Categories
мэдээ цаг-үе

Ч.Анхбаяр: Монголбанкны зүгээс “Капитал” банкийг хангалттай дэмжсэн гэж ойлгосон

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Ч.Анхбаяртай ярилцлаа.


-“Капитал” банкны дампуурлыг судлаачийн хувьд юу гэж харж байна вэ?

-Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлд тухайн банк санхүүгийн тайлан бусад мэдээллээ олон нийтэд ил тод байлгах үүрэгтэй гэж заасан. “Капитал” банкны хувьд сайн ажиглавал 2004 оноос хойших санхүүгийн үзүүлэлтүүд веб сайтан дээр нь байршуулагдаагүй. “Капитал” банкны санхүүгийн байдал муудах нь гэсэн ойлголт миний мэдэхийн 2006 оноос эхлэн сонсогдох болсон. Ер нь банкны санхүүгийн хүндрэлийн суурь шалтгааныг харвал актив, пассивын удирдлага, түүний бодлогын алдаанаас үүдэлтэй гэж болно. Тухайлбал, бусдаас татсан нийт эх үүсвэрийн 50 орчим хувь нь Засгийн газар, төрийн байгууллагын харилцах хадгаламжаас бүрдсэн.

Зээлийн багц талаас нь авч үзвэл иргэд, байгууллага руу чиглээгүй. Жижиг, дунд бизнес эрхлэгчид гэх мэт хямралд өртөмтгий чиглэлийн бизнесүүдэд зээл олгосон дүр зураг харагддаг. Үүнээс үзэхэд актив, пассивын бодлогын алдаа нь харагдсан. Хоёрдугаарт, бодит эдийн засгийн нөхцөл байдлыг зөв тооцоод эрсдэлээ үнэлсэн салбаруудад зээл олгосон үгүй нь эргэлзээтэй. Яагаад гэхээр нийт зээлийн 80 хувь нь чанаргүй болно гэдэг өөрөө осолтой. Миний мэдэхийн 50 хувиас гараагүй банкууд байдаг. 80 хувь дээр ОУВС-гийн активыг үнэлэх үнэлгээний нөлөө орсон байж болох юм.

-Мөнгөө хадгалуулсан иргэдийн хувьд нөхцөл байдал хаашаа эргэх вэ, мөнгөө олж авч чадах уу гэдэгт гол анхаарлаа хандуулаад байна?

-20 сая хүртэлх төгрөгийг Хадгаламжийн корпорациас гаргуулж авах боломжтой. Үүнээс дээш мөнгийг үндсэндээ Монголбанкны эрх хүлээн авагч зээлийн ажиллагаанаас хамаарна. “Капитал” банкны зээлдэгчид зээлээ бүрэн төлнө. Үүнийг хуулийн байгууллагууд бүрэн төлж барагдуулна. Хугацааны хувьд уртасч 2-3 жил болохыг үгүйсгэхгүй. Зээл төлөлтийн хэмжээгээрээ хадгаламж эзэмшигчдийн хохирол барагдана.

-Монголбанкны зүгээс “Капитал” банкинд туслалцаа үзүүлэх биш, эсрэгээрээ эрсдэл рүү түлхсэн гэх яриа байна. Энэ хэр бодитой юм бол?

-Монголбанк санхүү, банкны системийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Энэ тогтвортой байдлыг хэмждэг өөрийн гэсэн үзүүлэлттэй. Үүнийг банкны зохистой харьцааны үзүүлэлт гэж нэрлэдэг. Тухайлбал, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувиас их байх ёстой. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувиас их байх. Зээлийн чанаргүйдэл таван хувиас бага байх ёстой гэсэн заалтууд бий. Монголбанк сар болгон санхүүгийн шалгалт хийгээд албан тоот явуулдаг. Тэдгээр албан тоотуудыг харвал салбарын дундажтай харьцуулахад тухайн банк хаана явааг урьдчилан үнэлдэг. Мэдээж болохгүй зүйлсийг болгох талаас тодорхой хугацаа өгдөг. Түүнчлэн Банкны тухай хуулиараа хүндрэл илэрсэн үед түүнээс гарах тодорхой хугацаатай төлөвлөгөөг гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Монголбанкны зүгээс боломж, хугацаагаар хангалттай дэмжсэн гэж ойлгосон.

-Олон нийтийн дунд “Капитал”-ын дампуурлыг улстөрчид болон нэр бүхий хүмүүстэй холбож ярих болжээ. Үүнийг та юу гэж харж байна. Дампуурлаас хэн хожих вэ?

-Онолын хувьд банкны дампуурлаас зээлдэгчид хожино гэсэн ойлголт бий. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр явахаар хүүгээс чөлөөлөгдөх хандлага бий. Ямар тохиолдолд зээлээ төлөхгүй байдал үүсдэг вэ гэхээр хүндрэл бий болох нь гэсэн шуум дэгдэхэд юм. Томоохон улстөрчид гэдэг талаас мэдэх зүйл алга. Тодорхойлох боломжгүй.

-Төрийн сангуудын мөнгийг яаж буцааж авах вэ?

-Монголбанкны эрх хүлээн авагч шийдлийг олж гаргах байх. Эрх хүлээн авагч ямар бодлого гаргасан түүнийхээ дагуу ажлаа хийх байх.

-Монголд хэд хэдэн банк дампуурсан. Тэгэхээр манай банкны тогтолцоо асуудалтай юм биш биз гэсэн хардлага төрж байна?

-Дампуурлуудыг цикл нөлөөгөөр нь авч үзвэл эдийн засгийн циклтэй төстэй. Эдийн засаг хүндэрсэн үед банкны салбар дагаад хүндэрдэг. Яагаад гэвэл зээл олгосон салбарууд нь хүндэрчихдэг. Банкуудын хямралыг аваад үзэхэд түрүүн хэлсэн актив, пассивын бодлоготой холбоотой. Хууль, эрх зүйн орчин харьцангуй сайжирсан. Банкны засаглал харьцангуй сайжирсан. Ялангуяа топ таван банкуудын хувьд. Засаглал сайжирч буйг эдгээр банкууд дээр хийсэн олон улсын үнэлгээний байгууллагын рейтингээр тодорхойлдог. Жижиг банкуудын хувьд харьцангуй эргэлзээтэй. Арилжааны банкууд тогтвортой эх үүсвэрийг татах ёстой. Тэр нь тодорхой хугацаатай. Хугацаандаа нийцүүлж эрсдэлээ тооцож зээлээ олгоно. Аль болох эрсдэл багатай, зээлийн өгөөж өндөртэй байх салбарууд руу чиглэж зээл олгох ёстой. Жишээлбэл, “Капитал” банкны хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь 0.5 хувь. Энэ тоо 25 хувь байх ёстой. 0.5 хувь гэдэг нь анхны шаардлагаар харилцагчийн мөнгийг гаргаж чадахааргүй гэсэн үг. Дээр нь төрийн эх үүсвэр талд оруулсан мөнгө тогтвортой юу гэдэг нь эргэлзээтэй. Жишээлбэл, Хөгжлийн банкны мөнгө гадагшлаад явчихсан. Гэтэл энэ бас л тогтворгүй эх үүсвэрийн бүтэцдээ орно. Эх үүсвэрээ аваад үзвэл хадгаламж эзэмшигчийн топ 20 нь нийт хадгаламжийн хөрөнгийн хэдэн хувийг эзэлж байна вэ гэдэг нь чухал үзүүлэлттээ ордог. Хэрвээ ганц, хоёр хадгаламж эзэмшигчээс тухайн банк хамааралтай байвал эмзэг байдал руу түлхэх хүчин зүйл болдог.

-“Капитал” банкны дампуурал арилжааны банкуудад ямар дохио өгөв?

-Өмнө нь аргалах маягаар явж ирсэн банкуудад хариуцлага ирж байна. Монголбанк санхүүгийн хариуцлага, сахилга батыг тогтоогоод эхэллээ гэсэн мессэж бусад банкуудад очно. Өөрөөр хэлбэл, банкууд өөрсдөдөө стресс тестийн үнэлгээ хийж байх. Энэ нь болзошгүй хамгийн муу тохиолдлуудаар үзүүлэлтүүдээ муутгаж, тэр тохиолдолд Монголбанкны зохистой харьцааны үзүүлэлт яаж доройтож байгааг гаргаж ирнэ. Монголбанкнаас эрх хүлээн авагч төлөөлөгч ирэх үү, үгүй юу гэдгийг шалгадаг юм. Тэгэхээр “Капитал” банкны тоо жишиг үзүүлэлтүүдийг харуулчихлаа. Стресс тестийн үнэлгээг даахгүй бол одооноос эхлэн зээл, эх үүсвэрийн бодлого дээр томоохон өөрчлөлтүүд орж ирэх боломжийг бүрдүүлчихэж байгаа юм. Монголбанкны зүгээс урьдчилан илрүүлэх үзүүлэлтүүд дээрээ сайн ажиллаж байна гэж харж байгаа.

-Санхүүгийн тогтвортой байдал гэхээр иргэд нэг ч банк дампуурахгүй байх ёстой гэж хардаг. Үүн дээр та товчхон тайлбар хийхгүй юу?

-Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь үзүүлэлтүүд тогтвортой өснө гэсэн үг биш. Энэ дотор гэнэтийн болзошгүй хүчин зүйл бий болоход түүнд савлахгүй байхыг хэлнэ. Тэгэхээр банк итгэлцэлийн байгууллага. Гэхдээ жишээлбэл, “Капитал” банкны үйл явц салбарын хэмжээнд нөлөөлж чадахгүй. Яагаад гэвэл салбарын топ банкуудын үзүүлэлтүүд их сайн байгаа. Тэгэхээр топ банкууд руу чиглэсэн Монголбанкны зохистой харьцаа чиглэгдэж буйгаас санхүүгийн салбар тогтвортой байгаа нь харагдаж байгаа юм.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *