Categories
мэдээ нийгэм

“Байгалиа хамгаалъя” аян эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар энэ сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд “Байгалиа хамгаалъя” аян явагдаж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд ажиллаж эхэлсэнбайна. Өнгөрөгч 2018 онд гэхэд Хүрээлэн буй орчны эсрэг 268 зөрчил бүртгэгдэж, 233 иргэнээр гарсан зөрчлийг арилгуулсан гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тавдугаар сарын 15-ныг дуустал зохион байгуулах “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна. Энэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 аймгийн БОАЖГ, хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уриалга дэвшүүлж, орон нутгийн иргэддээ мэдээлэл өгөхийг даалгаж, орон нутгийнхаа цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллахыг үүрэг болгосон аж. ЦЕГ-аас Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах сэргийлэх хэлтсийнхнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, гол ус аа хайрлан хамгаалах, хулгайн мод, хулгайн ан, ховор ургамлыг түүхээс татгалзах, хариуцлагагүй уул уурхай эрхлэхгүй байхыг уриалсан мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэн ажиллаж байна. Дашрамд дурдахад цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг байгаль орчныг бохирдуулах, ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, хууль бус ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах зэрэг 5 төрлөөр шалгаж байгаа аж. Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш иргэн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Тиймээс иргэн бүрийг байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *