Categories
мэдээ улс-төр

Ирц бүрдээгүйн улмаас байнгын хорооны хуралдаан хойшиллоо

УИХ-ын Тамгын газраас гаргасан товын дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас эхлэх ёстой. Товлосон цагаас 1 цаг 20 минут өнгөрөөд буюу 15.20 минут болоод байгаа ч ирц бүрдээгүй байна. Байнгын хорооны 19 гишүүний 8 нь ирээд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа, Ц.Оюунхорол, А.Ундраа, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, Т.Ганболд нарын найман гишүүн ирээд байна.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар

  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/;
  • “Хорт хавдарын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсох асуудлыг тус тус хэлэлцэх товтой.

Нэмэлт:

14.00 цагаас эхлэх товтой байнгын хорооны хурал 16.00 цагт ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг, С.Эрдэнэ нар гадаадад томилолттой. Харин Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал, Л.Энх-Амгалан нар тодорхой шалтгаангүйгээр ирц бүрдүүлээгүй тул байнгын хорооны хуралдаан хойшилсныг НБСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэллээ. Тэрбээр, гишүүдийг хариуцлагатай байж хуралдааны ирц бүрдүүлэхийг хүссэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *