Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Баасан гарагт Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын явцтай танилцаж, газар дээр нь очиж ажилласан юм.
Нарны замаас урагшаа газар доорх гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дууссан бусад ажлууд хуваарь зураг төслийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 48 хувьтай байгаа, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулгадаа дурьдав.
Хотын захирагч С.Амарсайхан
“Гүүрэн гарцын ажил хугацаандаа ашиглалтад орох ёстой. Чанар, стандарт, аюулгүй байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долоодугаар сарын 1-ний дотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээх асуудлыг гүйцэтгэгч компани анхаарч ажилла” гэв.
Хотын захирагчийн зүгээс гүүрэн замын ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажил зогсоосон, гацаасан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.
Тэрбээр “Замын ажил ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөд ороод зураг төсөл нь батлагдаад ажил эхлэхийг мэдсээр байж өөрсдөө дундуур нь орж барилгаа уралдаж барьчихаад, замын ажил хийлгэхгүй, гүйцэтгэгч компаний шаардлагыг биелүүлэхгүй, нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтны үгийг үл тоох байдлаар зургаан сарын турш зарим ажлыг гацаасан компани байна. Нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, амин хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож байгаа аж ахуйн нэгжтэй эвлэрэх ёсгүй. Өнөөдрөөс эхлээд тоног төхөөрөмжөө хөдөлгөж, ажлаа эхлүүл. Үүнээс гарах ямар нэгэн хохирол, элдэв янзын асуудлыг хувийн компани өөрөө хариуцах ёстой. Хэн нэгэн хүн, аль нэг компаний дур зоргоор бүхэл бүтэн нийслэлийн иргэдийн замын хөдөлгөөнтэй холбоотой энэ том төсөл зогсдог, ирээдүйд биелэгдэх ёстой эрх ашиг нь зөрчигддөг, нийтийн эрх ашгийг хохироодог ийм ААН-үүд байж болохгүй” гэдгийг хатуу хэллээ.
Төслийн ажлыг хурдтай гүйцэтгэх, дулааны улиралтай зэрэгцэн хоёр ээлжээр ажиллуулах боломжтой эсэхийг гүйцэтгэгч компани болон холбогдох удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа.
Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар болох бөгөөд гүүрийг энэ оны 11 дүгээр сард барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.