсан юм. Т.Галсан, Л.Лувсандорж нарт хэлдэг л байлаа.
-Хэн хэн нь сайхан яруу найрагчид даа. Тэдэнтэй үерхэж нөхөрлөж байв уу?
-Хэн хэнийг нь гадарлахаар барах уу, нэгэн үе дотно гэж болохоор ойр явлаа. Лувсандорж маань Анагаахын дундыг төгсөөд Баянхонгорт хүний бага эмчээр ажиллаж байхдаа Галсангийн өөрийн нь үгээр хэлбэл “тэмээчин” байхад нь мань хоёр танилцсан юм билээ. Жараад оны сүүлчээр Галсан эхнэр Найгалмаагаа нутагтаа түр үлдээчихээд ганц биеэр ирж амьдарч байсан юм. Тэр ганц байшинг нь “Майдарын гурван шар” гэдэг сэн. Тэр цагаас л анх Лууяагаар дамжин Галсантай танилцаж, уулзаж учирдаг болсон. Өнөөгийнх шигээ олон алдар гуншингүй, бүүр ажил төрөлгүй шахам байхдаа тэртээ 1970 оны улсын их баяр наадмын урьд өдөр манайд ирээд, машиндсан шүлгийнхээ эх дээр өөрийн гараар нэлээд засвар хийгээд надад дурсган өгч байсан. Хожим нэг түүвэртээ энэ шүлгээ өөр нэгэн зохиолчид зориулав гээд бичсэн харагдана билээ. Тэр хэвлэгдсэн шүлэг, над дээр буй эх дээрх гараар хийсэн засвар хоёрыг харьцуулах гэх мэтээр нарийвчилбал бага ч гэсэн сонин дүгнэлт хийж болмоор санагддаг. Уг шүлэг “Уран үгийн уурхайчин Лочинд” гэсэн зориулал үгтэй. Тэр “Уурхайчин” шүлэгт
“Найзын дээдээсээ салж ядан үдэх шиг
Нарыг би гараараа далланам
Улаахан нараар магнай дээрээ үнсүүлчихээд
Уурхайнхаа гүн рүү би орном.
Эрдэнэт уул, мөрөн дээр минь
Эрх хүү шиг хэвлүүхэн суунам…” гэх мэтчилэн бичээд он, сар, өдөр, гарын үсгээ зурсан байдаг юм. Галсан маань над зориулсан бас нэг оноосон нэргүй шүлгээ өөрийн боловсруулсан хоёр боть “Монгол Жангар” хөлгөн их туульсаа над дурсгахдаа “Оюутан ахуй цагаасаа
Тэмээчинтэй андалсан “эсэргүүн”
Онгод хийморь, бүтээлээр
Тэмдэгтэнтэй эгнэшгүй гавьяатан.
Онол эш хоёрт
Тэргүүлэх зэргийн эрдэмтэн
Оноо алдаа хоёрыг
Эх судлалаар магадлаачин.
Онгироох нь бус энэ бол
Миний нөхөр Лочин” гэсэн байдаг юм. Галсан нэг үе Махкомбинатад нормын ажил хийж байлаа. Тэр цагт Галсангийнхаа авчирсан махыг бас чиг идэж байсан шүү. Галсан сүүлдээ Нацагдоржийн музейд манаач-тайлбарлагчийн ажил хийж байхад нь Лууяа бид хоёр, Ломбын Нямаа зэрэг тав зургаан хүн Нацагдоржийн музейд архидаж байтал шөнийн хоёр цагийн үед гадна машин зогсох чимээ гараад яах ийхийн завдалгүй С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс ороод ирсэн нь тэд Зохиолчдын хорооны ганц “ГАЗ-63” машинаар хөдөө яваад ирсэн хэрэг байв. Үүнээс болоод Галсан маань Зохиолчдын хорооноос халагдаж, Кино үйлдвэрт орсон. Тэр үед Кино үйлдвэрийн дарга байсан Донров гэдэг хүн Галсанг кино үйлдвэрт ажилд авсан нь олон жилийн өмнө МУИС-д хамт ч юм уу, ойролцоо суралцаж байснаас үүдэлтэй юм билээ. Лууяа маань бага эмчийн мэргэжилтэй учир монгол хэл, утга зохиолын ангид түүнийг аваагүй тул стипендгүй, сонсогчоор сууж байв. МУИС-ийг төгсөөд ажилгүй олон сар явсны эцэст, НТХ-ны нарийн бичгийн дарга байсан зохиолч, орчуулагч Дэжидийн Чимиддоржийн удирдлага доор үзэл суртал хариуцсан ерөнхий зөвлөх байсан Ц.Хасбаатар багшид би Лууяаг гуйж байж МОНЦАМЭ-д ажилд оруулж байлаа. Чимиддорж дарга, Хасаа багш хоёр Москвагийн улсын их сургуульд үеийн андууд гэдгийг нэг удаа Хасаа багштай хамт Чимиддорж даргынд очиж дайлуулж байхдаа мэдсэн юм. Лууяа оюутан байхдаа хоёр ч нялх хүүхэдтэй, “Таван зуугийн барак” гэдэг олон байрны нэгэнд амьдардаг байснаас эхлээд миний мэдэх юм цөөнгүй. Лууяаг их сургууль төгссөн хойно эхнэр Цогзолмаа нь төмөр замын худалдааны байгууллагад ажиллаж байгаад их хэмжээний төлбөрт орсон. Манайд нэг сайн өдрийн өглөө Лууяа, С.Дуламыг дагуулж ирээд “Илүүчлэх хэд гурван төгрөг байна уу” гэж гуйхад тэр хоёрыг дагуулж яваад тэр үеийнхээр бол багагүй, хэдэн мянган төгрөг касснаасаа аваад өгч байсныг С.Дулам маань мартаагүй болов уу. Сүүлд Лууяа-гийн том хүү нь том бизнесч болчихоод аавынхаа андуудыг хүлээн авч сүйд майд болж дайлж цайлсан юм гэсэн.
-Ахмад зохиолчидтой хэр дотно байв?
-С.Удвал, П.Лувсанцэрэн, Э.Оюун, Д.Гармаа, Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, Д.Тарва, Ц.Мөнх, Н.Банзрагч, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Ш.Цэен-Ойдов гээд олон зохиолчтой хэл амаа ололцдог, сайхан л харилцаатай байв.Тэд маань насны хэмжил болоод биднээс хальж одож дээ. Ганцхан баримт хэлэхэд одоо ч бүтээж туурвисаар байгаа Данигайн Давааням бид хоёр хөдөө нэг аймагт болсон уран үгсийн чуулганы үеэр С.Удвал даргаас нэг шил архи чемоданаас нь гаргуулаад ууж л явлаа.
-Удвал гуайгаас ч хэр баргийн хүн архи гаргуулж уудаггүй байсан биз?
-Найз нөхдийн маань ихэнх нь энэ нүгэлт ертөнцийг орхиж дээ. Миний унаган багын анд С.Пүрэв Хорлоогийн Сампилдэндэв, Чойжилжавын Билигсайхан, Даржаагийн Өлзийбаяр, МҮЭ-ийн Соёлын ордны даргын албыг олон жил хашсан Бэгзийн Цэрэндаш, сэтгүүлч Бажуудайн Ганбат, Тоомойн Очирхүү гээд цөөнгүй анд нөхөд минь энэ хорвоог орхижээ. Үй зайгүй анд Барын Цэдэв маань амьд байгаа сурагтай. Тэрбээр над олдохоо байлаа. Түндэвийн Юмсүрэнтэйгээ ойрдоо холбоо барьсангүй. С.Пүрэв маань Батмөнхийнхөөс Санжийнд өргөгдсөн хүн. Санжийнх хоёр хүүхэд өргөж авсны нэг нь миний аавын садан хүн байсан учраас С.Пүрэв бид хоёр “сайнаар яривал садан төрөл” гэж хэн хэн нь бичдэг байлаа. Бас ээжийн талаасаа бид холдсон ч гэлээ хамаатан болдог. Өдгөө цагт “найз” гэдэг үг хүчээ авч дээ. Уг нь Тэмүжин, Жамуха хоёр гурван удаа “найз” болоогүй, гурван удаа анд болж байсан юм шүү дээ. Өтөл насандаа хэдэн сайхан залуутай эв зүйгээ олоод явдаг боллоо. Олон талын авьяаст Тугалхүүгийн Баасансүрэн, Магваны Эрдэнэбат, Дашзэвэгийн Лувсандорж, Жамбын Солонго, Санжаажавын Байгалсайхан, Цэндийн Эрдэнэбат, Надмидын Сүхбаатар, Гаадамба багшийн хүү Билгүүдэй, Бямбажавын Хүрэлбаатар, Үржингийн Хүрэлбаатар, Ядамжавын Баатар гээд олон сайхан залуус байна даа.
-Таныг догшин ширүүн зантай гэлцдэг. Хүмүүс хэлэх үү?
-Хэний ч үнэнийг улаан нүүрэн дээр нь бодох санах юмгүйгээр хэлчихээд дорхноо мартчихдаг зантай хүн болохоор тийм тэнүүл яриа тархсан биз. Догширсон цагтаа ч догшин л харагддаг байх. Гэхдээ би үнэнээс хазайхгүйг хичээдэг. Санаанд орж буйгаас гэвэл С.Эрдэнэ бид хоёр нэг удаа сүрхий ам муруйж билээ. С.Эрдэнэ “Утга зохиол” сонины эрхлэгч байхдаа “Монголд роман гэж алга” гэсэн утгатай, монгол романыг бүхэлд нь үгүйсгэсэн нэг том өгүүлэл хэвлүүлэхдээ надаар жишээ авч “С.Лочингийн романууд сэтгэл зүйн хувьд гайгүй үнэмшилтэй явж байснаа ажил хэргийн талаар бичихдээ модон үгээр тоочоод эхлэх юм, авах юм алга” гэсэн утгатай зүйл оруулсан байна. Нэг өдөр Хэвлэлийн нэгдсэн редакци буюу манай ажил дээр Х.Зандраабайдий, З.Сандагаа нарын хамт ямар нэг номын шагнал авахаар ирсэн байхад нь би тааралдаад “Эрдэнэ, чи роман бичнэ гэж юу байдгийг мэдэхгүй байж монгол романыг үгүйсгээд байхдаа яадаг юм. Чи хорин банзал өгүүллэг л бичээ биз дээ” гэж хэлсний минь гэрч Х.Зандраабайдий байна. Тэр үед С.Эрдэнэ “Амьдралын тойрог”, “Занабазар”, “Хойт насандаа учирна” гэдэг гурван романаа бичээгүй байсан цаг.
-Хүүхэд байхдаа номонд ч ёстой донтож өссөн биз?
-Аймгийн номын сангийн эрхлэгч номын санд нь надаас өөр ном уншиж буй хүн байхгүй болохоор намайг гаднаас цоожилчихоод ажлаа амжуулахаар явчихдаг байсан тухай манай Пүрэв, Юмсүрэн, Самдангийн Норов нарын хүн бичсэн шүү. Есдүгээр ангид байхад Л.Түдэв багш сургуулиа төгсөж ирснээр уран зохиолын амтанд орсон доо. Тү багш тэр үед монголоор орчуулаагүй байсан номыг харж байгаад шууд орчуулан бидэнд ярьж өгдөг байж билээ. Жишээлэхэд “Том Сойрын адал явдал” гэдэг номыг ярьдаг байсныг нь одоо ч санасаар байдгийн учир нь Тү багш зохиолын үйл явдлыг ой тойнд шингэтэл цэгцтэй сайхан ярьдаг байсных буй заа гэж боддог юм даа.
-Сүүлийн үед ямар бүтээл шинээр туурвив?
-“Монголын эртний уран зохиол” гэж дөч давсан хэвлэлийн хуудас номоо сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр энэ оны эхээр хэвлүүллээ.
-Ц.Дамдинсүрэнгийн “Монголын уран зохиолын тойм”, академич Д.Цэрэнсодномын “Монголын уран зохиол” номуудаас ялгарах онцлог нь юу бол?
-Аугаа их Да багшийн ном 1957 онд, академич, төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Далантайн Цэрэнсодномын ном 1987 онд гарсан юм. Би тэр аваргасын бүтээлд тулгуурлаж тэдний номыг дагасан л даа. Гэхдээ өөрийн гэсэн үзэл бодол, байр сууриа гаргахыг оролдсон. Нэг юмыг онцлоход бүхий л түүх, түүний дотор уран зохиолын түүх гэдэг өөрчилж болдоггүй зүйл. Тиймээс дээрхи хоёр аваргын номд буйг давтсан зүйл байгаа нь ойлгомжтой биз.
-Та уран зохиолын ямар бүтээлүүд туурвилаа. Энэ талаар манай залуу үеийн уншигчид бүрэг бараг ойлголттой байж магадгүй учир асууж байгаа юм л даа?
-Монголын уран зохиолд цагаан сэтгэл өвөртлөн орж ирснийг минь миний анхны роман “Сэтгэлийн өнгө-цагаан” батална. Хэвлэгдэхдээ “Сэтгэлийн өнгө” нэртэй болчихсон юм. Би ч “цаасны дайсан” хүн шүү дээ. Арван роман, нэлээд хэдэн тууж, хэдэн арван өгүүллэг бичиж. Найман роман минь соц нийгмийн үед хэвлэгдсэн байдаг. Тэр үедээ гадаадын хэдэн улсад ч орчуулагдаж байсан. Кино зохиол ч бичсэн. Орчуулга ч хийж байлаа.
-Өөрийн чинь зохиолоор хийсэн “Эргэж бодох бодол” киног мэдэх юм. Романуудыг чинь хэлбэрийн хувьд шинийг эрэлхийлсэн гэж судлаачид онцолсон байдаг даа?
-“Сэтгэлийн өнгө”, “Хувь заяаны эрэл”, “Үргэлжлэлтэй долоон өдөр буюу Хоёрын өчил”, “Сүйрэл”, “Насны зам”, “Замын бартаа”, “Сарны гэрэл”, “Хилэнцэт амьдрал”, “Гал голомт”, “Нүглийн далайд зугаацаар одсон минь буюу тайлал эгээрээгүй таавар” гэсэн нэртэй юмс бий дээ. Шинэсээд ч байх юу байх вэ дээ. Дэлхийн уран зохиолд эл дол болчихсон зүйлс. “Сэтгэлийн өнгө”, “Насны зам”, “Үргэлжлэлтэй долоон өдөр”-ийг тухайн үеийн хэд хэдэн судлаач, шүүмжлэгч шинэ уран зохиолын романы төрөл зүйлийн хувьд сэтгэл зүйн роман болсон гэж бичсэн байдаг. ЗХУ-ын зарим судлаачид ч мөн тэгж үзсэн. “Сүйрэл” памфлет маань багагүй хэл ам дагуулсан. “Аасшаа” гэдэг бол Оросын “Саша” гэдэг үгийг тонгоргон бичсэн антисоветский зохиол байна. “Саша” гэдэг үгээр оросуудыг төлөөлүүлэн нэрлэдэг юм. Үйл явдал нь ч ЗХУ буюу “Аасшаа”-гийн гар хөл болсон гэж Монгол орноо бичсэн байна гээд л мушгиж гарсан. Тэнд гарч буй Чихят гэдэг улс бол Монгол биш, тухайн үеийн Чили, Хятад хоёрын дундаас гаргаж авсан нэр гэдгийг судлаач шүүмжлэгчид аль хэдийнэ биччихсэн юм шүү дээ. НТХ-ны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч байсан Ч.Түмэндэлгэр л намайг хэл амнаас аварсан юм даг. “Нүглийн далайд зугаацаар одсон минь” гэдгээ “антироман” гэж төрөл зүйлийг нь би өөрөө тодорхойлсон юм. “Гал голомт”-оо 1986 онд бичиж дуусаад, элдэв хяналт шалгалтыг давах гэсээр байгаад 1989 онд хэвлүүлсэн. Энэ бол Чингис хааны тухай шинэ уран зохиолын романы төрөл зүйлд гарсан анхны роман. Ерээд оноос хойш л Чингис хааны тухай романы үер буусан шүү дээ. Д.Нацагдоржийн тухай өгүүлсэн “Сарны гэрэл”-ээ эссе гэж төрөл зүйлийг нь тодорхойлсон. Б.Ринчен гуай М.Цэдэндоржтой ярилцсан нэг ярилцлагадаа “Монголд эссе бичих чадалтай хүн алга” гэж жаран хэдэн оны үед хэлсэн байдгийг олж үзээд түүнээс хойш эссе гэгчийн талаар сонирхон үзэж эхэлсний эцэст бичсэн юм.
-Их зохиолчийн тухай та их судалсан хүн дээ?
-Би далаад оны эхэн үеэс Д.Нацагдоржийн уран бүтээлийг судалж эхэлсэн. Түүний зохиол бүтээл Нацагдоржийн бичсэнээр биш, алдаа эндэгдлээр дүүрэн гажуу байдлаар нийтэд түгсэнд харамсахдаа, сар өөрөө харанхуй атлаа нарны гэрлийн хүчээр гэрэлтэй юм шиг харагддагтай зүйрлэж Нацагдоржийн зохиолыг бид зохиогчийн бичвэрээр биш, пад харанхуй сар, нарны гэрлийг авснаас гэрэлтэй юм шиг харагддагтай жишиж “Сарны гэрэл” гэж нэрлэсэн юм. “Нүглийн далайд зугаацаар одсон минь”, “Хилэнцэт амьдрал”, “Замын бартаа”, “Насны зам” зэрэгтээ би хүний яс чанар үгүйрэн, бусдыгаа хүндэтгэх уламжлалт ёс алдагдаж, хүн гэгч амьтан улам улам л хар амиа бодогч болж, ёстой л “Нүглийн далайд зугаацаар” явдаг болж байгааг харуулахыг эрмэлзсэн юм.
-Таныг шүлэг бичдэг байсан гэх юм билээ. Одоо хаячихсан уу?
-Хаяад байхдаа яадаг юм. Монголд одоо шүлэг бичдэггүй хүн байдаг юм уу. Миний шүлэг анх 1959 онд “Үнэн” сонинд “Мөч хугацаа” нэрээр хэвлэгдэж байлаа. Мөч хугацаа өнгөрөх бүрий үхэл чинь улам улам ойртож байна гэсэн санааг л гаргах гэж оролдсон юм даг. Гэхдээ анхны зохиосон зохиол минь өгүүллэг байсан даа. Одоо ч үзэг цаас ноцолдуулж л байна. Чингис хаан, Богд гэгээнтэн, Их Нацагдорж хэрхэн нас барсан тухай өгүүллэг бичсэн. Бас бус өгүүллэгээ орчин цагийн арга барилаар бичих гэж оролдлоо. Сурсан зангаараа толгой холбох гэж оролдох ч үе байна.
-Шүлгээсээ уншаач, та?
-Миний “шүлэг” гээд байгаа юмс маань хүмүүсийн дургүйг хүргэх зүйл болчихоод байдаг юм. Гэвч би өөрөө үнэн гэж бодсон юмаа л толгой холбон оромцоглоод буулгадаг хүн. Онч үг маягийн юм нэлээд бий шүү. Жишээлэхэд
“Эр өтлөхөөр
Эм болгон сайхан.
Эм өтлөхөөр
Энгэсэг болгон сайхан” ч гэх юм уу, эсвэл
“Сурах бичиг биш
Урах бичиг болжээ”,
“Зайсангийн энгэр дэх Будда бурхны тэргүүн томджээ
Засгийн үүдэн дэх Чингис хааны тэргүүн жижигджээ” гэхчлэнгээр юм юм бий шүү.
Үргэлжлэл бий