Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганаар зургаан иргэн, нэг аврагч амиа алджээ

Амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан байна. Онцгой байдлын байгууллагаас ард, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон багц мессеж үйлчилгээгээр дамжуулан хүргэж ажилласан байна.

Цасан шуурганы улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт малаа хайж яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын албаны 81 алба хаагч, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас замын үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад аймгийн Засаг даргын захирамжаар замын байгууламжийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авч ажиллажээ.

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, мөн аймгийн Сэврэй суманд нэг иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байна. Мөн энэ үеэр Өвөрхангай аймагт ажиллаж байсан Онцгой байдлын албан хаагч амь эрсэджээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурах аж.

Иймд иргэд та бүхэн сонор, сэрэмжтэй байж салхи шуурганд малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах, хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүрт авч байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *