Categories
мэдээ цаг-үе

Бүтээн байгуулалтын ажилд 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Хорьдугаар зууны манлай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлуудаа өнөөдөр албан ёсоор нээж байна. Энэ онд үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ажиллагаагаар эхэллээ. Хөрөнгө оруулалтын жилийн хүрээнд тус үйлдвэр бүтээн байгуулалтын нийт 193 ажил хийхээр төлөвлөснөөс үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийн ажил том байр суурь эзэлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлийн төслүүд Баяжуулах үйлдвэрт хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, тус цехийн Нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдений баяжмалыг салгах молибдений дамжлага шинэчлэгдэж байна. Төслийн шугамаар АНУ-аас оруулж ирсэн “Мill Maх” насос, “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Энэхүү технологийг нэвтрүүлснээр одоо ажиллаж буй дамжлагаас хүчин чадал нь даруй хоёр дахин нэмэгдэж, металл авалт өсөж, ашиглалтын зардал буурна. Эдийн засгийн ийм үр өгөөж өгөхийн зэрэгцээ хамгийн гол нь ажлын байрны нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах орчин бий болж байгаа гэдгийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон тодотгосон юм.

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэх “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүний удирдлагын баг, газар хэлтэс, цехийн дарга нар, бусад албаны хүмүүс болон уурхайчдын төлөөлөл оролцов.

Ёслолын ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Одоогоос 41 жилийн тэртээ “Эрдэнэт” хэмээх энэ айлыг барьж, ашиглалтад хүлээж авч байсан бол өнөөдөр хоёр дахь үеийн их бүтээн байгуулалтаа бид эхлүүлж байна гэж хэлж болно. Энэ бол эрхэм баяжуулагчид, уурхайчид та бидний хувьд онцгой үйл явдал юм. Энэ онд техник технологийн шинэчлэл болон нийгмийн чиглэлээр нийт 160 сая ам.доллар буюу 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ нь өнгөрсөн хоёр жилд хийж байсан хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа. Цаашид томоохон төслүүд хэрэгжиж эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх юм” гэж онцоллоо. Нээлтийн ажиллагаа шинэ бүтээн байгуулалтын ажлын эхний гэрэлт товчлуурыг дарах ёслолоор үргэлжилсэн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар энэхүү гэрэлт товчлуурыг дарж, түүхэн үйл явдлын эзэд болов.

Мөн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд “Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж, байгуулах” төсөл хэрэгжинэ. Энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг бүтээн байгуулалтын ажлын эхлэл өнөөдөр албан ёсоор тавигдлаа. Хаягдлын аж ахуйд 4М далан байгуулснаар тус аж ахуйн аюулгүй, найдвартай ажиллах ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсах боломж бүрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *