Европын сагсны клубтэй гэрээ байгуулсан тамирчин Т.Их-Уул, түүний багш ОУХМ О.Баярцогт нартай ярилцлаа.
–Ямар клубтэй гэрээ байгуулсан бэ. Гэрээнийхээ нөхцөлтэй танилцсан уу?
-Танилцсан. “Public basketball” гэдэг Европын агент юм байна лээ. Гурван жилийн гэрээ байгуулсан.
-Клубийн гаргасан амжилт, NBA-д тоглож буй тамирчин бий юу?
-Агентлагаас гарсан тоглогчид Азидаа Солонгосын KBL гээд том лигт тоглодог тамирчид байдаг юм билээ. Ер нь бол Азийн томоохон лигт л тамирчид нь тоглодог.
-Өмнө нь шигшээ багийн тамирчин Т.Санчир Филлиппин улс руу гэрээ байгуулан яваад тоглож чадалгүй ирсэн. Өөрөө Европын клубтэй гэрээ байгуулан тоглоход бэлэн үү, бэлтгэлжилт хэр байгаа вэ?
-Т.Санчир ахын хувьд лиг дуусаад нэлээд удсан байхад явсан. Бэлтгэлгүй явсан байх. Миний хувьд саяхан оюутны лигийн тэмцээн дууссан. Бүтэн жил багштайгаа бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл бол хангагдсан. Европын багийн бэлтгэл төсөөлснөөс хэцүү ч байж магад. Монгол шиг амархан зүйл байхгүй нь мэдээж. Бэлтгэлээ сайн хангасан. Багштайгаа хувийн бэлтгэлд гарчихсан. Дээрээс нь фитнесс, биеийн хүчний дасгал хийж байгаа.
-Яг хэзээ явах вэ?
-Гэрээгээ хийчихсэн учир урилга иртэл визний асуудлаа хөөцөлдөж байгаа. Клубийн төлөөлөгчийн хэлж байгаагаар тавдугаар сараас явна.
-Саяхан дууссан оюутны лигт МУИС-ийн хүчтэй багийг хожиход багаа тэргүүлж тоглосон. Оюутны лигт сайн тоглоход бэлтгэл сайн хийснийх үү?
-МУИС-тай тоглох тоглолтод манай баг багаараа байрлалаа авчихсан байсан. МУИС бол хүчтэй баг. Миний хувьд нэлээд бэлдэж орсон. Түүний үр дүнд сайн тоглосон. Манай багийн О.Дөлгөөн ахтай гар нийлж сайн тоглож чадсан.
-Тоглолтын арга барил техник ямар вэ, Европын клубийн шаардлагыг яаж хангаад гэрээ байгуулах хүсэлт авсан гэж бодож байна?
-Миний бодлоор тоглолтыг минь үзсэн юм шиг байна лээ. Давуу тал маань өндөр, багш намайг бага байхаас бэлдсэн. Урд байрлалд нэг холбогчтой тоглох боломжтой. Олон талт тоглолт маань л Европт дуудагдахад хүргэсэн юм болов уу.
-Нууц биш бол цалин хэдийг авахаар гэрээ байгуулсан бэ?
-Эхний хоёр сар бол бэлтгэл хийх маягаар явна. Тэгээд сардаа 8000 еврогоор цалинжихаар гэрээ байгуулсан.
-Дээд лигт тоглож байхдаа хэдэн төгрөгөөр цалинждаг байв?
-Дээд лигт цалин нэг сая гаргаад л авч байсан. Оюутны лигт бол цалин өгдөггүй. Цаанаасаа заачихсан.
-35 дугаартай тоглодог шүү дээ. Яагаад энэ дугаарыг сонгосон бэ?
-Багаасаа АНУ-ын NBA-ын тоглогч Kevin Durant-ийг шүтдэг байсан. Түүний тоглолтыг даган дуурайдаг байлаа. Тийм ч учраас анх Этүгэнд орохдоо 35 номерыг сонгосон.
-Оюутны лигт хожсоныхоо дараа “Би энэ шидэлтийг хийж сурахын тулд хоёр жилийн турш бэлдсэн” гэж хэлж байсан. Бэлтгэлийн онцлогийн талаараа яриач?
-Өмнө нь хоёр жил дээд лигийн гараанд гарсан. Бага зэргийн бэртэл аваад сэлгээнд суусан. Тэр бол туршлага хуримтлуулсан үе байлаа. Финальд тоглох чухал мөчүүдэд багийн гол тоглогч байж үзээгүй. Бэлтгэл дээр яг л өөрийгөө багийн гол тоглогч шиг сэтгэж, байнга тэр сэтгэхүйгээрээ гурваас шиддэг байсан. Өдөр бүр, бэлтгэл болгон дээрээ тэгж шидсээр цаг хугацаа нь ирж чухал тоглогч болж чадсандаа баяртай байна.
-Сая болсон Монголын бүх оддын тоглолтод нэрлэгдсэн шүү дээ. Бүх оддын багтайгаа гар нийлж тоглож чадсан уу?
-Би Хасын хүлгүүд багтай гэрээ хийчихсэн тоглож байсан. Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн гээд Монголын шилдэг гэсэн тоглогч нартай нэг багт хамт хүчин зүтгэж үзсэн. Этүгэний өмнө дээд лигийн багт тоглодоггүй байхдаа ч шигшээ багийн бэлтгэл дээр очиж, бөмбөгийг нь зөөдөг байлаа. Д.Мөнхтүвшин ахтайгаа нэг багт хоёр жил тоглосон, гар нийлж тоглодог.
-Сагсчин хүний хувьд NBA гэдэг мэдээж дээд оргил нь, мөрөөдөл байдаг байх. Тэгэхээр өөрийн чинь хувьд NBA-ийн драфт хэр ойр санагдаж байна?
-NBA-д дуртай нь ороод байхгүй. Гэхдээ гэрээ байгуулсан клубийн зуучлагчийн хэлж буйгаар миний нас залуу байна. Эхний хоёр жилдээ бэлдээд нэрээ өгч үзье гэсэн.
-Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг яаж харж байна?
-Хурдтай хөгжиж байгаа гэж боддог. Ц.Шаравжамц, Хөлөгөө, Ананд нарын араас хөгжиж байгаа хүүхдүүд зөндөө бий. Ер нь Монголын сагсан бөмбөгийн ирээдүй өөдөө байна л гэж хардаг.
ӨМНӨ Нь хэД хэДэН ГэРээ БАйГУУлАх САНАл ИРж БАйСАН
Энэ үеэр Т.Их-Уул сагсчны багш ОУХМ О.Баярцогттой ярилцлаа.
-Юуны өмнө шавь тань Европын клубтэй гэрээ байгуулан легонер тамирчнаар явах гэж байгаад баяр хүргэе. Т.Их-Уулын бэлтгэлжилт хэр байгаа вэ, формоо бариж чадсан болов уу?
-Баярлалаа. Их-Уул 2013 оноос хойш 14 наснаас нь өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилт хийлгээд сагсан бөмбөг зааж, хажуугаар нь амьдралд нь чадахаараа туслаад явж байна. Дотроо бол баяртай байна. Гэхдээ мэдээж дасгалжуулагч хүний хувиар хүүхдийнхээ төлөө юунд илүү сэтгэл зовниж байна гэхээр боломжийг битгий алдаасай гэж боддог. Цаашдаа улам ч ахих, Европт тоглоод шат ахих тоглолтуудыг гаргаж яваасай гэж хүсдэг. Хэлний асуудал дээр л багахан бэрхшээл бий. Бэлтгэл сургуулилтын хувьд бол санаа зовохгүй байна.
-Өөр энд тэндхийн багт гэрээ байгуулах хүсэлт ирсэн үү?
-Одоогоор ирсэн зүйл алга. Т.Их-Уулд бол жилийн өмнөөс хүсэлт тавьж эхэлсэн. Бидний хувьд хэд хэдэн газар хүсэлт тавьж үзсэн. Жишээ нь, Америкийн коллежид тоглоё гэхээр хэлний асуудал дээр бэрхшээл тулгардаг. Очоод багш, дасгалжуулагчтайгаа ямар ч асуудалгүй ойлголцож байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр их асуудалтай. Хэлнээс болоод Солонгосоос ирсэн урилгаас бас татгалзаж байлаа.
-Т.Их-Уулыг анх яаж олж бэлтгэв?
-Би 2013 онд машинаа бариад явж байхдаа анх харсан юм. Нуруулаг хүү нүдэнд шууд туссан. Тэгээд л шавиа болгохоор шийдсэн. Үнэнийг хэлэхэд Уулын маань амьдрал хэцүүхэн. Тиймээс аавын хайраар л хайрлаж, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хандаж л сургадаг. Дасгалжуулагч багш ч гэсэн эцгийн сэтгэлээр тамирчдадаа ханддаг даа.