Categories
мэдээ цаг-үе

Лханаагийн Мөнхтөр: Цэндийн Чимиддорж анхны номыг минь редакторлож, хавтасных нь зургийг өөрөө зурж байлаа

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Лханаагийн Мөнхтөртэй ярилцлаа.


-Та бол алдарт Хүйсийн говийн хүн. Урин цаг ирэхээр ус нутаг бүр чиг санагдах нь зовлонтой. Дээр нь та Монголдоо байхгүй учир Хүйсийн говио, Их Алтайгаа их санаж байна уу. Яриагаа нутаг уснаас тань эхэлье?

-Баруун хойноос салхилж байвал нутаг минь үнэртдэг гэж би боддог юм. Ер нь би төрсөн цагаасаа эхлэн нутгийнхаа салхин дор өсөж, өдөлж, өтөлж яваа хүн л дээ. Хүйсийн алдарт говь гунигт түүхээ хав дараад намрын хонгор салхинд агь нь цэнхэртээд ирэхээр цаглашгүйн хөх тэнгэр хүртэл дүрлийчихдэг юм. Энэ их буянтай говь доо. Хоёр аймгийн таван сумын малчид энэ л говийн хээлнээс аварга ч болж, алдар гавьяа ч хүртэж, бүр төрийн шагналт хоньчин хүртэл төрсөн юм даа. Яагаав, өнөө алдарт хоньчин төрийн шагналт Сономцэвээний Цогтгэрэл гэдэг хүн энэ говьд түмэн цагаан хонио хариулж, хотгүй отрын туршлагаа дэлгэрүүлж явсан. Энэ дашрамд нэг сонин хууч болгоход танай Хишиг-Өндөрийн алдарт хоньчин Зундуйн Очир гуай энэ хүний багш юмсанж. Цогтгэрэл гуай Улаанбаатараас онгоцоор нутаг руугаа явж байхдаа онгоцны үйлчлэгчид “За миний хүү Булганы нутаг дээгүүр өнгөрөх үед хэлээрэй” гэж захисан гэдэг. Тэгээд үйлчлэгч ч ёсоор болгож хэлэхэд Цогтгэрэл гуай суудлаасаа босон залбирсан юм гэдэг. Багш шавийн нандин харилцаа гэдэг тэнгэрт ч, газарт ч үргэлжилдэг байна даа. Хүйсийн говь, сумаа нэрлэсэн домогт Хөхморьт хайрхан, Цаст Сутай бүгд л надтай хамт оршном. Нэгэнтээ би:

Нутаг минь намайг дагаж явдаг

Нутгаа би дагуулж явдаг… хэмээн шүлгэндээ бичиж байсан.

-Ижий аавынхаа тухай ярихгүй юу?

-Миний аав бол нутаг усандаа шударга шулуунаараа гайхагдсан эгэл жирийн малчин хүн байлаа. Галиндэв гэж хүний гуравдугаар хүү. Үеийнхэн нь “ногоон” Лханаа л гэнэ, “дошгин” Лханаа л гэнэ. Ямар нь ч байсан миний л аав. Хүүхэд ахуйд манайх мал тооллого, ухуулга сурталчилгааны ажлаар төвөөс гарсан төлөөлөгчид хоног тааруулж ирээд хонодог тийм л олонтой айл байсан юм. Аав маань Үндэсний бөхийн ууган гавьяат мастер Бадам-Оргийн Түвдэндорж аваргатай нэг салааны цэрэг байж, улсад барилдаад ирэхэд гарыг нь атган баярлаж явсан хүн. “Бид ялав” медалиа хөвөнд боож нандигнасан ахмад дайчин байсан. Таван жил цэргийн алба хааснаас өөр ийш тийш явж эрдэм ном сураагүй амьдралын хар ухаанаараа насыг барсан хүн. Ээж маань Хургын Гүнсэн гэж эгэл жирийн л эжий байсан. Миний өвөө Хурга гэж лам хүн байлаа. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд ахтайгаа хоёул баригдаж, ах нь Сүрэнжав маарамба гэдэг том лам байсан болохоор буудуулсан. Миний өвөө бол 10 жил шоронд суугаад гарч ирсэн юм. Өвөө маань намайг нэгдүгээр ангид орох жил жижиг гэртэйгээ сумын төв бараадан нүүж ирж намайг хооллоод зун нь бурханы хутгийг олсон. Намайг боловсрох замд босго алхуулсан буянтан. Би бол Лханаа гэдэг айлын өргөмөл ганц хүү. Дороо өргөмөл ганц эмэгтэй дүүтэй. Манайх гэдэг айл товчдоо ийм.

-Монголын арааживтай хэрхэн холбогдов. Тэр хувь тохиол сайхан байж таарна. Арааживаас л арай дөмгүүрүүд нь төрсөн юм биш үү?

-Би гэдэг хүн багш болдог бүх сургууль төгссөн. Архангай аймаг дахь Багшийн сургууль, Улсын багшийн дээд сургууль тус тус төгссөн. Гэвч намайг нэг зүйл байнга чангаадаг байсан нь уран бүтээлчийн зам мөр байлаа. Улсын багшийн дээд сургууль байхад нь элсэн орж, Улсын багшийн их сургууль болсон хойно нь төгссөн юм. Тэр үед намайг Монголын радио их уруу татсан. Бас нэг сонин нь миний аав малчин хүн мөртлөө Монголд гарсан бүх радионоос худалдаж авсан байдаг юм. Хамгийн сүүлд надад үлдсэн нь тэр үед хамгийн сүүлд гарч байсан “Эфир-М” гэдэг дээрээ пянз тоглуулагчтай радио байлаа. Түүнээс өмнө гарсан бүхий л загварын радиог эдэлсэн хүн бол миний аав. Нөгөөтэйгүүр сургуулиа төгсөхийн үед Баянхонгор аймгийн ХЗЭ-ийн хороонд хамт ажиллаж байсан миний анд нөхөр Шархүүгийн Энхтөр гэдэг өндөр нөхөр “Чи радиод л оч гэж ятгасан явдал байлаа. Ш.Энхтөр бол сайн сэтгүүлч, сайхан хүн байсан. “Өдрийн сонин”-д ажиллаж байгаад залуугаараа бурханд зорьсон юм. Хүү нь Э.Соёл-Эрдэнэ гээд сэтгүүлч бий дээ. Ингээд л оюутан байхад радиогийн сэтгүүлч миний анд нөхөр Данзангийн Нямаа миний тухай “Морьтой хүн” хөрөг найруулал хийж байлаа. Сургуулиа төгсөөд л арааживд урвачихсан.

-Таны багш Радиогийн бүдүүн дуут Базарын Цэдэндамбааг танихгүй, тэр хүний тухай дуулаагүй, сонсоогүй хүн гэж үгүй. Багшийнхаа тухай дурсаач. Домог түүх тэр сайхан дурсамжуудыг нь яриач. Дамбаа бол хүний хувьд ч, уран бүтээлчийн хувьд ч аварга амьтан байж ээ?

-Хорин долоон жилийн тэртээ намрын шаргал өдөр энэ их айлын босгоор орсон. Багш маань тэр намар тэтгэвэртээ гарсан. Энэ хүнийг би Баянхонгорт байхаас таньдаг хүндэлдэг байлаа. Төмсний тухай сайхан нэвтрүүлгийг нь шонгийн мод түшиж байгаад цагаан хоолойгоор сонсож биширсэн нэгэн л дээ. Азаар радио надад “Ургацын далай” нэвтрүүлэг хийх оноолт өгсөн юм. Бөх хүн оноолтоосоо их бэргэдэг шиг би ч тэр үед ийм алдартай хүний хийж байсан нэвтрүүлгийг бардаг байгаа гэж их гэрэвшин бэмбэгнэж байлаа. Багш маань шар ширээгээ уудлан бичиг цаасаа нэг мөр аваад надад өгсөн. Тэгээд удалгүй радиогийн ой болж бид хүүхдийн 100-гийн тэнд “Солонго” ресторанд баяраа тэмдэглэхэд энэ их хүн олны өмнө өнөөх л том бүдүүн дуугаараа хүнгэнүүлж албан ёсоор алтан тоостой микрофоноо гардуулсан даа. Багш бид хоёр аав хүү хоёр шиг л байсан. Багшийнхаа тухай их бичсэн. Тэр бүхнээс манай уншигчид бас мэдэх байх аа. Багш маань нэг өдөр Зүүнхараагаас хот руу явж байхад ярьж байна. За Мөнхтөр өө. Цагаан сар гэдэг чинь “Баян хүний бахархлын сар, хоосон хүний хохирлын сар” гэж байгаа юм даа… Түүний оносон зүйрлэл хэлцүүд үнэндээ зүйр цэцэн үг шиг юм. Афоризм шиг юм. Багш Дорнод аймагт намрын ажлаар очоод аймгийн дарга нартай нь хадлангийн тухай ярилцаж байжээ. Дарга нар баахан хүснэгт гаргаад л тэр ч сум, энэ ч сум тийм, ийм хадлан бэлтгэнэ гээд л ярьж дээ. Маргааш өглөө нь багш радиогоор “Дорнодыхон харандаагаар хадлан хадаад л сууцгааж байна” хэмээн хээвнэгхэн хүнгэнүүлж байсан гэдэг. Энэчлэн олон цэцтэй егөө бий. Монгол Улсын гавьяат гэдэг эрхэм цол аваад радиодоо орж ирэхэд нь ММ-ийн сурвалжлагч ярилцлага авахад хэлсэн эхний өгүүлбэр нь “Монголын радиог сонсоогүй чих байхгүй” гэсэн өгүүлбэр байлаа. Радиог үүнээс илүү яаж “реклам”-дах вэ дээ. Би багшийгаа амьд сэрүүнд бага ч болов баярлуулж л байсан. “Ламын хөхүүртийн өвөлжөө” этнографийн роман, “Гилбэрийн хатан” баримтат романыг нь жил дараалан хэвлүүлж өгч байлаа. Төрсөн нутаг Дадалд нь Балжийн голын дэргэдэх Ламын хөхүүртийн өвөлжөөнд очиж хүндэтгэл үзүүлсэн дээ.

-Цэндийн Чимэддорж, Дамбын Шаагаа, Дашдамба.. өөр хэн хэн байна хүний хайлан болсон нөхдийнхөө тухай дурсахгүй юу. Бүгдтэй нь л та уухдаа ууж, уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж, туйлахдаа туйлж явсан?

-Монголын радиог “Бага зохиолчдын хороо” гэдэг олон жилийн өмнөх нэр бий. Үнэхээр тийм юм. Агуу их С.Буяннэмэх, Ч.Лодойдамбаас эхлээд Мөнгөний Чимид, Бавуугийн Лхагвасүрэн, Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Зундуйн Дорж, Намжимын Очирбат, Бямбажавын Хүрэлбаатар, Пүрэвдоржийн Сандуйжав, Базарын Цэдэндамба, Лувсандорж, Дамбадаржаагийн Намсрай, Санжийн Пүрэв, Гангийн Жанчив, Билгийн Шонхор, Пүрэвжавын Баярсайхан, Цэндийн Чимиддорж, Данзангийн Нямаа, Доржзовдын Энхболд, Дамбын Шагдарсүрэн, Цэрэнжамцын Дашдамба, Ламжавын Мягмарсүрэн, Чимидравдангийн Мягмарсүрэн, Маналсүрэнгийн Баттөмөр Дэ.Мягмарсүрэн… за тэгээд Бавуудорж, дархад Мийгаа, Чилаажав, Бидэр Баяраа, Магваны Эрдэнэбат, Арлааны Эрдэнэ-Очир, Түмэн-Өлзийн Эрдэнэцогт нэрлээд баршгүй… 1990-ээд онд босгыг нь алхаж ороход миний редакцид миний үеийн хэсэг зохиолчид бужигнаж байсан…Ай даа, юу ч гэхэв дээ. Тэднийхээ тухай яривал олон арван өдөр хоногийн хугацаа шаардана. Зөвхөн нэрлээд л орхихоос өөргүй. Ингээд цөөн хэдэн нэрсийг нь хүндэтгэн жагсаахад л “Зохиолчдын бага хороо” байхаас өөр гарцгүй мэт ээ..

-Та чинь Багшийн дээд сургуулийг олон доктор, эрхэм хүмүүстэй хамт төгссөн байдаг. Багшийн дээд сургуулийн багш нар, эрдэмтэн профессоруудын тухай асуумаар байна. Оюутан ахуй цагийн гэгээн гэрэлт дурсамжаас тань хуваалцмаар байна?

-Улсын багшийн дээд сургууль бол эрдмийн том хүрээлэн юм. Багшийн дээдийн утга зохиолын дугуйлан гэж том “школ” байлаа. Энэ дугуйланг төрийн шагналт шүүмжлэгч Д.Цэнд гуай удирддаг байлаа. Дараа нь аман зохиолч судлаач Дашдорж багш удирдсан. Миний үеийн утга зохиолын дугуйланд О.Сундуй, Ж.Батцэцэг, Ц.Дашдамба, Ж. Батбаатар, Бөхбат, Дарь.Сүхбаатар, С.Бүрнээ, Олзвой гээд хэсэг нөхөд байлаа. Төгсөхийн үед Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир тэргүүтэй анхны утга зохиолын анги нээгдэж, бүхэл бүтэн “Монгол Горькийн сургууль” үүдээ нээсэн юм. Миний сургуулийн эрдэмтэн доктор багш нар бол Монгол Улсын олон үеийн багш нарыг хүмүүжүүлсэн сайхан хүмүүс. С.Шарав, Төмөрцэрэнгээс эхлээд Довчингийн Отгонсүрэн, Домийн Төмөртогоо, Лха.Дамдинжав, С.Надмид Б. Пүрэв-Очир, Ц.Өнөрбаян, Ж,Санжаа, С.Хөвсгөл, Д.Оюунбадрах гээд сайхан хүмүүс сайхан эрдэмтэд байлаа. Намайг эрдмийн замд хөтөлж эрдэмтэн болгосон ачтай хүн бол Монгол Улсын ардын багш эрдэмтэн Ц.Өнөрбаян багш минь юм. Энэ хүний зааж зөвөлсөн тэр зам миний эрдмийн аяны хөтөч болсонд цаг мөнхөд талархаж явдаг. Оюутны таван жил нэг тасагт амьдарсан Ү.Ариунболд, Г.Сүхбат хоёр маань ч бас доктор гэдэг алдар хүртсэнд баярлаж явдаг. Тасгаараа эрдэмтэн болсон гэсэн үг л дээ.

-Таны уран бүтээлийн анхны ном юу билээ. Хэн редакторлож эх барьж байв. Яруу найргийн багш гэвэл хэн байна, ер нь яруу найрагт таныг уруу татсан хүн хэн хэн байна….?

-Анхны юм бүхэн сайхан. Мартагдахгүй дурсамж байдаг. Миний анхны номын редактор бол миний дунд сургуулийн уран зохиолын багш Шагдарын Мягмар юм. Бөх бичдэг, “Бөх” сонинг олон жил тээж явсан ахмад зохиолч доо. Миний багшийн уйгагүй зан, хичээнгүй чанар надад их хэрэг болсон. Анхны ном маань “Адуун зүсмийн уул” гэж давжаахан шар хавтастай бичил өгүүллэгийн ном байдаг. Миний багш Ш.Мягмар өмнөтгөл бичиж уран зохиолын их замд дөрөөлүүлсэн. Тэр цагаас хойш яруу найраг, өгүүллэг, эссэ, нийтлэл, сэтгүүл зүй, судалгаа ажиглалтын 40 шахам ном бичлээ дээ. Уран зохиолын анд Ц.Чимиддорж шүлгийн анхны номыг редакторлож хавтасных нь зургийг өөрөө зурж байсан сайхан дурсамж бий. Тэр ном бол “Морин уул” юм. Гурав дахь номыг миний багш Б.Цэдэндамба редакторлож байлаа. Тэр ном бол “Хийморь уул” нэртэй. За иймэрхүү дээ.

Нутгийн зам нуруутай, нуган үрдээ ханилгаатай гэдэг мөн сайхан дуу. Эрдэнэбат гавьяат сайхан дуулж хит болсон. Энэ дуу Булган аймагт төрсөн гэж сонссон. Нанзадын Хишигдорж гэж Булган аймаг дахь Монголын радиогийн сурвалжлагч гоё хүн байлаа?

-Дууны яруу найраг бол миний хувьд 1992 оноос хойш хамаарах зүйл. Үүнээс өмнө дунд сургуулийн дууны багш найздаа “Сансарт ниснэ” гэдэг хүүхдийн дууны шүлэг бичиж өгч хийсэн ганц дуутай байсан. 80-аад оны явдал. Тэр үед дууны шүлэг бичээд түүнийгээ Монголын Зохиолчдын хорооны яруу найргийн зөвлөлөөр заавал батлуулдаг байлаа. Гурван бадаг шүлгээ бариад анх удау зохиолчдын хорооны босгоор алхаж байлаа. Бараг л дөчөөд жилийн өмнө юм санж. Д.Пүрэвдорж гуай энэ зөвлөлийг ахалдаг байж. “Ая хийхийг зөвшөөрөв” гэж гарын үсгээ зураад дугуй улаан тамгаа дарсан хуудас нь одоо ч байдаг л юм. 1992 онд радио гэдэг их айлд орж анхны томилолт Булган аймагт байлаа. Жавзмаа дарга байсан. Сум тойрч цуврал нэвтрүүлэг хийх ажилтай. Ингэж яваад шөнө Булган орох замдаа нэг их төөрсөн юм. Тэгж тэгж Булганы төв буудалд ирээд тэр шөнөө бичсэн хэдэн бадаг шүлэг л анх дуу болсон доо. Миний нэг ангийн найз О.Сундуй хэллээ. Би оюуны өмчийн газар ажилд орсон хө. М.Хатанбаатар гэж хөгжмийн зохиолчтой хамт ажиллаж байгаа. Бид хоёр “Хайрын хорвоо” гэж дуу хийсэн. Бүрнээбаяр дуулсан. Чи дууны шүлэг байвал надад өгөөрэй гэлээ. Тэгээд харж байтал нөгөө Булганд бичсэн замын тухай шүлэг маань л дуу болчихмоор санагдаад өглөө. Тэгээд л энэ дуу төрсөн юм. Тэр жилдээ “Морин хуур” наадамд орж сүрхий шуугиулаад байр майр ч эзлээгүй. Өөрийнхөө зөнгөөр л одоо хүртэл дуулагдаж байгаа юм. Булганд анхны томилолтоо авч Нанзадын Хишигдорж гэдэг сайхан хүнтэй танилцсан. Сайхан андууд явсан. Дэнсмаа, Шатар гээд олон сайхан нөхөд нэг түүнтэй анги байлаа. Н.Хишигдорж бидэнд ярих дурсах юм мөн ч их байсан. Анд минь хэтэрхий эрт буцчихсан юм. Түүний газар дээрх ганц хүү Дугарсүрэн (Дугдай) радиод ажиллаж байна. Түүнийг сургууль төгсөхөд нь бид олуулаа дарга дээрээ орж ажилд авч байсан. Сайн аавын буян үрдээ хүртэл хэрэг болдог доо. Дугараа маань сайхан шүлэг бичиж байна. Энэ бол аавын л үлгэр юм даа. Манай Хишгээ Д.Мандахсан багшийнхаа үүсгэсэн “Уран өд” дугуйланг олон жил удирдаж олон сайхан шавь төрүүлсэн. Ер нь нэг үе би Булганы зохиолчдын анд нөхөр нь явсан. Дамдинсүрэнгийн Мандахсан, Дамдинсүрэнгийн Баянтунгалаг, Намдагвын Дагвадорж, өнөө Сэлэнгийн Пүрэвдорж гуай, Нанзадын Хишигдорж, Банзрагчийн Цэрэнжамц, Батсайхан, Сувдаа, Болдсайхан… гээд явж өгнө. Тэд тэр үед орон нутагтаа сууж шүлэг найргаа туурвидаг байсан юм. Лхагвадоржийн хөшөөний баруунд нэг, зүүнд нэг гарч өдөржин хөлхдөг сөн…Тэд тэр хавиар нутагтай…

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг бол таны нэрийн хуудас болсон бүтээл. Чухам ямар цагт, яаж энэ бүтээл төрсөн юм бол. Хөгжмийн зохиолчоо ч алдаршуулсан дуу шүү дээ. Таны дууны энэ философи бол агуу. Монгол хүний фиолософи гүн шингээстэй санагддаг юм. Дууны шүлгийн мөрүүд ч гайхамшигтай…?

-“Зөв явбал зөөлөн замбуулин” энэ үг их энгийн юм. Нөгөө талаасаа их үнэн юм. Уран бүтээл бол хувь араншин байдаг. Миний араншингийн гадаад илрэл нь ч байж мэдэх. Найз нөхөд маань орж гарч байгаа нь мэдэгдэхгүй гэтсэн гээд л…ярих. Дэлхий цөмөрчих гээд тогоруу зөөлөн гишгэлдэг тухай байдаг даа. Тийм л зөөлөн хүн л дээ би. Энэ дууны тухай олон л хүн ярьдаг юм. Үнэнийг хэлснээрээ их олон хүнд түгсэн юм бол уу даа. Очсон газар бүхэнд надаас түрүүлж хүрээд нөхөрлөчихсөн байдаг болохоор намайг хөтлөөд яваад байгаа юм шиг. Хөгжмийн зохиолч нь Норовын Баасандорж. Сайхан аялгуутай залуу. Өөрөө сайхан дуулна. 1997 онд санагдана. Баасандорж Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хөгжмийн багш байлаа. Ц.Бавуудорж бид хоёр сурвалжлагаар очиж анх танилцсан юм. Тэгээд л сүүлээр нь хот хүрээ ирж Соёл урлагийн сургуульд сурсан. 2003 онд энэ дууны шүлгийг Баасандорждоо өгсөн. Нэг жилийн дараа дахиад өгсөн. Тэгээд Баасандорж маань Замын-Үүдэд түр ажиллаж байхдаа ая дан тааруулж утсаар надад сонсгосон. Нэг онцлог нь энэ дууг МУГЖ С.Батсүх л дуулна гэж бодож хийгээрэй гэж захиалга өгсөн дуу юм. Тэгээд л С.Батсүх дуулсан даа. Дараа нь Жавхлан, тэгээд Баасандорж маань өөрөө ч дуулсан. Энэ дууны шүлгийг олон хүмүүс янз бүрийн хэл дээр орчуулсан байдаг юм. Хятад, орос, англи, казах, солонгос гээд…

-Дээрх дуунуудаас гадна танд олон сайхан дуу бий. Тэр бүгдээсээ дээжлэн хэлбэл зүгээр байна. Мөн та бүтээл туурвилаа найман боть болгон гаргасан, ботийн тань талаар асуумаар байх юм. Та бол үнэндээ хийсэн ч юмтай, хэлэх үгтэй хүн?

