Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх”

Тайз анх яагаад, бас яаж үүссэн юм бэ гэж бодож байв уу. Гэвч энэ урлагийг бид тайзан дээр гараад жүжиг үзүүлдэг гэсэн явцуу утгаар харахаас биш нэг ч удаа хэн хамгийн анх тайзан дээр олны өмнө жүжиглэж эхэлсэн юм бол, ямар зорилгоор гэж бодож үзээгүй байх. Эртний Грекийн үед тайз гэдэг дөрвөлжлөн зассан суурь төдий зүйл л байж. Тэгтэл өнөөдөр шударга хийгээд шударга бус, үнэн хийгээд худал, сул дорой хийгээд хүчирхэг, ядуу хийгээд баян зэрэг хүний оршихуйн бүхий л муу муухай, сайн сайхныг эмгэнэлт болоод инээдмийн өнгөөр сүлэн гаргадаг урлаг болтлоо хөгжжээ.

Манай улс тайзны урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлдээд хэдийнэ хагас зуун жил өнгөрчээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ чиглэлийн түүхийг өгүүлсэн нэг ч ном зохиол монгол хэл дээр хэвлэгдээгүй байгаа гэвэл та итгэх үү. Тэгвэл “Дэлхийн тайзны урлагийн хураангүй түүх” хэмээх соёл урлагийн салбарт үгүйлэгддэг хамгийн чухал хэрэгцээт ном хэвлэлтээс гарчээ. Тайзны урлагаар суралцдаг оюутан сурагчдын гарын авлага болохуйц бүтээл болсныг урлаг судлаачид онцлон тэмдэглэсэн байсан.

Энэхүү номноос тайзны урлаг ямар зорилгоор, яаж үүсээд, яах гээд өнөөг хүртэл яваад байгаа юм бэ гэдгийг маш сонирхолтой байдлаар ойлгохоос гадна урлаг гэдэг ямар үүрэгтэй юм гэдгийг түүхэн жишээнүүдээс тод томруунаар мэдэж авах юм. Түүнээс гадна нийгмийн сэтгэл зүй гэдэг ямар чухал болох үүнийг урлагаар дамжуулж яаж ойлгож, удирдаж болох, вэ гэдэг агуулгыг судлах боломжтой. Тиймээс зөвхөн тайзны урлагийнханд гэлтгүй нийгмийн асуудлыг сонирхдог хүн бүхний унших ёстой номын тоонд зүй ёсоор нэрлэгдэхээр байна. Тус номд Афин, Грекийн үеэс авахуулаад Англи, Франц, Герман, Орос гээд театрын урлагаар дэлхийд тэргүүлэгч орнуудын театрын түүхийн тухай нэг нэггүй орсон байна билээ. Ийм номыг эх хэл дээрээ унших аз завшаан олгосон хүмүүс нь Сити их сургуулийн оюутнууд, Театрын урлагийн сургуулийн багш нар билээ. Ийнхүү хамтран орчуулсан нь Монголын урлагийн сургуулийн оюутан багш нарын гаргаагүй зоригийг гаргасан амжилт гэлтэй.

Хүсэл тачаал буцалж, эрх чөлөөгөөр амьсгалж, хийж бүтээхийн оргилуун их тэмүүлэл мөнхийн бургилж байдаг Драмын жүжигчдийн ширээний ном болохуйц энэхүү бүтээл дэлхийн суут жүжигчид, зохиолчдын амьдрал ахуйг хүүрнэн бичсэнээрээ агуулга нь дийлдэхгүй өргөжжээ. Түүнээс гадна театр унаж сэхэхийн босго бүр дээр улс төрийнхөн хэрхэн ханддаг, иргэд театраар дамжуулж үзэл бодлоо яаж илэрхийлдэг байсан, Мөн театр иргэдийг хэрхэн хүмүүжүүлдэг байсныг хүртэл тод томруунаар дүрслэн харуулсан нь эгээ л 19 дүгээр зууны түүхэн кино зохиол уншиж буй мэт. Ганцхан жишээ дурдахад, “…Сонгомол эмгэнэлт жүжгийг ард олон таашаан үздэг болжээ. Хөрөнгөтнүүд засгийн эрхийг итгэлтэй авч, театрт гурав дахь зиндааныхаа суудлыг эзлэх болов. Энэ үеэр үзэгчид хямд суудлын ихэнхийг дүүргэж, санаа бодлоо шийдмэг чангаар хашхирч, шүгэлдэж, илэрхийлэх болжээ. Хүмүүний гаж явдал, ааш авир, ёс суртахуунгүй явдал үзүүлсэн жүжгийн талаар эгдүүцэл дургүйцлээ илэрхийлэх болжээ. Театр ингэснээрээ үзэгчид амьдралын зөв бурууг таньж мэддэг нэгэн янзын сургууль болж хувирсан юм”.

Яг ингэж Грек Афинаас авахуулаад дэлхийн түүхийг бичсэнээрээ туйлын үр өгөөжтэй ном юмсанж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *