Categories
мэдээ улс-төр

М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 86.2 хувиар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжлээ.


УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Нэр дэвшигчдийн дэмжиж байна. Дэмжиж байгаагийн гол шалтгаан нь системийн хүмүүс орж ирснийх. Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон, анхаарна биз. Бид эрхзүйт төрд ажиллаж байгаа. Шүүхийн засаглалд итгэнэ. Үүнийг бий болгох гол хүмүүс нь прокурорууд. Та нар хариуцлагатай ажиллаарай. Өнөөдөр нийгэмд цахим хэрэгслээр гарсан мэдээллээр ялладаг болсон. Ийм эрхзүйт төр байхгүй шүү. Эцсийн цэгийг хуулийнхан тавина. Шүүхийн шийдвэрийн тогтоолоор хүнийг яллана. Үүнд гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүс нь прокурорууд. Энэ талд анхаарч ажиллаарай. Та нар гүйцэтгэх ажил хийдэг хүмүүс.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасныг хүн бүхэн ярьж байгаа. шүүх, Прокурорын байгууллага Монголд оршин тогтнохын аргагүй болсон мэтээр ч ярих болсон. Хууль шүүхийн байгууллагын систем бүхлээрээ чадамжгүй болсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Унасан нэр хүндээ сэргээхийн төлөө та бүхэн сайн ажиллаарай. Улстөрчид бид ч гэсэн анхаарах хэрэгтэй. Бид та бүхний ажилд дэм болж ажиллах ёстой. Улстөрөөс ангид ажиллах ёстой. Улстөрчдөөс ангид байж чадаагүйн улмаас хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасан. Цаашид улстөрчидтэй та бүхний нэр холбогдоод эхлэх л юм бол унасан нэр хүндээ сэргээх боломжгүй шүү.Олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгч баймаар байна, хуулийнх нь хүрээнд хэргийн явцыг мэдээлдэг байх ёстой. Шударга ёс зүйтэй, хараат бус байдлаа хадгалж ажиллахыг хүсье.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Дэмжиж байна. Прокурорын орлогчид анх удаа цагдаагийн бус хүн томилогдох гэж байна. Эрүүгийн хэргийг үүсгэх үндэслэлүүдээ сайн хараарай. Захиалгат мэдээллээр гүтгэлгийн шинжтэй мэдээллээр, иргэний гомдлоор хэрэг үүсгэчихдэг шүү.Энэ байдлыг өөрчлөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилох саналаа УИХ-ын даргад хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээв. “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ.

Максимын Чинбат нь:

  • 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
  • 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
  • 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
  • 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
  • 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Содонгийн Алиманцэцэг нь:

  • 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
  • 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
  • 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
  • 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
  • 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *