Categories
мэдээ цаг-үе

Сэлмээр цус урсгахаас, баялаг бүтээдэггүй

Хамгийн шаналгаатай зовлон юу вэ? Өр! Өртэй хүний нойр хүрдэггүй. Хоол хоолойгоор давдаггүй. Амиа хорлох нь ч бий. Ямаанд өтөө түүх мутар заяасангүй. Өт өдөр хоногоор үржиж, бүх цусыг шимээд ямаа дуусдаг. Өртэй хүнийг өтөнд бариулаад арилдаг ямаатай зүйрлэсэн. Стандарт банкинд тавьсан их өр сар тутамд 1.2 сая доллараар үржих торгуульд ороод олон сарыг үдэв. Үүнд шаналж буй эх оронч Монголд байна уу? Төр Засаг эхний дугаарт сард 1,2 саяар үржиж буй 160 орчим (?) сая долларын өрийг яаж ийгээд нэг хоногийн өмнө ч атугай дармаар. Гэвч тэгье гэх сэтгэл Төр Засагт алга. Харин Эрдэнэтийг барьцаалж гаднаас зээл аваад “идчихсэн” Жастын Батхүү, Алтан авхай, Ч.Ганзориг, Т.Очирхүү, Д.Сугар нарын өрийг зэсийн баяжмалаар сэм төлж, Эрдэнэтийн улсад тушаадаг татварыг бууруулж, иргэн таны хүртэх дуслыг замхруулахаар хуйвалдаж байна уу. Нүүрлэсэн өрийг огт хайхралгүй Оросоос оруулаад ирсэн 49 хувийг булаах нисванис бадарсан Ц.Нямдорж У.Хүрэлсүхийг шордоод, У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг командлаад дайнд мордов. Баривчилгаа, 6 сарын онцгой дэглэмийн сүр хүчнээс хэн айв? Хууль зөрчөөгүй, төсвөөс нэг ч төгрөг аваагүй гээд “Зэс” додигор харагдана. Сарын 1,2 сая долларын “цодгор хүү” ч залуу халуун командлагчаас дальдарсангүй тоолуураа гялалзуулсаар 3,2 сая-маний өр сар сараар нэмэгдсээр.

Оросоос оруулаад ирсэн 49 хувь Стандарт банкны зээл шиг өдөр хоногоор өрөнд унагаагүй. Тиймээс юуны өмнө хүү нь сард 1,2 сая доллараар үржиж байгаа Стандарт банкны өрийг дарж дуусгаад, дараа нь “Зэс”-ийг гавалъя. Өмнөд Африкт бус Монголдоо байгаа өөрийн муу “Зэс”-ийг эд бад хийх хугацаа хойшлоход төлөх өр үүсэхгүйг адгийн тэнэг тооцно. Харин булчинлагууд тооцсонгүй. Шууд л хувийн хэвшлийг төхөөрөв. Онцгой дэглэм тогтоож, “Зэс”-ийхнийг баривчилж, байцааж байх зуур өр аривжаад байгаа. Манай сэлэмт менежерүүд дайчин аж. Л.Оюун-Эрдэнэ сайд Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкнаас төрийн мөнгө зувчуулан хулгайлсан гэх хэрэгт ХХБ, “Зэс” корпорацийн удирдлагыг баривчлав гэдэг

“Зэс”-ийнхэн тайлбарлахдаа Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкинд асуулга тавьсан. Тус байгууллагууд “Зэс” компани төрөөс нэг ч төгрөг аваагүйг нотолсон хариундаа: Сангийн яам “Монголиан коппер корпорейшн” ХХК 2015-2017 онуудад Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжүүлж, санхүүжилт аваагүй болохыг үүгээр тодорхойлж байна” гэжээ. Тэгэхээр 2015-2017 онуудад буюу хэлцэл хийгдсэн цаг үеүдэд “Зэс” корпораци төсөвт хамаатай мөнгөнөөс хол байж. Хөгжлийн банкны албан бичигт “Монголиан коппер корпорейшн ХХК 2016 оноос хойш Монгол Улсын Хөгжлийн банкнаас ямар нэг зээл аваагүй” гэж хариулжээ. Монголбанк мэдэгдэхдээ “Төв банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк Засгийн газар болон банкинд зээл олгодог” гэж онцолжээ. “Зэс” корпораци улсаас, төсвөөс ямар ч мөнгө аваагүйг дээрх гурван байгууллага ингэж нотолсон аж. Ийм хол зөрүүтэй хоёр тайлбарыг ямар ч ня-бо баримтын шалгалтаар ялгачихна. Улсын мөнгийг хулгайлж 49-ийг авч уу, эсвэл монгол бизнесмэнүүд нийлж хуулийн дагуу мөнгө босгоод 49-ийг эх орондоо оруулаад ирж үү? Хуулийн нюансыг нарийн ялгах тархигүй дарангуйлагч асуудлыг шанаадаж шийддэг.

Бүхэл бүтэн улс байна даа иймхэн маргааныг тайлчихмаар юм. Эсвэл хуулийн дагуу босгосон мөнгийг заавал хулгайнх болгох гэж хүчирхийлээд байна уу? Зөвийг хүчээр буруутгадаг харгислал урьд “намын эсрэг бүлэг”, “Хятадын талыг баримтлагч” гээд олонтаа гардаг байв. Л.Цэндийн нэр нөлөө өссөнөөс айсан Ю.Цэдэнбал түүнийг хөдөө нутгаар явахдаа САА-д трактор олгосон нь халамжтай удирдагч мэт харагдаж, албан тушаал ахих гэсний нотолгоо хэмээн цөлж байлаа. Л.Цэндээс ямар ч ноцтой гэм олоогүй атлаа хэдэн жил хараалаар балбасан.

Төрийн том компаниудаас санхүүждэг Нам, шахаа хийдэг эрх баригчид, төр хувийн хэвшлийн хослолоос үхтэлээ айдаг. Тэдэнд хувийн хэвшил мөнгөө алддаггүй. Сүүлийн үед тодорсон эх оронч эрэлхэг баатрууд шахааныхаа талбар Эрдэнэтээс хувийн хэвшлийг зайлуулахаар сэлмээ сэнсэртэл эргүүлж гарлаа.

Ц.Нямдорж “Бүр аймаар баримт дэлгэж сахал Эрдэнэбилэгийг баллана, хохь чинь шүү” гэж хэдэн жил занав. Шүүх бүх шатандаа “Зэс”-ийг Эрдэнэтийн 49 хувийг хулгайн мөнгөөр авсныг нотолж чадалгүй тэдний талд шийдээд байдаг. Ц.Нямдорж нөгөө баллах баримтаа шүүхэд өгч тусалбал сахалтай хулгайчийн толгой гялс өнхрөх учиртай. Ц.Нямдорж аймаар баримтаа дэлгэж Сахалыг балладаггүй.

Ц.Пүрэвтүвшинд атаархагчид жиргээндээ “27-той бацаан хаанаас тийм их мөнгө олов” гээд бүтэж үхэх нь. Хөрөнгөлөг бизнесмэнүүд 400 гаруй сая долларыг хамтарч босгоо. Монгол чинээлэг боссуудтай болжээ. Аварга үйлдвэр Эрдэнэтийн талыг эзэмших хүмүүст мөнгө зээлүүлэх баячууд олдоно. Менежмэнт авьяастай гэж үзээд цэл залуу Ц.Пүрэвтүвшинд ачааны хүндийг үүрүүлж захирал болгосон нь боловсон хүчний бодлого биз гэж гэгээлгээр харахыг хичээв. Засаг баячуулд хорсоод хөрөнгийг хуу нийгэмчлэхээр довтолсон үед хувийн хэвшлийг өмөөрлөө.

Салхитад мандуулсан баривчилгаа дайчилгаагаар 400 ордыг хямгадах тохироонд эв эетэй яг таг хүрчээ ҮАБЗ. Ухаан уралддаг мэтгэлцээний танхим-парламент гурван хувь хүний далалсан цагт ил гарч, далайсан цагт далд ордог номхон тэмээ болбол МАНАН арилах аж. Ард түмний өмч гэх баялгийн агууламжтай чулуу шорооныхоо зарим ордыг Төр өөрийнхөө зохиосон хуулиар чинээлэг иргэндээ гэрээгээр ашиглуулсан. Төрөөс ордуудыг нь хэн ч булааж аваагүй. Төр засаг сайндаа бус мөнгөгүйдээ түрээсэлсэн юм. Тэгтэл өдгөө гэрээ ёсоор ашиглаж буй иргэнээсээ ордоо буцааж авахдаа хулгайч луйварчнаар нь цоллож, дайснаа дарах мэт сүржигнэв. Таван толгой-Сайншандын 600 орчим км төмөр замыг 2019 онд барьж дуусгахаар Гурван өндрөөс сонордуулав. Сайншандаас цааш түүхий нүүрсээ Сибирийн трансаар 5000 км тойруулах уу, эсвэл Сайншандаас Хятадын сүлжээгээр халхиулсаар Өмнөговьтой саахалт Бугатын гангийн үйлдвэрт буцааж авчрах уу? Зөнөг би ойлгосонгүй. Манай түүхий нүүрсийг шингээдэг ганц хэрэглэгч нь Бугат. Япон, Солонгос түүхий нүүрс авахгүй. Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замыг 2020 онд барина гэдэг танил онигоо. Суурь бүтцийн ихэнхийг овоолчихсон 267 км-ийг 2019 ондоо Эрдэнэс Таван толгойн ашиг 800 тэрбумаараа түрүүлж бариад, тээвэрлэлтийн зардлаа 70 хувь хямдруулбал цэвэр ашиг эрс өсөөд тэр бэлээрээ 2020 онд Сайншандын тухай яримаар. 267-гийн гацаа ШХАБ-д элсээд ч арилахгүй юм бол, ард түмнээсээ үүрд нууж чадахгүйгээс хойш шууд хэлээч. Нүүрсээ угаавал бөөн мөнгө. Тээвэрлэхэд хөнгөн. Энэ хожил өөд зүтгэх Нам байна уу?

Газрын баялаг ард түмний өмч гэдэг. Ард түмний нэг нь би. Тиймээс газрын баялаг миний өмч. Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга бүгд миний хувийн өмч. Хоногийн хоолгүй болбол энэ олон аварга ордууд надад таван цаас өгөх үү. Газрын баялаг ард түмний өмч гээ биз дээ. Эрдэнэтийн 49 хувийг хулгайчдаас Ц.Нямдорж булаагаад ард түмэнд өгмөгц би гүйж очоод хувиа авах юм шиг бөөн хөөр. Гэвч амьдралд би юу ч олж долоохгүй. Мөнгө нэхвэл манаач нь өшиглөөд гаргана. Газрын баялаг ард түмнийх гэдэг чинь ердөө энэ. Эрдэнэтийн улсад тушаадаг татвар улсын төсвөөр дамжаад танд дусах учиртай. Гэхдээ Эрдэнэтийн татвар эрх баригч намын санхүүжилтэд зальгуулчихгүй бол, баялаг ард түмний өмч утгаараа Эрдэнэтийн улсад тушаасан татвар төсвөөр дамжаад танд хувь ноогдоно. Тиймээс төр хувийн хэвшил 51:49-өөр хосолсон Эрдэнэтийн үйлдвэрлэл эрчимжиж, улсад тушаадаг татвар нь суга өсөөсэй гэж залбир. Газрын баялгийг үүнээс өөрөөр хүртэх хувилбар танд байхгүй. Тэгэхээр газрын баялаг ард түмний өмч гэж та бүү онгир. Эрдэнэтийн ашгийг эрх баригч нам бүү хамчихаасай, 49-ийг эзэмшдэг хувийн хэвшил шахаачдын хоншоорыг тас цохиосой гэж залбир. “Өөрийн чинь өмч гэгдэх газрын баялаг”-ийг хүртэх өгөгдөл ердөө энэ. Эрдэнэтийг саалийн үнээ гэдэг. Үнэн. Энэ ордоор бид өөдөлж яваа. Ер нь бид нүүрс, зэсийн баяжмал, хүдэр, малаараа амьдардаг болохоос МАН, АН-аар тэжээлгээгүй. Энэ хоёр намын авилгач жидүүч олигархууд ард түмнээ тэжээж байна гэж ханхалзахад нүүр лүү нь нулимдаг иргэд олширвол тэд бидний жанжин бус, бидний үйлчлэгч гэдгээ ухамсарлах сан. Гэтэл саалийн үнээ маань ард түмнийх бус эрх баригч Намынх болжээ. Одоо Эрдэнэтийн 49 хувийг булаах гэж нүдээ анин дайрч байна. Зодооны манлайд шинэхэн сайд Л.Оюу-Эрдэнэ дарцаг мэт дэрвэнэ. Эрдэнэтийг 100 хувь авч намаа 2020 оны сонгуульд санхүүжүүлэх, мөн АТГ-ын сейфэнд цоожлогдсон овгоруудынхаа хавтаст хэргүүдийг янзлах даалгавартай биз. Түүний ард У.Хүрэлсүх сэлэм далайж, түүний ард Ц.Нямдорж нуувчинд овоо хараагаа онилоод шагайж хэвтээ. Л.Оюун-Эрдэнэ та Бүргэдийн Лосол шиг л явна. Энэ комбинаци нурвал Л.Оюун-Эрдэнэ гэх жаал үсэрнэ. Харин тэр үед “захиалгат хайртай хүү”-гээ түүний жиргээчид тосоод аваарай.

Төр Засаг минь ариун дагшин ёс зүйг дээдэл. Боловсрол, суурь хүмүүжилтэй залуус эх орноо удирдаасай. Хууль зөрчдөг худлаа хэлдэг овилгогүй та хэд бол таарахгүй. Шинжлэх ухаанч, гэгээрсэн залуус горьдлого төрүүлнэм. Б.Лхагважав, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу, Л.Наранбаатар, Д.Ангар, Э.Долгион гээд. Гэвч өөдөө гарвал Батзандан шиг зэс нь цухуйхыг таах аргагүй. Ардчилал чөлөөт зах зээлийн үнэт зүйлсийг гадарладаг, тууштай, туршлагатай Э.Бат-Үүл, Баабар, М.Энхсайхан, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, С.Баяр гээд төрд хэрэгтэй ахмад зайрангуудаа нухалгүй ашигламаар. Эднээс илүү өөр хэн хэн байна нэм. Ачаа даах ид насны Тэмүүжин, Батчимэг, Баатарбилэг, Нарантуяа, Мөнх-Оргил, Тэмүүлин, Цогтбаатар гээд шинжлэх ухаанч идэрчүүд нүдэнд тусдаг. Намаа бус Монголоо гэх нэгдмэл зорилготой залуу, идэр, ахмадын холимог баг бяцхан эдийн засгаа өөд татахаа л голло. Хоёр хөршийнхөө итгэлийг бататгаад гурав дахь хөршүүдтэйгээ харилцаж буй өнөөгийн гадаад бодлого гуравхан сая ядуу бидний хэрд таарна. Дэлхийг талцуулсан цэрэг армийн хүчирхэг гүрнүүдтэй зиндаархан ШХАБ гэх том улстөрөөр биеэ үгүйлэхгүй пээдийхээсээ ичээч. Юутай ч сэлэм Тогмидууд минь тогтож хайрла. Сэлмээр цус урсгахаас, баялаг бүтээдэггүй.

Цэндийн Доржготов (Төрийн соёрхолт, СГЗ, зохиолч) 2019-03-07

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *