Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас олон нийтэд зарлалаа.
Энэ удаад Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 41 байгууллагын 17,600 гаруй мэдүүлэг гаргагчдын 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд энэ сарын 19-нд байршуулжээ.
АТГ-аас авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 онд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэн, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангаж байгаа юм.
Цаашид нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах ажээ.
Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүдийн ХОМ-ийг нийтэд мэдээлсэн билээ.