Нийслэлийн ХанУул дүүргийн “Монгол билиг оюун” цэцэрлэгийн багш Л.Отгонбаттай ярилцлаа.
-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Отгонбат гэдэг. Би Хан уул дүүргийн тэргүүний “Монгол билиг оюун” цэцэрлэгийн цогцолборт багшаар ажилладаг. Цэцэрлэгийнхээ Ахлах “А” бүлгийг даан авч ажиллаж байгаа. Мөн спорт өрөлтийн холбоотой хамтран спорт өрөлтийн дугуйланг цэцэрлэгийн 4, 5 настай 5 бүлгийн нийт 100 гаруй хүүхдэд давхар явуулдаг.
–Хэдэн онд ямар сургууль төгсөж цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшив. Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв?
-2008-2012 онд МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын Сургуулийг 4 жил суралцаж цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр төгссөн.
Сургуулиа төгсөөд Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэгт гурван эрэгтэй багштай хамт ажиллаж байсан. Анх ажиллахад бас бага зэрэг эргэлзээ, айдастай байсан. Ингэхдээ бас эрэгтэйчүүдээ түшдэг юм билээ. Анх 101 дүгээр цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажилласан. Сургуулийн өмнөх боловсролын салбарт долоо дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.
-Эрэгтэй цэцэрлэгийн багш тэр бүр ховор. Цэцэрлэгийн багш гэхээр яагаад ч юм эмэгтэй хүн, ээж хүмүүс санаанд буудаг. Хүний нялх үрийг эмэгтэй хүн л ээж шиг нь хайрлан, асарч хүмүүжүүлнэ гэсэн ойлголт байдаг л даа?
-Мэдээж тэгэлгүй яах вэ? Цэцэрлэгийн багш гэхээр нийгэм, эцэг эхчүүд ерөнхийдөө эмэгтэй хүмүүс байдаг гэдэг нийтлэг ойлголттой. Өнөөдөр улсын хэмжээнд нийт 20 гаруй эрэгтэй цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч зэрэг албан тушаалд ажиллаж байна. Энэ бол нийт ажиллаж байгаа боловсон хүчний маш бага хувийг эзэлнэ. Тухайлбал хамгийн ахмад нь Алтанхуяг гээд 30-аад жил ажиллаж байгаа багш бий. Сүүлийн үед сургуулийн өмнөх боловролын багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа.
Цэцэрлэгт хүүхдийг хүлээж авахад эцэг эхчүүдийн хандлага харилцан адилгүй. Эрэгтэй багштай юм уу, гэх эргэлзсэн асуулттай тулгардаг. Зарим эцэг эх хүүхдээ өгөхгүй гээд шууд өөр ангид өгөх тохиолдол гарна. Гэвч хоёр, гурван сар ажилласны дараа эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгддөг. Эргээд эцэг эхчүүд таны ангид хүүхдээ өгье, багш аа уучлаарай гэж байв.
Сургуулийн өмнөх нас гэдэг бол хүний насан туршийн боловсролын суурь үе бөгөөд зарим эцэг эхчүүдийн хувьд үүнд маш соргог хандаж цэцэрлэгт, багшид хүүхдээ даатгаад орхих биш, багштай хамтран хүүхдээ хөгжүүлэх тал дээр илүү анхаарч байгаа нь ажиглагддаг бөгөөд энэ нь залуу багш миний хувьд ажиллах урам зоригийг өгдөг. Мөн өглөө бүр ангидаа баяр хөөртэйгөөр орж ирэх бяцхан шавь нарынхаа итгэл дүүрэн нүдний харц, эцэг эхчүүдийн багшаа гэж хүндлэх хүндлэл намайг ажлаа чин сэтгэлээсээ урам өгөхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандах ёстой гэдгийг үргэлж сануулж байдаг.
Хүүхдийг хайрлаж, асрахад эрэгтэй, эмэгтэй багш гэж ялгах нь өрөөсгөл юм. Хайрлаж, халамжлахад эрх тэгш л байдаг байх. Туслах багш маань эмэгтэй багш нар байдаг учир илүү давуу талтай гэж боддог. Хүүхдүүд гэртээ аав, ээжийн хайранд өсдөг, эрэгтэй, эмэгтэй багштай байхаар ангидаа тэр хайрыг ижил авч байгаа юм.
-Ер нь эрэгтэй цэцэрлэгийн багш байхын хэцүү нь юу вэ. Бас сайхан тал нь юу бол. Цэцэрлэгийн багш хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Хэцүү санагддаг зүйл бол эцэг эхийн анхны хандлага байдаг. Үүнийг хэрхэн хүлээж авч сэтгэлдээ тусгахаас шалтгаална. Дээр өгүүлсэнчлэн хэсэг хугацаа өнгөрсний дараа байдал хэвийн болдог.
Сайхан зүйл бол их л байна. Хүүхдийн инээд хөөр, баяр баясал дунд өөрөө түүнийг мэдэрч баярлаж хөөрч байдаг. Хүн юу ярина, түүнийг өөрөө амьдралдаа мэдэрдэг гэдэг шүү дээ. Тиймээс цэцэрлэг дээр бид ямар ч муу муухай зүйл ярьдаггүй. Багш нарын амьдрал тэр хэрээрээ сайхан зүйлээр баялаг байдаг. Мөн хүнээр хүн хийх, хүүхдүүдээ аливаа зүйлийг сураад, өсөөд, хөгжиж байгааг харах бахархалтай.
Ер нь хүүхдийн байгаа орчин нь багш нь юм. Анзаарч байхад эцэг эхчүүдийн нэг өрөөсгөл ойлголт цэцэрлэг л хүүхдийг сургаж хүмүүжүүлэх, хөгжүүлэх ёстой гэдэгт оршиж байна. Гэтэл хүүхдийг хөгжүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох чиглэлээр багш нар маань өдрийн турш тасралтгүй ажиллаж байдаг бөгөөд гэртээ очоод түүнийг цэцэрлэг дээр л хийх ёстой зүйл мэт хандаж байгаа нь тулгамдасан асуудал болж байна.
-Багш хүний арга барил гэж байдаг. Та хүүхдүүдтэйгээ хэрхэн ажилладаг вэ?
-Хүүхдүүдтэйгээ бүтэн өдрийг хамт өнгөрүүлэхэд инээлдэнэ, уйлалдана, гомдоно, энэ болгонд өөр өөрөөр хүүхдүүдийнхээ сэтгэл санаанд тохируулан харилцана. Ихэнхдээ найз нь мэт байдаг даа. Хүүхдүүд сэтгэл хөөрөл ихтэй тоглох, инээлдэх үедээ аав аа гэж дууддаг. Энэ бас их сайхан санагддаг.
Миний ажилдаа баримталдаг зарчим бол цэцэрлэгийн орчинд хүүхэд чөлөөтэй тоглох, ярилцах, сэтгэл зүйн хувьд хамгийн эерэг таатай мэдрэмжийг авч чаддаг байхад оршино гэж боддог.
-Эцэг эхчүүд, багшийн холбоо харилцаа та бүхэнд их чухал байх. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?
-Багшийн ажлын нэг хэсэг бол хүүхэд бүрийг хөгжүүлэхэд эцэг эх бүртэй ганцаарчлан уулзах, ярилцах, тэдний саналыг сонсох шаардлага зайлшгүй чухал. Миний хувьд энэ тал дээр нэг их хүндрэл гараад байдаггүй.
-Сургуулийн өмнөх боловсролын тухай өнөөдөр их ярих болсон. Яг энэ талбарт ажиллаж, жаргал зовлонг нь мэдэх хүний хувьд юу хэлэхийг хүсч байна?
-Сургуулийн өмнөх боловсрол чухал уу, гэж үү? Сургуулийн өмнөх боловсрол бол хамгийн чухал гэдгийг би дээр өгүүлсэн. Манай улсын хувьд сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үр дүнтэй ажлууд олон хийгдэж байгаагийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлууд ч байна.
Тухайлбал цэцэрлэгийн хүртээмж, нэг багшид ногдох хүүхдийн тоо, багш боловсон хүчнийг бэлтгэх асуудал зэрэг нь хараахан сэтгэлд хүрдэггүй.
-Өнөөдөр багш нарын долдугаар их хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж байна. Тус хуралд та оролцох уу. Энэ хурлын ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Энэ хуралд би сонгогдоогүй. Монголын багш нарын VII их хурал хорь гаруй жилийн дараа зохион байгуулагдаж байгаад баяртай байна.
Аливаа улс орны нийгмийн тэргүүлэх салбар болох боловсролын салбарын багш нар нэгэн дор хуран чуулж байгаа нь өнөөгийн тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал сургалтын талаар баримтлах бодлого, сургалтын хөтөлбөрүүд, гарын авлага, багш нарын нийгмийн асуудал зэрэг.
Монголын багш нарын VII их хуралд оролцогч, хурлын төлөөлөгч нар болон нийт багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.