Жил бүрийн 4-р сарын 2-ныг дэлхий нийтээр Аутизмыг таниулах дэлхийн өдөр хэмээн зарлаж, энэ төрлийн эмгэгийг олон нийтэд таниулж, ялгаатай байдлыг ойлгуулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. 21-р зуун гарсаар манай улсад ч мөн адил Аутизмын эмгэгтэй хүүхэд төрөх болж, улмаар дэлхий нийтийн энэ өдөрт нэгдсэн байдаг юм. Өнөөдөр аутизмтай хүүхдүүдийн эцэг эх, боловсролын байгууллага, эмч нарын оролцоотой таниулах өдөрлөгийг “Цэнхэр өнгөөр гэрэлтье” уриан дор зохион байгууллаа.
Энэ үеэр тус эмгэгийн талаар СЭМҮТ-ийн зөвлөх эмч Д.Энхтуяагаас тодрууллаа. Тэрээр “Аутизм бол 21 дүгээр зууны нэлээд тархалт өндөртэй сэтгэцийн эмгэгийн нэг болоод байна. Аутизм гэдэг нь ганцаардах зожигорхох гэсэн утгатай үг. Аутизмын уг шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа. Дийлэнх эрдэмтдийн дэвшүүлсэн санаа бол хэт их агаарын бохирдол, дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдалтай холбож тайлбарлаж байгаа. Тиймээс жирэмсэн эхчүүдийг хүүхдээ тээхдээ эрүүл байж, эрүүл хоолоор ургаа тэтгэхийг зааварчилж байгаа. Аутизмын гол шинж нь харилцаа тогтооход бэрхшээлтэй байдаг учраас хүүхэд нийгмийн харилцаанд орох үзэгдэл 1-2 жилээс ухарсан байдаг. Мөн багадаа хүүхдийн өсөлт, бойжилт нэлээд хоцрогдож ажиглагддаг. Манайхны дунд эрэгтэй хүүхэд хожуу хэлд ордог гэсэн буруу ойлголтоос болоод аутизм хожуу оношлогдох тохиолдол их бий. Дэлхий нийтэд 60 хүүхдийн нэг нь аутизмаар оношлогдож байна гэсэн статистик байгаа. Монголд одоогоор 780 орчим хүүхэд аутизм гэсэн оноштой байна. Одоогоор аутизмыг ураг байхад нь оношлох ямар ч боломж нээгдээгүй” гэв.
Аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хүүхдээ эрт оношлох, оношлогдсон даруйд хөгжүүлэх, энгийн хүүхдүүд дунд нийгэмшүүлэх зэрэг олон асуудал тулгардаг байна.
“Тэнгэрлэг ээжүүд” группийн зохион байгуулагч М.Дулмаа “Аутизмтай хүүхдийн ээжийн хувиар хэлэхэд харилцаа бол маш чухал. Аутизмтай хүүхэд хэлд орсон ч цөөн үгээр өөрийгөө илэрхийлэн чөлөөтэй харилцаа үүсгэж чаддаггүй. Тиймээс аутизмтай хүүхдийг нийгэмшүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ийм хүүхдүүдэд эмийн эмчилгээ гэж байхгүй учраас боловсрол олгоход багш, эцэг эхийн оролцоо маш чухал. Хөдөлгөөн, хэл заслыг хамтад нь хийн аутизмтай хүүхдүүдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах ёстой учраас энэ талын мэргэжлийн боловсон хүчин их шаардлагатай байгаа. Төрөөс үүн дээр илүү анхаарлаа хандуулан ажиллаасай гэж хүсдэг. Олон улсын жишээ гэвэл сүүдэр багш гэж гаргаад энгийн сургууль, цэцэрлэг дээр ажиллуулан аутизмтай хүүхдэд туслан энгийн хүүхдүүд дунд тэднийг нийгэмшүүлж тусалж хөгжүүлдэг юм билээ. Монголд ийм багш нар бий болоосой гэж их хүсдэг”
Аутизм эмгэгтэй төрөх хүүхдүүдийн тоо өссөөр байгаа хэдий ч дэлхий даяараа учир шалтгааныг нь одоо хүртэл тогтоож чадаагүй хэвээр байна. Нийт оношлогдож байгаа хүүхдүүдийг хүйсийн харьцаагаар нь авч үзвэл хөвгүүд охидоос 4 дахин их оношлогддог байна. Ийнхүү өдрөөс өдөрт аутизмын эмгэгтэй хүмүүсийн тоо олширч байгаа энэ үед олон нийт аутизмын тухай мэдээллээ дээшлүүлж, тэднийг ойлгон дэмжих шаардлага тулгарч байгаа юм.