Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгээр өвчилж, 500 гаруй хүүхэд далд хэлбэрийн халдвар авсан нь оношлогджээ

-ХӨСҮТ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАЙ БАГШИД ЭДГЭРСЭН ГЭСЭН БИЧИГ ХИЙЖ ӨГСНӨӨС БОЛЖ ХҮҮХДҮҮДЭД ХАЛДВАР ТАРХСАН БОЛОЛТОЙ-

ХанУул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, иргэдийн хэлж заншсанаар 19ийн үйлчилгээний төвийн баруун урд орших Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн халдвар гарлаа. Биднийг очиход сургуулийн гадна хүүхдүүд гүйлдэж, анги танхимд хичээл орж байсан юм. Мөн эцэг, эхчүүд сургуулийн өмнө цугларч үүсээд байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байв. Эрүүл мэндийн яамнаас тус сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагдаж, 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлсэн.

Эцэг эхчүүдийн хамгийн их санаа зовоож байгаа асуудал нь сүрьеэгийн халдвар гараад байхад одоо болтол хүүхдүүдийг хичээлдээ явахыг шаардаж буй явдал аж. Түүнчлэн, сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийн гэр бүлд нь давхар шинжилгээ хийх хэрэгтэй хэмээн шаардаж байна. Учир нь халдвар цаашид тархахгүй байх баталгааг хэн хэрхэн өгөх вэ, цаашлаад халдвар авсан хүүхдүүдийн гэр бүлд ах эгчээс нь гадна 23хан настай бяцхан дүү, нярай нар ч бий. Тэд халдвар тээсэн, үгүйг яаж баталгаажуулах юм хэмээж байв. Үүнээс гадна сургуулийн удирдлагууд сурагчдын дунд сүрьеэгийн халдвар тархаад байхад эцэг, эхчүүдэд мэдэгдэх, анхааруулга өгөх, хичээлийг нь зогсоох зэрэг арга хэмжээг эрт авч болоогүй юм уу гэж асууж байлаа. Зарим нэгдүгээр ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд хичээлийг яаралтай зогсоож, асуудлыг бүрэн тодруулж, арга хэмжээ авахыг шаардсан бичигт гарын үсгээ цуглуулж байлаа.

Эцэг, эхчүүд нэрээ хэлж мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан. Учир нь өглөө зарим эцэг, эх хэвлэлд мэдээлэл өгсөнөөс болж сургуулийн зарим ажилтан худал мэдээлэл тараалаа хэмээн тэднийг загнасан тухай хэлсэн юм.

Тухайн халдвар сургуулийн нэгэн багшаас эхэлж тархсан гэсэн мэдээлэл байгаа ч үүнийг мэргэжлийн байгууллага нь баталгаажуулаагүй. Тиймээс эцсийн байдлаар хэлэх боломжгүйг сургуулийн ажилтнууд хэлж байлаа. Халдвар тараасан байж болзошгүй багшийг С гэдэг аж.

Өмнө нь сүрьеэгээр өвчилж байжээ. Энэ үед сургуулиас чөлөө өгч, өмнөх хичээлийн жилд багшлаагүй байна. Улмаар энэ хичээлийн жилд ажилдаа орох хүсэлт гаргаснаар захирал Ө.Шүрэнцэцэг зөвшөөрч ажилд нь оруулжээ.

Ингэхдээ халдвар судлалын эмчээс авсан эдгэрсэн, халдваргүй гэсэн бичгийг үндэслэсэн гэдгээ тайлбарласан юм. Гэтэл энэ бичиг нь хуурамч байсан байж болзошгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллага халдвартай хүнд халдваргүй гэсэн шинжилгээний бичиг гаргаж өгсөнөөс болж сургуульд халдвар тархах нөхцөл бүрдсэн байж болзошгүйг хэллээ.

Сургуулийн урд хэсэгт нэхмэлийн шар буюу хуучны 2-3 давхар барилгууд байдаг аж. Байшингуудын дундуур явахад үмхий ханхална. Хатуу хучилттай зам, ногоон байгууламж байхгүй тул машин явахад шороо бужигнана. Мөн орон сууцнуудын орц руу ороход чийг үнэртэж, эвгүй үнэр ханхийх аж. Түүнчлэн, хог түүдэг иргэд энэ хавиар байнга эргэлддэг байна. Энэ мэт байдлаас болж элдэв халдвар авах эрсдэл өндөр байгааг сургуулийн ажилтнууд хэлж байсан. Магадгүй сүрьеэгийн халдвар анхлан эндээс гарсан байж ч болзошгүйг хэлж байв.

Нөгөөтэйгүүр, сургууль он удаан жил болсон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг аж. Энд хүндрэлтэй асуудлын нэг нь агааржуулалт юм байна. Нэг ангид агааржуулалт суурилуулах төсөв тооцоо гаргахад 10 орчим сая төгрөгийн зардал гарч байжээ. Тиймээс уг зардлыг шийдэх боломж хязгаарлагдмал учир ийн өдийг хүрчээ. Дулааны улиралд анги, коридорын цонхыг онгойлгож нэвт салхилуулдаг байна. Нэг ангид олон хүүхэд сурдаг. Дээрээс нь агааржуулалт муу, бүгчим байдал нь халдварыг богино хугацаанд тархаах нөхцөл болсон байж болзошгүй аж.


ЭМИЙГ ЗУРГААН САРЫН ТУРШ ӨДӨР БОЛГОН УУЖ БАЙЖ НЯНГИЙН ИДЭВХЖИХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛЖ ӨГНӨ

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэ диспансерийн их эмч н.Пагмасүрэнгээс халдвар авсан, өвдсөн хүүхдүүдийн эмчилгээний талаар тодрууллаа.


-Өвчилсөн, халдвар авсан хүүхдүүдийг оношлогоонд хэрхэн хамруулсан бэ?

-Бид Монгол Улсын стандартад мөрдөгдөж байгаа шинжилгээ оношлогооны бүх ажлыг хийгээд явж байна. Эхний ээлжинд бид сорил тавьсан. Энэ сорил нь сүрьеэгийн халдвар биед байна уу, үгүй юу гэдгийг заадаг шинжилгээ юм. Сүрьеэгээр өвдсөн эсэхийг заадаг бус харин биед халдвар байгаа эсэхийг заадаг шинжилгээ гэж ойлгох хэрэгтэй. Сүрьеэгийн халдвар, өвчлөл хоорондоо ялгаатай гэдгийг анхаарах нь чухал.

Хүүхдүүд сорил тавиулснаар сүрьеэгийн халдвар байна уу, үгүй юу гэдгийг эхлээд үзэж байгаа юм. Дараагийн ээлжинд халдвар өндөр байгаа хүүхэд бүрийг рентген шинжилгээнд нэг бүрчлэн хамруулсан. Шинжилгээнд хамруулаад өөрчлөлт байвал эмчилгээг шийдвэрлэж ажиллаж байгаа. Хэрэв цээжний рентген зурган дээр өөрчлөлт байхгүй, тухайн эрхтэнд сүрьеэгийн өөрчлөлт илрээгүй тохиолдолд халдварын эсрэг эмчилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүүхдүүдийг өвдөхөөс урьдчилан сэргийлж эмчилж байна. Эмчилгээний талаар эцэг эхчүүдтэй уулзсан.

-Сүрьеэгийн халдвар, өвчлөл гэсэн хоёр ойлголт яриад байна. зааг ялгааг нь тайлбарлаад өгөөч?

-Хэрэв сүрьеэгээр өвдөөд уушги гэмтэж өөрчлөлт орсон байвал тухайн хүүхдэд зовиур илэрнэ. Рентген шинжилгээгээр өөрчлөлтүүд нь гараад ирнэ. Дээрээс нь хүүхэд удаан хугацаанд эмчилгээгүй яваад хүндрэх юм бол халдвартай хэлбэрийн сүрьеэ рүү шилжинэ. Ингээд халдвартай хэлбэрийн сүрьеэ рүү шилжсэнээр бусад хүүхдэд халдвар тараана. Гол ялгаа нь халдварыг тараах, тараахгүйд байгаа юм. Зөвхөн халдвар авсан гээд байгаа хүүхдүүд халдварыг зүгээр биедээ тээж байгаа юм. Тиймээс гадагшаа хэн нэгэнд тараахгүй.

-Халдвар тээсэн хүүхдүүд ямар ч замаар тараахгүй юу?

-Ямар ч замаар тараахгүй. Амьсгалаад, дуулаад, бүжиглээд, ханиагаад явж байсан ч халдвар тараахгүй гэсэн үг. Яг сүрьеэгээр өвдсөн хүн рентген шинжилгээгээр өөрчлөлттэй гарна. Цэрний шинжилгээгээр өөрчлөлттэй байна. Ийм халдвартай хүн цааш нь тараана. Харин халдвар тээсэн хүн биедээ унтаа байдалтай сүрьеэгийн нян бактери хадгалж яваа гэсэн үг.

-Сүрьеэгийн халдвар тээж байгаа хүүхдүүдэд ямар эмчилгээ хийх вэ?

-Хийгдэх гэж байгаа эмчилгээ нь сүрьеэгийн идэвхгүй байгаа нянг дарангуйлж өгснөөр сүрьеэгээр өвдөх эрсдэлийг бууруулж өгөх юм. Энэ нь сүрьеэгээр өвдсөн хүн уудаг эмнээс даруй дөрөв дахин бага дозын эм ууна. Ер нь сүрьеэгээр өвдсөн хүн дөрвөн хосолмол эм уудаг. Харин хүүхдүүд зөвхөн нэг эм ууна. Гэхдээ элгэнд ирэх ачааллыг нэмэгдүүлж байгаа учир давхар элэг хамгаалах эмчилгээ хийгдээд явах ёстой.

-Эмийг ямар хугацаанд уух вэ?

-Эмчилгээний хугацаа зургаан сар. Өдөр болгон тогтмол ууж байж нян идэвхжих эрсдэлийг бууруулж өгнө.

-Нэхмэлийн шар орчим бохирдол ихтэй юм билээ. Энэ хавиас сүрьеэгийн өвчлөл гарч байсан уу?

-Сүрьеэгийн өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэг нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад дундажад ордог. Энэ хороонд өвчлөл ингэж гарч байсан гэх мэдээлэл одоогоор надад алга. Нөгөө талаас ийм мэдээллийг олон нийтэд тараах шаардлагагүй.

Д.ЭНХМАНДАХ: 500 ГАРУЙ ХҮҮХЭД СҮРЬЕЭГЭЭР ОНОШЛОГДСОН НЬ ХЭТ ИХ НЯГТАРШИЛТАЙ ХОЛБООТОЙ

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахаас зарим зүйлийг тодрууллаа.


-ХУД-ийн 15 дугаар сургуулийн 500 гаруй хүүхэд далд хэлбэрийн сүрьеэгийн халдвар авч, тэднээс 38 сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилсөн гэлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээрх явдал богино хугацаанд болж буй зүйл биш. 2017 оноос хойш тус сургууль дээр сүрьеэгийн өвчлөл бүртгэгдэж, мэргэжлийн болон орон нутгийн байгууллагууд хамтарч нэлээн олон ажил хийсэн. Энэ тоо сүүлийн үед тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс ХӨСҮТ-өөс хүүхдүүдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай үзлэгийг зохион байгууллаа. Урьдчилан сэргийлэх үзлэг эрчимтэй явуулж байгаатай холбоотойгоор эрт илрүүлэг сайн явж байна. Эрт илрүүлгийн шинжилгээгээр ЕБ-ын 15 дугаар сургуулиас халдваргүй сүрьеэтэй 38 хүүхэд, далд хэлбэрийн сүрьеэгийн халдвартай 500 гаруй хүүхэд оношлогдлоо. Энэ тал дээр ХӨСҮТ-ийн бүх мэргэжлийн эмч нар, эмнэлзүйн багийн хурлаар бүх шинжилгээнүүдийг хийж, мөн давтан шинжилгээнд хамруулснаар эцсийн шийдвэрээр 38 хүүхдийг халдваргүй сүрьеэтэйг оношилсон.

-Юунаас болж 500 гаруй хүүхэд сүрьеэгийн далд хэлбэрээр оношлогдов?

-Сүрьеэг хэн ч тусч болно. Энэ чинь агаар дуслын замаар халддаг өвчин шүү дээ. Судалгаанаас харахад гурван хүний нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэх статистик тоо бий. Хүний бие организм ядарч сульдсан үед дархлаа сулардаг. Энэ үед тодорхой хэмжээний унтаа байгаа нян сэдэрч сүрьеэ үүсгэдэг. Энэ сургууль нь Хан-Уул дүүргийн хоёр сургуулийг нэгтгэсэн байгаа юм. Ингэхээр эдгээр хүүхдүүдэд маш их нягтаршилтай, агаарын солилцол муу газар хичээллэж байгаа юм.

-Сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаанд үргэлжилдэг. далд хэлбэрийн сүрьеэгээр оношлогдсон хүүхдүүд мөн эмчилгээнд хамрагдах шаардлагатай юу?

-Одоогоор эдгээр 38 хүүхдийн 17 нь эмчилгээндээ ороод явж байна. Эдгээр хүүхдүүдэд зургаан сарын эмчилгээ хийгдэнэ. Судалгаанаас харахад гурван хүний нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэх статистик тоо бий. Хүний бие организм ядарч сульдсан үед дархлаа сулардаг. Энэ үед тодорхой хэмжээний унтаа байгаа нян сэдэрч сүрьеэ үүсгэдэг. Өнөөдрийн хувьд энэ 500 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүд биш. Сүрьеэгийн халдвар авсан эрүүл хүүхдүүд. Хэн нэгэнд халдвараа тараахгүй. Гарын бугалганы арьсанд сорил тавьдаг. Тэр сорилын урвал өндөр гарна гэдэг нь сүрьеэгийн халдвар авсан байна гэдгийг л илтгэж байгаа юм. Түүнээс биш өвчилсөн байна гэсэн үг биш. Харин тэдгээр хүүхдүүдийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх гэж байна. Эхний ээлжинд эмчилгээ хийгдэх бэлэн байдлыг зохион байгуулж байгаа. Эдгээр хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруул-чих юм бол энэхүү дэгдэлт, голомтыг таслан зогсоох юм. 500 гаруй хүүхдийн бүх эцэг эхтэй нь нэг бүрчлэн уулзаж байна. Ингэхдээ хүүхдүүдэд яаралтай эмэн эмчилгээ хийх талаар зөвлөлдөж байна.

-Эмчилгээнд орсон хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Эмээ уугаад хичээлдээ явж байгаа шүү дээ. Одоогоор 38 хүүхдийн 17 нь эмээ ууж байна. Үлдсэн 11 нь удахгүй эмчилгээндээ орно.

-Сүрьеэгийн судалгаа, шинжилгээг жилд хэдэн удаа зохион байгуулдаг юм бэ. тэр тусмаа ебс-ийн хүүхдүүд энэ үзлэг оношлогоонд хэрхэн хамрагддаг вэ?

-Сүрьеэ өвчнийг таслан зогсоохын тулд Глобал сангийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн идэвхтэй илрүүлгийн баг өнгөрсөн жил ЕБ-ийн 90 сургууль, он гарснаар 14 сургууль дээр эрт илрүүлгийн үзлэг хийгээд байна. Үзлэгт 1-12 ангийн бүхий л сурагчид, сургуулийн эмч, багш, ажилчид хамрагдаж байгаа. Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин. Эмээ уугаад хичээлдээ явах бүрэн боломжтой.

-Эдгээр сурагчийг багшаасаа халдвар авсан гэх мэдээлэл байна?

-Хамгийн гол нь Хан-Уул дүүргийн 32 болон 15 дугаар сургуулийг 2013 онд нэгтгэсэн байна. Ингэснээр хүүхэд, багшийн тоо нэмэгдэж, анги дүүргэлт, хичээлийн ээлж өссөн. Хүн ам ингэж бөөгнөрсөн газар амьсгалын замын өвчин хурдацтай тархдаг. Нөгөө талаар 1970-аад оны үед баригдсан тус сургуулийн агааржуулалтын систем муудсан. Хүйтний улиралд хаалга цонх нээж агаар сэлгэх боломжгүй. Энэ тохиолдолд халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ханиаж найтаахад хүүхэд, багш нар халдвар авч өвчлөх боломжтой. Агааржуулалтыг сайжруулж, хүүхдийн нягтрал, багшийн ачааллыг багасгах шаардлагатай. Түүнчлэн ХУД-ээс энэ асуудал дээр олон ажил зохион байгуулж байгаагаас гадна витаминжуулалтын аянг өрнүүлж байна.

Д.САРАНГЭРЭЛ: ХҮҮХДҮҮДИЙГ ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, НУУЦААР ЭМЧЛЭЭГҮЙ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн асуудлаар, Мөн Нийгмийн эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхайн албаныхан газар дээр нь ажилласан. Бид энэ асуудлаар хуралдсан. 2015 оноос хойш уг сургууль дээр сүрьеэгийн халдвар явж эхэлжээ.Тиймээс өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа аваад хүүхдүүдийг оношлоод одоо хүүхдүүдийн эмчилгээ эхлэх гэж байна. ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын өгсөн мэдээллээр эцэг, эхчүүд сүрьеэгийн өвчлөлд их эмзэглэж байгаа. Мөн эмчилгээ нэлээд хүнд явцтай байна гэх мэдээллийг өгч байна. Тэр дундаа сүрьеэгийн эсрэг эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг учраас зайлшгүй эмчлэх шаардлагатай юм уу гэдгийг ч хэлж байгаа юм билээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгийн халдвартай байна гэж оношилсон. Одоо эмчилгээ хийх асуудал яригдаж байгаа. Мэдээж эмчилгээ хийхдээ эцэг, эхчүүдтэй уулзаж, мэдээлэл өгөх ёстой. Энэ зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн газрын бүрэлдэхүүнтэй багийг томилоод ажиллуулж байгаа. Тухайн сүрьеэгийн халдвартай багшид ХӨСҮТ-ээс эдгэсэн гэх бичиг өгөхгүй шүү дээ. Зөвхөн эмчлээд, эмнэлгээс гаргалаа гэх лист өгдөг. 15 дугаар сургууль дээр өвчтэй багшийг ажиллуулсан асуудлыг ЭМЯ хариуцахгүй. Хүүхдүүдийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй нууцаар эмчилсэн асуудал байхгүй. Тус сургууль дээр сүрьеэгийн өвчин гарсныг нуусан зүйл байхгүй” гэв.

Ё.БААТАРБИЛЭГ: ХҮҮХДҮҮДИЙН ХИЧЭЭЛИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЧ БАЙНА

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр “ХУД-ийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 500 орчим хүүхэд сүрьеэ өвчний халдвар авсан байж болзошгүй гэх асуудалд Эрүүл мэндийн яам болоод эрүүл мэндийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм байна. Тэднээс нарийвчилсан мэдээлэл болон эцсийн дүгнэлтийг авч байж мэдээлэл өгнө. Надад ирсэн мэдээллээр 2015 онд анх халдвар гараад, өвчилсөн багш ажлаасаа чөлөөлөгдөөд эмчилгээ хийлгэсэн гэсэн. Эмчилгээ хийлгээд бүрэн эдгэсэн гэсэн мэдээлэл байгаа юм билээ. Иймд мэргэжлийн байгууллагуудаас нарийвчилсан мэдээлэл авахгүй бол дутуу мэдээллээр олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч болохгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан. Хүүхдүүдэд нь шинжилгээ хийгээд ажиллаж байгаа юм билээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт удахгүй гарна. Түүний дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ сургуулийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэх юм бол тэр дагуу арга хэмжээ авна. Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байга хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе” гэсэн юм.

Г.БАТЗОРИГ

О.АРИУН

Б.НОМИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *