Categories
гадаад мэдээ

Мьянмарт хоригдаж байсан “Ройтерс”-ын сэтгүүлчид суллагджээ

Мьянмар дахь “Ройтерс” агентлагийн сэтгүүлчид болох Ва Лоне, Кьяу Со Оо нар суллагджээ. Тэд улсын нууц задруулсан хэрэгт тулгагдаж, өнгөрсөн оны есдүгээр сараас хойш цагдан хоригдож байсан юм. Ингэхдээ тэдэнд тулгасан хэргийг цагаатгаагүй, харин Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн учраас эрх чөлөөтэй болсон байна.

Ва Лоне, Кьяу Со Оо нар 2017 онд төрөөс явуулсан цэргийн тусгай ажиллагааны үеэр Аюулаас хамгаалах албаныхан 10 рохинжа иргэнийг цаазаар аваачсан талаар мэдээлсний дараа тэднийг цагдан хорьсон юм.

Олон улсад нэр хүндтэй сэтгүүлчдийг барьж хорьсон явдал хил хязгаараас давсан шуугиан дэгдээж, дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд сүүлийн долоон сарын турш Мьянмарт хэвлэлийн эрх чөлөө хаагдаж байгаа тухай мэдээлж байгаа билээ.

Мьянмарын Ерөнхийлөгч жил бүр шинэ жилийн баярын өмнө олон хоригдолд өршөөл үзүүлдэг уламжлалтай юм байна. Хоёр сэтгүүлч энэхүү өршөөлд хамрагдаж, бусад хэдэн мянган хоригдлын хамт суллагдсан байна.

Янгон дахь шоронгоос суллагдсаныхаа дараа Ва Лоне ВВС агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Сэтгүүлчийн ажлаа хэзээ ч орхихгүй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *