Categories
гадаад мэдээ

Шри-Ланк улсад найман удаагийн халдлага болж 262 хүн амиа алдаад байна

Шри-Ланк улсад Улаан өндөгний баяраар цуврал дэлбэрэлт гарч, хамгийн сүүлчийн мэдээллээр 262 хүн амиа алдаад байна. Эхний зургаан дэлбэрэлт гурван сүм, гурван зочид буудалд гарсан бол долоо дахь нь арлын баруун хэсэгт, найм дахь нь Коломбо хотын орон сууцны хороололд гарчээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд Дани, Япон, Пакистан, Марокко, Энэтхэг, Бангладеш, Хятад, Нидерланд, АНУ, Турк, Их Британийн иргэд байжээ. Мөн 450 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Шри-Ланкийн засаг захиргаа 13 хүнийг сэжиглэн саатуулаад байна. Цагдаагийн ажилтнууд түүнчлэн халдлагад ашиглах гэж байсан ачааны машиныг илрүүлжээ.

Хамгийн эхний дэлбэрэлт ням гарагийн 12:00 цагийн үед гарсан байна. Халдлага Коломбо, Негомбо, Баттикалоа хотын гурван сүм, түүнчлэн Шангри-Ла, Синнамон Гранд, Кингсбюри зочид буудлуудад гарчээ. Харин долоо дахь дэлбэрэлт хэдэн цагийн дараа гарсан юм. Үүний дараахан Шри-Ланкийн засаг захиргаанаас олон нийтийн сүлжээ, мессенжерүүдийг хааж, орой 18:00 цагаас 22-ны өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ. Мөн 22, 23-ны өдрийг амралтын өдөр болгон зарласан байна.

Коломбо хотын олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүйн арга хэмжээг чангатгажээ. Халдлагын гол бай нь христийн шашинтнууд бөгөөд амиа золиослогч алан хядагчид дэлбэрэлт үйлдсэн байж болзошгүй гэж “Дэйли мэйл”-д мэдээлжээ. Халдлага үйлдэгчид зочид буудалд “Си-4” хэмээх тэсрэх бодис ашигласан гэж шинжээчид таамаглаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *