БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Лхагваа алслагдсан аймгийн нэгэн суманд төрж, улмаар тэндээ бага анги төгсчээ. Дараа нь аймгийн төвд ирж үргэлжлүүлэн сурч, дотуур байранд амьдарсаар 10 дугаар ангиа төгсгөв. Ингээд Улаанбаатарт ирэн МУИС-д орж суралцлаа, мөн л дотуур байранд. Онц сурдаг тул сурлагын нэмэгдэлтэй стипенд авна. Гэтэл 2 дугаар курсэд байхад нь сайн сурлагатай оюутнуудыг шилж Германд сургуульд явуулах болж, Лхагваа ч үүнд багтлаа. Герман хэлний бэлтгэл ангид сураад дараа нь мэргэжлээрээ таван жил хичээллэж арай гэж дээд мэргэжлийн диплом өвөртөлсөөр эх орондоо эргэж ирэв.Түүнийг төгсөөд ирүүт нь дадлагажуулж байна хэмээн нэг жил үйлдвэрт ажиллуулжээ. Дараа нь нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллалаа. Ингээд аспиранрт шалгуулаад дахиад л гадаадад гурван жил суралцав. Эргэж ирээд дээд сургуульд багшилж байтал Сайд нарын зөвлөл өөртөө авч референт болгожээ. Энд Лхагваа бичиг баримт боловсруулах, төсөл бичихийн мастер болж чадсан юм. Энэ хооронд нэг удаа хагас жилээр ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх курст сурсан байна. Чухал газар ажилладаг тул МАХН-д ч элссэн.
Ингэж байтал 90 оны нийгмийн хувьсгал боллоо. Лхагваа МАХН-аас тасарсан Сэргэн мандлын намынхантай нийлэв. Гэхдээ улс төртэй амьдралаа холбосонгүй, төрийн ажилд зүтгэсээр. Англи хэл яаралтай сурснаар барахгүй Австралид мэргэжлээрээ нэг жил бас суралцаад авчээ. Албан тушаал сүрхий ахиж гавиагүй ч чадалтай технократын хувьд яам тамгын газарт хэлтсийн даргатайгаа. Бүгдээр хүлээн зөвшөөрдөг, эрдэм ном чадал тэнхээг нь хэн ч үгүйсгэж чадахгүй.
XXI зуун гарсан анхны жил Лхагваа ажилгүй болон гудамжинд нь гарах нь тэр. Хуучин гишүүн нь байсан МАХН нь арваад жилийн өмнө намаасаа гарсных нь тооцоог хийж буй хэрэг. Хэдийгээр тэрээр улс төрөөс холхон байдаг ч улс төр түүнээс холдоно гэж үгүй л дээ. Лхагваа эргээд бодлоо. Тэрээр улсын хөрөнгөөр 20 жил гадаад дотоодод суралцжээ. Улс нийгэмдээ 20 жил ажиллажээ. Тавь хүрээгүй тэр ажлын чадамж, хүсэл эрмэлзэл, туршлага, мэдлэгийн хувьд ид гялалзаж яваа дээрээ байгаа. Лхагваа шиг хүнийг бэлдэхэд нийгэм асар их мөнгө хөрөнгө, цаг зав зарцуулжээ. Зөвхөн сургууль ном, стипенди, байр хоолны мөнгө, унааны зардалд нь улс хичнээн төгрөгөө гарлагадсаныг Лхагваа өөрөө ч тооцоолж чадахгүй байна. 100 сая уу, 200 сая уу, магадгүй хагас тэрбум төгрөг зараа биз. Лхагваагийн оронд уртаашаа техникумын боловсролтой, мэдлэг мэргэжил гэж нойл, чадал их муутай нэг амьтныг сонгуулийн үеэр сайн далдганаж гүйлээ гэж шагнаж байгаа юм байлгүй тавьчихжээ. Чадал мэргэжлээрээ насаараа бусдад дарлагдаж явсан энэ мэтийн амьтныг дарга болгочихоор ёстой нэг баллаж тавьдаг бололтой. Лхагваагийн хэлтэст ажиллаж байсан аль л өнгөтэй өөдтэй, чадал тэнхээтэй болгоныг нөгөө далдгануур хуу ажлаас нь халж гудманд гарган өс хонзонгоо тайлав. Уул албан газар ч тун удалгүй үзэл суртлын том төв болон хувирлаа. Нөгөө далдгануур хүн болгоны цаанаа нуучихсан улс төрийн үзэл баримтлалыг нь илрүүлэх хоточ нохойн үүрэг гүйцэтгэнэ. Матах, ховлох, дээшээ долдогонох, доошоо өвчигнөх, оромдох зэрэг чадал муутай амьтнаас гардаг авир болгоныг биедээ шингээсэн нэгэн.
Лхагваа ясны төрийн ажилтан. Гудамжинд гараад бизнес хөөх гэж оролдсоон, даанч үнэхээр энэ салбарт шон дутаж байна. Багшилж байснаа санаад хэд хэдэн дээд сургуулийн хаалга татлаа, аль нь ч улс төрийн хэрэгт орооцолдоно гэж хаширлаад Лхагвааг ажилд авдаггүй. Ажиллаж байсан хүрээлэн нь зах зээлийн жамаар аль дээр үед хаалгаа барьсан. Лхагваа өнөөдөр улс төр гэхээр уур нь хүрч жигшдэг нэгэн болжээ. Аль ч намыг үзэхгүй. Хичнээн их хөрөнгө, цаг гаргаж бэлдсэн мэргэжилтнээ гудамжинд хөөгөөд гаргачихдаг ийм ардчилал хэнд хэрэгтэй юм гэж бодно. Аль л хүний адаг болсон, мэдлэг мэргэжилгүй усан тэнэгүүд нь нам мам гэж гуугачиж яваад дарга даамлаар шагнуулаад нийгмийн хөрөнгө завшихаар барахгүй төрийн ажлыг дампууруулж байгааг хараад Лхагваагийн бөөлжис цутгана. Тэрээр өөр шиг нь 15 мянган мэргэшсэн ажилтан гудамжинд хөөгдөж гарсныг дуулаад ухаан алдаж унахтай шахав. Нийгэм өөрт нь зарцуулсан мөнгө, цагийг 15 мянгаар үржүүлэх нь байна шүү дээ!
Нийгмийн хамгийн үнэт баялаг бол алт мөнгө биш, харин чадамжсан хүн гэж түүнийг Австралид сурч байхад нь заажээ. Япон, Герман, Солонгос зэрэг орон дайнд хавтгай болтлоо машиндуулсан боловч чухам чадамжсан иргэддээ түшиглэж хөгжил цэцэглэлд хүрэн баялаг бүтээсэн тухай тэрээр зөндөө заалгасан. Энэ хэдийн нүдээ ухаж өгөх гэж хоорондоо булаацалдан хувааж идээд байгаа Худалдаа хөгжил, ХААН банк, МИАТ, АПУ, НИК, Сангийн аж ахуйнууд, Эрдэнэтээс хавьгүй үнэ цэнэтэй зүйл бол Лхагваа болон Лхагваачуудын мэдлэг, туршлага билээ.
2001.10.26