-Дууны яруу найраг нэлээд бичсэн. Ная гаруй дуу хийсэн байдаг. Хорь гучийг нь хүмүүс мэр сэр дуулж л байдаг юм. Залуу дуучин Тамир, Оюунцэцэг хоёр оюутан ахуйдаа “Хайранд хоргодсон намар” гэдэг дуугаар олонд танигдаж байлаа. Түүндээ урамшаад миний хэдэн дууг дуулсан. “Дөргөн нуур”, “Хулстайн гурван даваа” гээд “Нутгийн зам”-ын араас хийсэн хоёр дуу бий. “Хулстайн гурван даваа” дуу нь Булган аймгийн дууны уралдаанд хоёрдугаар шатанд шалгарсан 15 дууны нэг болж, бас дээгүүр байранд орж мөнгөн шагнал хүртээд мөн л Хишигдорж, Баянтунгалаг Дэнсмаа, Шатар бид хэд үүр цайтал одоогийнхоор бол “шоу”-даад гэртээ ирэхэд 5000 төгрөгтэй орж ирж эхнэртээ нүүр тахалсан удаатай. “Явуулын цэнхэр дэлхий”, “Амин-Эрдэнэ”, “Зүрхэнд ойрхон амраг”, “Цэцэг сүлжсэн хайр” энэ тэр гээд нэлээн хэдэн дуу дуулагдсаар л байдаг. 2012 онд “Жаргалын найман морь” гэж шилмэл бүтээлийн найман боть номоо гаргаж байлаа. Хийсэн юмаа жаахан эмхэлсэн гэх үү дээ. Одоо дахиад л нэг эмхэлмээр болж байна.

-Сүүлд богино эссээ их бичиж байгаа харагдах юм. Амьдралын үнэнийг таньсан хүн шиг санагдах юм. Ургадаг алт гэж таны ном бий. Мэдээж Ургацын далай нэвтрүүлэгтэй чинь холбоотой байх. Таныг ч бас Ургацын далай-гийн гэж тодотгодог доо?

-Нас ахихын хэрээр илүү жаахан бодох юм даа. Эх хэлээ, их соёлоо, залуус дүү нараа их бодох юм. Баримтат уран зохиол руу дэлхийн утга зохиол даялаад байгаа болохоор энэ зүгт бас хөл нийлмээр. Сүүлийн жилүүдэд хүний сэтгэл зүй рүү хандсан эссээ бичлэгийн хэдэн ном гаргалаа. Хамгийн эхнийх нь “Сэтгэл”. Тэгээд “Нүд”, “Зүрх” гээд…Одоо “Элэг” гээд бичиж байна. Энэ хэдэн номыг бүгд кирилл болоод монгол бичиг дээр хадмалаар хэвлүүлж байна. Ар монголчууд нь монгол бичгээ сурахад, Өвөр монголчууд нь кирилл бичгээ сурахад хэрэг болуужин гэсэн үүднээс… Тэгээд ч сэтгүүлч хүний уран бүтээлийн нэгээхэн талбар бол эссээ баримтат зохиол байх юм. Бас олон жил “Ургацын далай” нэвтрүүлэг хөтөлж байсан. 25 жил гэдэг чамгүй хугацаа. Энэ 25 намар хавар надад мөн ч олон хүнийг танилцуулж элсэн манхан хүнгэнэсэн их говийн хүнд, амуу тариа шаргалтсан хангайн араншинг бөхөлж өгсөн юм. Олон зуун тариаланч нөхөдтэй болсон. Тэднийхээ тухай “Ургадаг алт” хэмээх хөрөг найрууллын ном найман цувралыг гаргаад байна. Цаашдаа ч бас үргэлжлэх байх. Ер нь “Ургадаг алт” хэмээх үгийг сэтгүүл зүйн өргөн талбарт миний бие оруулж ирж идээшүүлсэн юм. Тэртээ 30-аад жилийн өмнө “Ургадаг алт” хэмээх асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг хийж нийтлэл бичиж байлаа. Тариа ногоо бол ургадаг алт юм.

Түүнээс ухаад авдаг алт биш. Яваандаа энэ нь илүү болно. Ухаад авдаг алт нэг л өдөр дуусна. Ундардаггүй юм…Ингэж л Байгаль хамгаалах чиглэлээр дуугарч байсан. Энэ маань яван явсаар цуврал ном болж өрнөсөн дөө. “Ургацын далай” нэвтрүүлэг бэлтгэж 300 шахуу мянган км зам туулсан тооцоо гардаг юм. Бараг хоёр жил томилолтоор хавар, намартаа явсан байдаг юм. Их зам, их хугацаа. Сэтгүүлч хүний туулах зам барагдахгүй, уран бүтээлч хүний хийх ажил барагдахгүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *