Categories
мэдээ цаг-үе

Д.Цэнд-Аюуш: SSM сургуулийн цайны газар гарал үүслийн бичиггүй ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авсан байна лээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуштай ярилцлаа.


-Энэ сарын 5-ны өдөр SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан. Хордлогын улмаас найман хүүхдэд цусан суулга өвчний шинж илэрсэн гэсэн. НМХЕГ-аас тандалт судалгааны ажил хийсэн шүү дээ. Үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс манай байгууллагад 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур Монголын хамтарсан сургуульд сурдаг найман хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэг ирсэн талаар мэдээлэл ирүүлсэн. Үүний мөрөөр Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалтын баг томилогдож тус халдварын голомтод ажилласан байгаа. 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн мэдээгээр: Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 83, үүнээс халдвартад хэвтэн эмчлүүлсэн 43, хоёр хүүхэд сэхээнд биеийн байдал тогтвортой, гэрээр 39 хүүхэд эмчлүүлж байгаа. Нэг хүүхэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт, нэг хүүхдийн онош үгүйсгэгдсэн. Өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр Shigella Flexner 1A үүсгэгч илэрсэн. Энэ нь голдуу бохирлогдсон хүнс, усаар дамжиж өвчлөл үүсгэдэг. Үйл ажиллагааг түр зогсоосон, хэрэглэж байсан уснаас гурван дээж, хоолноос 12, бүтээгдэхүүнээс 10, арчдас ес, агаар нэг , тахианы махнаас найман дээж нийт 43 дээж авч Улсын мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори болон Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн. Лабораторийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

-Хүүхдүүд тахианы махан щницелиэс хордсон гэх мэдээлэл гарсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд хоолны цэсний дагуу хоолоо хийгээгүй байна лээ. Салат хачир, кебаб, үзэмний шүүс зэргийг нэмэлтээр бэлтгэж өгсөн боловч дээж авагдаагүй. Харин үйлдвэрлэсэн халуун хоол болох тахианы махан щницель, тахианы махтай гурилтай шөл, баяжуулсан бантан, сүүтэй шар будаа, сүүтэй зутан, будаатай луувантай шөл, люля кебаб, төмсний нухаш, шарсан төмстэй хуурга, алим далайн байцаа, голден милк сүү зэргээс дээж авсан боловч зохих хэмд хадгалаагүй устгасан тухай тэмдэглэлийг зааврын дагуу хөтлөөгүй байсан нь тогтоогдсон.

-SSM сургуулийн цайны газар хоолны материалаа хаанаас авдаг бол. Тухайн газраас нь дээж авч шинжилсэн үү. Хариу нь хэзээ гарах вэ?

-Мах, сүү болон бусад төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулаагүй, гарал үүсэл, шинжилгээний бичиггүй, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй байсан. Зохион байгуулагч О.Бадамханд нь өглөөний 8:40 цагт хоёр кг-аар савласан гурван ширхэг тахианы гуяны цул махыг (гадуураа гялгар ууттай) “Хүчит Шонхор” худалдааны захаас авчирч хоол хийсэн гэсэн.

Тус сургуулийн хүнсэнд хэрэглэх ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг долоо хоногт нэг удаа татан авалт хийдэг юм билээ. Тухайн өдрийн хүнсэнд хэрэглэсэн гурил /дээд/, цагаан будаа сүмтэй , хүүхдийн будаа, үзмийг гуравдугаар дугаар сарын 31 – ний өдөр Хүчит Шонхор захын 10 дугаар павилоны эзэн Алтанцоожоос авсан байсан. Мөн өдрийн хоолны орцонд орсон төмс, шар лууван, цоо байцаа8 сонгино зэргийг гуравдугаар сарын 29-ний өдөр Барс захын гуравдугаар зоориноос худалдан авсан болохыг тогтоосон. Дээрх ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авахдаа ургамал8 түүний гаралтай түүхий бүтээгдэхүүний гарал үүслийн бичиггүй, шинжилгээ баталгаажилтгүйгээр авсан байна лээ.

-Хүчит шонхор болон Барс захаас мах авдаг талаар та яриандаа дурдлаа. Шалгалт хийгээд ямар арга хэмжээ авсан бэ?

-Хэрэглэсэн, худалдаалж байсан тахианы махны нийт найман дээж авч улсын Мал эмнэлэг, ариун цэврийн Төв лабораторид шинжлүүлсэн.

-Тахианы махны эрүүл ахуйн талаар олон гомдол мэдээлэл байдаг. нМХЕг-аас ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Тахианы махыг импортлох эрхтэй аж ахуйн нэгжүүд импортоор оруулж ирж худалдаалдаг. Тухайн импортлох улс оронд шувууны болон олон улсын хөл хориот өвчин гараагүй газраас эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр оруулдаг.

-бнХау-аас оруулж ирж буй тахианы маханд ямар хяналт тавьдаг вэ. эрүүл ахуйн ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Хилээр орж ирэх бүрт тухайн бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсний үндсэн дээр хилээр нэвтрүүлдэг байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *