Categories
мэдээ цаг-үе

Монголын гидрогеологичдоос анх удаа загварчлалын аргыг нэвтрүүлсэн Н.Жадамбаагийнх

Амьдралаа тэр чигт нь Монгол орны усыг судлахад зориулсан Намжилын Жадамба гуайнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Тэрбээр Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, нэрт гидрогеологич юм. Өнгөрсөн оны сүүлээр “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргасан эрдэмтдийн нэг хэмээн үнэлэгдэж Төрийн соёрхол хүртсэн.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн нутаг Арамжуур хэмээх өвөлжөөнд малчин ард Намжилын хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн тэрээр Геологи,эрдэс баялгийн хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар ажиллаж байгаад 2007 онд тэтгэвэртээ гарчээ. “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээлийг 2009-2012 онд тэтгэвэрт сууж байхдаа бичсэн гэхээр бараг 80 дөхөж явахдаа энэ агуу үйл хэргээ туурвисан байна. Тэрбээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн гидрогеологийн зургийг гаргасан нэгэн. Энэ томоохон үйл хэргийг 60 шахам жил хийж байгаа аж.

Эднийх XII хороололд орших хуучны есөн давхар орон сууцны таван давхарт аж төрдөг юм байна. Гэрийн эзэгтэй М.Даваа биднийг угтаад “Та хэдийг ирнэ гэж өвгөн маань хэлсэн. “Өдрийн сонин”-ынхны ажил төрөл нь тавлаг уу” гэсээр угтсан юм. Гурван өрөө байранд хоёр хөгшин тохилог сууна. Н.Жадамбаа гуай унтлагын өрөөнөөсөө хөөрөг барьчихсан “Та хэд хүрээд ирэв үү” гээд тамхилангаа “Манай эцгийн үлдээсэн хөөрөг байгаа юм. Удам дамжсан эд гэх үү дээ” гэж хэлээд инээвхийлэв. Тун сайхан толиотой, алиа хошин зантай гэж жигтэйхэн юм.

Гэргий М.Даваа бидэнд цай аягалаад “Манай өвгөн ер зүгээр сууна гэж байхгүй хүн шүү. Зав гарвал интернэт ухаад суучихна. Амар гэж хэлээд байгаа юм. Үг ерөөсөө авахгүй хүн шүү” гэхэд Н.Жадамбаа гуай “Зүгээр сууж чадахгүй юм байна лээ” гээд хөөргөө даалимбандаа хийлээ. Гэргий М.Даваа Булган аймгийнх. Тимирязовын нэрэмжит Хөдөө аж ахуйн академид суралцсан. Н.Жадамбаа гэргийтэйгээ нэг гэрт толгой холбоод 52 дахь жилээ хамт өнгөрөөж байгаа нь энэ юм. Тэд одоо гурван хүүхдийн аав, ээж, найман хүүхдийн өвөө, эмээ болцгоожээ. Одоо хамгийн том зээ нь 25-тай гэхээр удахгүй гучаа үзэх юм шиг байна гэсээр тэд инээлдэв. Н.Жадамбаа цайгаа уучихаад ороод ирээрэй гээд ажлын өрөө рүүгээ яваад өгөв. Их л чухал юм хийгээд байх шиг байна цаана чинь гэж гэргий нь хэллээ.

Ажлын өрөө нь тун ч шинэлэг харагдав. Сүүлийн үеийн загварын Мак брэндийн компьютер, төгөлдөр хуур эхлээд нүдэнд туслаа. Ажлын ширээ бүхий дээшээгээ долоон үе модон тавиур бас харагдлаа. Дээр нь хуйлсан цааснууд өрөөтэй байх нь нөгөө Монгол орны Гидрогеологийн зураг юм гэнэ. Номууд нь ч их шинэлэг. Компьютерийн сүүлийн үеийн программуудын талаар ном хүртэл байх нь тэр. Түүний сонирхол орчин үеийн техник, технологи руу чиглэж байгааг номуудаас нь харж болохоор. Н.Жадамбаа гуай Гидрогеологийн зургаар мэргэшсэн нэгэн. Монгол Улсын Гидрогеологийн 1:1.000.000 масштабтай зургийг гаргасан. Уг зураг одоо ч гэсэн БОАЖЯ, Ашигт малтмалын ерөнхий газрын хананд өлгөөстэй байдаг билээ. Түүнчлэн баруун Монголын нэгийг харьцах 500.000 масштабтай зургийг хийсэн. Өнгөрсөн онд гэхэд сүүлийн үеийн судалгааны материалуудыг эмхэлж, нэгтгээд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан нэгийг харьцах 500 мянгын гидрогеологийн судалбар зураг, ашигт малтмал газрын тосны газрын захиалгаар туурвисан. Тэр нь тоон хэлбэртэй Гидрогеологийн зураг юм. Н.Жадамбаа гуай 1974 онд Монголын усны мэргэжилтнүүдийн дундаас анх удаа загварчлалын аргыг нэвтрүүлж, хэрэглэсэн гидрогеологич. Үүгээрээ тэрээр эрдмийн зэрэг хамгаалж байжээ.

Ажлын ширээн дээр нь жаазтай зураг харагдлаа. Оюутан цагийнх нь зураг бололтой. Энэ талаар бид хоёрын яриа эхэлсэн юм. Тэрээр “Намайг их сургуульд ортол Шар толгой гэж өхөөрддөг байлаа шүү дээ гээд” буурал толгойгоо иллээ.

Н.Жадамбаа гуай 1961 онд буюу БНМАУ НҮБ-д элсэж, Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад дөнгөж 16 жил өнгөрч, сансарт анх удаа хүн нисч байхад оюутан болж байжээ. Москвагийн Геологи хайгуулын дээд сургуульд суралцахаар Өмнөговь аймгаас ирсэн Н.Батсүх, Дорнод аймгаас ирсэн Т.Болд, Ж.Дугарсүрэн, Говь-Алтай аймгаас ирсэн Н.Жадамбаа, Хэнтий аймгаас ирсэн З.Нарангэрэл, Улаанбаатар хотын Пүрэвсүрэн нарын зургаан залуу, Харьков хотын уул уурхайн дээд сургуульд суралцахаар Улаанбаатар хотоос тэр үеийн Геологи шинжилгээний газрын томилолтоор Улаанбаатар төмөр замын өртөөнөөс галт тэрэг гэдэг юманд анх удаа суун хөдөлж байжээ. Говь-Алтайн хүү галт тэрэг гэж сонсооч үгүй байхдаа л харь орныг энэ унаагаар зорьж байсан байгаа юм. Энэ талаараа тэрээр “Тэгэхэд хүн бүр сэтгэлийн нэлээд догдлолтой, хэл, зан заншлыг нь мэдэхгүй хүний газар зорьж байгаа тул жаахан түгшүүртэй, ар гэр, аав ээж, ах дүү, анд найзуудаа үгүйлсэн шиг долоон хоногийн турш галт тэргэнд “нүдүүлж” явсан даа. Сургуулийнхаа байранд хоёр орос, нэг вьетнам, бүгд дөрвүүлээ нэгэн омгорхон өрөөнд орж байлаа” гэв.

Тэрээр 1966 онд Москва хот дахь С.Орджонокидзын нэрэмжит Геологи-хайгуулын дээд сургуулийн гидрогеологийн факультетийг төгсөөд үргэлжлүүлэн Москва хот дахь С.Орджонокидзын нэрэмжит Геологи-хайгуулын дээд сургуулийн гидрогеологийн факультетийг уулын инженерээр төгссөн байна. Тэрнээс хойш олон ч эрдмийн зэрэг хамгаалж байжээ. Ингээд харахаар боловсролын хувьд ярих юмгүй хүн юм. Ийнхүү Москвад боловсрол эзэмшиж байхдаа эхнэртэйгээ танилцаж байжээ. Энэ талаар гэргий М.Даваа “Бид хоёр танилцаад удаагүй байсан юм. Уулзаад Москва хотын их дэлгүүрээс цаг худалдаж авчихаад цүнхэндээ хийчихсэн автобусанд явж байсан юм. Бид хоёрын сандал дээр хоёр залуу суух гээд байсан учраас яарсандаа шууд буучихсан юм л даа. Гэтэл авсан цагаа, цүнхэн дэх мөнгөтэйгөө бүгдийг нь автобусанд хаячихсан. Тэгээд би өвгөндөө “Чамаас болж би мөнгө, цаг хоёр оо хаячихлаа” гээд уурлаж байж билээ. Тэр цагаас л бид уулзаж эхэлсэн дээ” гэсэн юм. Тэрээр Н.Жадамбаа гуайн талаар “Хань бид хоёр бараг л нэг хүн шиг нэгэндээ уусч дээ. Хүмүүний учир тавилангаар учирч өдийг хүрсэн. Оюутан байхын л сэргэлэн, юм юманд оролцдог байсан. Гидрогеологийн судалгааны хүрээнд байнга л орон нутгаар томилолтоор явна. Тэгэхдээ сар гаруй явна. Би ч гэсэн орон нутгийн томилолтод их явдаг байлаа. Хэдий тэтгэвэрт гарсан ч төрдөө зүтгэж байгаа юм шиг байнга л ажилладаг. Хоногийн 5-6 цагт л нойр авах юм даа. Бусдаар өөрийгөө хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, бусдад зааж сургах гээд хийх ажил нь мундахгүй ээ. Цагийг ягштал баримтална. Хөнгөн шингэн нь дэндсэн хүн. Босон суухын завдалгүй ажлыг амжуулчихдаг хүн дээ. Бас дээр нь их сайхан сэтгэлтэй. Юм болгоныг чадна, эсвэл чамд тусална гээд л хүний ажил хөөцөлдөөд явчихна. Ханьдаа болоод гэр бүлдээ их халамжтай. Хамгийн гол нь маш их хөдөлмөрч” гээд инээмсэглэлээ. Н.Жадамбаа гуайд очоогүй аймаг, сум, газар гэж байхгүй. Энд тэнд худаг, цооног гаргаж, судалгаа шинжилгээ хийж явна. Биднийг ийн хуучилж суухад хоёр залуухан бүсгүй, нэг залуу орж ирлээ. Н.Жадамбаа гуайгаас танай зээ нар уу гэхэд “Үгүй ээ. Миний отгон хамт олон байгаа юм” гэв. Тэд ажлаа ярингаа нэг том цаас дэлгэв. Н.Жадамбаа гуай тэдэнд ийм ном гарсан байна лээ. Тэрийг уншаарай. Тэр программ их зүгээр шүү гэх мэтчилэн зөвлөгөө өгнө. Залуучууд ч түүний амнаас гарах үг бүрийг анхааралтай сонсоно. Тэд Улаанбаатар хотын Гедрогеологи-Геоэкологийн төсөл дээр хамт ажиллаж байгаа гэнэ. Н.Жадамбаа гуай уг төслийн Гедрогеологийн хэсгийг удирдаж байгаа аж. Эдгээр хүүхдүүд түүний дор ажиллаж, сурч яваа хүүхдүүд гэнэ. Тэдний нэг Геологич Б.Намбаяр Н.Жадамбаа гуайн талаар “Танхимд суулгаад бид нарт хичээл заахгүй ч гэсэн өдөр тутмын практикийн түвшинд байнга л зөвлөгөө өгдөг. Бид нар анх настай хүн байна. Хуучны арга барилаар ажиллах болов уу даа гэж харж байсан. Гэтэл огт тийм байгаагүй. Маш шинэлэг арга барилаар ажилладаг. Бидний сонсоогүй, сураагүй шинэлэг аргуудыг зааж, үүнийг судлаадах, тэрийг үзээдэх гээд л ном товхимол авчирч өгдөг.Үүгээрээ бидний ажлыг маш их хөнгөвчилж өгдөг. Бидний сэтгээгүй аргуудыг л хэлж өгч, үр дүнтэй ажлыг явуулж чаддаг хүн дээ” гэсэн юм.

Тэд Улаанбаатарын Гедрогеологийн талаар ярилцах үед нь Н.Жадамбаа гуайгаас энэ талаар асуулаа. Тэрээр “Улаанбаатар байнгын усны асуудалтай байгаа. Туул гол дээрээ далан байгуулах хэрэгтэй. Цааргалаад ерөөсөө байгуулахгүй юм. Манай монголчууд хэрэгтэй, хэрэггүй гэж хоорондоо их маргана. Өөр янз бүрийн төслүүд хөөгөөд оруулаад ирнэ. Үүнийг л зайлшгүй барих хэрэгтэй байна” гэлээ.

Бидний яриа түүний сурагч байх үе рүү очлоо. Тэрээр манай Түмэн сум аймгийн төвдөө өөрийн бага сургуультай байсан тул Түмэнгийн сургуульд орохоор миний ах Баясгалан бид хоёр хөдөөгийн малчны хотоос ээжээрээ мориор аймгийн төв хүргүүлж, авга ах Дагвасамбуугийнд сургуульд сурахаар хоцорч билээ. Би 1951 оны төмөр туулай жил хөх даалимбан дээлтэй, гар хийцийн цүнх үүрсэн, цахлайтсан улаан хацартай, жижиг биетэй хүүхэд сургуулийн хаалгыг татан Дарьсүрэн гэдэг багшийн дааж авсан 1А ангид орж байваа. Тэгэхэд Түмэнгийн сургууль гэрт хичээллэдэг байсан. Бид зүүн хөлөө нугалж суугаад баруун хөлийнхөө өвдөг дээр дэвтэр номоо тавиад бичдэг, уншдаг байв. Ихэнх хүүхэд дотуур байрны гэрт амьдардаг байсан. Би бага ангид голдуу л онц авдаг байсан боловч дунд ангид ороод янз бүрийн л дүн авдаг байв. Шугам зураг, тэр үед черчень (черчение) гэдэг байсан хичээлд тааруухан, биеийн тамир, дуу хөгжмийн хичээлд тун маруухан байв. Ер нь дунд сургуулийн 5-6 дугаар ангийн хичээлүүд их хэцүү. Жил, улирал бүр шинэ хичээлүүдээр нэмэгддэг, өндөр мэргэжлийн багш нар нь цаг цагаар ордог болоод ирэхээр түүндээ дасах гэж хүүхэд бүр жаахан зүдэрдэг байлаа. Би долдугаар ангид сурч байхдаа самбар дээр багшийн болон хүүхдүүдийн бичсэн зүйлээс “цээжилье” гэсэн зүйлээ нэг анхааралтай уншаад л цээжилчихдэг байсан. Тэгэхээр миний харааны эрхтнээр дамжсан мэдээллийг тогтоох чадвар долдугаар ангид байхад гайгүй сайн байсан юм шиг байгаа юм. Харин багшийн ярьсан зүйлийг төдийлөн түргэн, сайн цээжилж чаддаггүй байсан. Тиймээс миний сонсох эрхтнээр дамжсан мэдээллийг тогтоох чадвар сайн биш байсан байх.

Нас бие гүйцсэн залуу цагтаа ч гэсэн амаар мэдэгдсэн зүйлийг тухайлбал, цугларах зарлалыг, очих ирэх хугацааг мартчих явдал үе үе надад тохиож байсан. Одоо өтөлсөн хойноо мартамхай “өвчин” маань бүр ихэссэн. Долдугаар анги төгсөөд нэлээд олон хүүхэд техникумд сурахаар Улаанбаатар хот руу явцгаасан. Долдугаар ангиас техникумд орж суралцсан ихэнх хүүхэд хичээлдээ илүү сайн байснаас гадна амьдралын арга ухаанд бусдыгаа хошуучилдаг, ангийн хамт олны хөтөч шинжтэй хүүхдүүд нь байсан. Сумдаас ирж 8 дугаар ангид орсон хүүхдүүд тоонд их сайн, харин орос хэл бараг заалгуулаагүй байсан учир род, падежаас эхлээд олон дүрэм, үг дээр “гацдаг” байлаа шүү дээ гэв.

Түүнтэй ажил мэргэжлийнх нь талаар яриа өрнүүллээ. Н.Жадамбаа гуай улсын болон хувийн өмчит байгууллагуудад үндсэндээ тасралтгүй 49 дэх жилдээ ажиллаж байна. Тэрээр Монгол орны хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар, түүний дотроос бэлчээр усжуулалт, эрчим хүч, уул уурхай, арьс ширний үйлдвэрүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймагт бэлчээрийн ус хангамжид зориулан 57 худаг шинээр гаргахад болон Цагаанцав, Өлгийхийд (1967 он), Улаанбаатар (1974-1979 он), Шохойтын хөндий (1999 он), Зүлэгтэй (1972 он), Мандалуул (1998 он), Таянгийн хоолой (2008 он), Бэхтийн хөндийн (2010-2011 он), Сайнус-Бор хөөвөрийн говь (2013-2014 он) газрын доорх усны нэлээд нөөцийг илрүүлэх ажлыг зохион байгуулахад оролцож, Цагаан суваргын зэс-молибдени, Төмөртийн овооны цайр-хар тугалга, Зүүн цагаан дэл, Бор-өндөрийн жонш, Таянбор үзүүр, Чандмана уулын төмрийн уулын үйлдвэрүүдийг цогцлон байгуулах, ус хэрэглэгч, ашиглагчдыг унд-ахуй, үйлдвэрлэлийн усаар хангах ажилд биечлэн оролцож байжээ.

Мөн тэрээр 1967 -1971 онд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Цагаанцав, Өлгий хийдийн газрын доорх усны томоохон ордыг шинээр анх илрүүлэн нөөцийг тогтоосны дүнд Цагаанцавын услалтын систем байгуулагдан орон нутгийн болон хот суурин газрын хөдөлмөрчдийн хэрэгцээг тарвас зэрэг жимс, хүнсний ногоогоор хангах, орон нутагт хөдөлмөр эрхлэх, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байсан гэнэ.

Н.Жадамбаагийн дэд эрдэмтний зэрэг горилж туурвисан “Улаанбаатарын артезийн ай савын газрын доорх ус, түүний нөөцийг үнэлэх нь” бүтээл нь улсын нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн Төв эх үүсвэрийн усны нөөцийг загварчлалын аргаар (1974- 1977он) тооцоолж, Дээдэх үүсвэрийг шинээр байгуулах үндэслэлийг гаргасан нь хотын хүн ам, үйлдвэрийг хүрэлцээтэй, найдвартай усаар хангахад чухал хувь нэмэр оруулсан онол, практик, нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой эрдмийн ажил байж..

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд усны 29 газрыг ангилан ялгаж, ай сав бүрийн хил хязгаар, нутгийн хэмжээг тогтооход гадаргын усны чиглэлийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын (тэр үеийн нэрээр) сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар батлах эх мэдээ материалыг бэлтгэлцсэн байна.

Монгол Улс, Нидерландын Вант Улсын Засгийн Газар хоорондын “Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежмэнтийг бэхжүүлэх” төсөлд оролцож байхдаа усны 29 ай сав бүрийн газрын доорх усны нөхөн сэргээгдэх нөөц, ашиглалтын баримжаат нөөцийг тооцоолж цуврал бүтээлүүдэд нийтлүүлсэн байна. Тэрбээр 2012-2014 онд “Дунд масштабын геоэкологийн зураг хийх заавар, арга аргачлал”, “Гидрогеологийн 1:200 000-ны зураглалын аргачлал, үнэлгээний норм, зургийн таних тэмдэг аргачилсан заавар”, “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал” заавруудыг боловсруулалцаж, 2012 ба 2015 онд нийтлүүлэн олны хүртээл болгож эхэлсэн байна.

Н.Жадамбаа гуай Монгол орны газрийн доорх болон гадаргуугийн усны бүх орд, илрэлийг савуудаар нь анх удаа ангилан жилийн балансыг гарган цаашид хэрхэн ашиглах боломжийг үнэлэхийн хамт, ашигт малтмалын ордуудын гидрогеологийн нөхцөлийг тодорхойлсон их үйлийг хийсэн. Н.Жадамбаагийн биечлэн оролцож, хянан зохиосон Монгол орны гидрогеологийн тухай том, жижиг хураангуйлалтай 30 гаруй зураг байдаг. Уг зургууд нь манай орны газрын доорх усны эрэл, хайгуулын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй явуулахад чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа төдийгүй гадаадын олон орны эрдэмтэд түүний бүтээлтэй танилцаж хамтран ажилладаг гол чиглэл болсон байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *