Жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Монголд “Circle K” үүдээ нээж байлаа. Энэ нь олон улсын конвенинс дэлгүүрийн сүлжээ анх удаа Монголд нэвтэрч, манай улс шинэ салбарт дэлхийн сүлжээнд хөл нийлүүлсэн түүхэн үе ч гэж ойлгож болно. Дэлхийн хэмжээнд конвенинс дэлгүүрийн тоо хэмжээ жилээс жилд нэмэгдсээр ирсэн байдаг. Яагаад гэвэл хэрэглэгчдэд хамгийн ойр, хамгийн олон төрлийн бараатай, үнэ боломжийн, хоногийн аль ч цагт үйлчлүүлэх боломжтой, шинэ, шинэхэн хоол, хүнс тэнд л байдаг учраас хүмүүст таалагддаг. Ийм л шалтгаануудын улмаас ертөнцийн хэрэглэгчдэд хамгийн ойр газар нь конвенинс дэлгүүр болжээ. Японд, 1974 онд 1000 ийм төрлийн дэлгүүр байсан бол 1996 онд 47 000 болж өссөн байх юм. Жилд 1500 орчим дэлгүүр шинээр үүд хаалгаа нээж байж. АНУ-д, 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 153 237 конвенинс дэлгүүр байна гэсэн судалгаа байна. Хамгийн анхны ийм дэлгүүр 1927 онд нээгдэж, 1960 онд уг төрлийн дэлгүүрүүдийн худалдааны эргэлт нэг тэрбум ам.долларт хүрсэн нь тухайн үедээ гайхагдаж байжээ.
Соёлт ертөнцөд сүүлийн нэгэн жаранд хамгийн ойрын хэрэглээ болсон конвенинс дэлгүүрийн сүлжээ Монголд орж ирж, бид бас ойрын хэрэглэгчид нь болоод эхэлжээ. Өнгөрсөн жилийн хугацаанд “Circle K”-ийн хорь гаруй салбар дэлгүүр нээгдэж, “Circle chain” ХХК ууган шанг татаж, булган сүүлтэй байснаар ийм дэлгүүрүүд араас нь орж ирэв. Тэгвэл олон улсын сүлжээ конвенинс дэлгүүрийн түүх Монголд бичигдэж эхэлсэн жилийн хугацаанд бидэнд юуг авчирсан талаар хамтдаа нэг харцгаая.
“CIRCLE K”-ИЙН ТУХАЙ ТОВЧХОН…
Канадад анх үүсч Хойд Америкт төвөө байгуулсан энэ салбарын тэргүүлэгч сүлжээний нэг “Circle K” конвенинс дэлгүүр 1951 онд анх үүсгэн байгуулагджээ. АНУ-ын муж улсуудад хамгийн их тархсан сүлжээ гэгддэгээс гадна Латин Америк, Азийн орнууд мөн Канад, Дани, Норвеги, Швед, Балтийн орнууд, ОХУ, Польш, Ирланд, Англид бий. Дэлхийн 25 оронд 14 мянга гаруй салбар дэлгүүртэй. Дашрамд дурдахад, япон эзэмшигчтэй Америкийн 7 Eleven дэлгүүр дэлхийн 17 оронд 67,000 салбартай билээ. Ерөнхийдөө дэлхийн олонхи конвенинс дэлгүүрүүд шатахуун түгээх компаниудын дэргэд байдаг. Тэр жишгээр “Circle K” ийм төрлийн компаниудтай хамтарч ажиллаж байсан удаа ч байдаг ажээ. Унаж босч явсан түүх нь улам хүчтэй болгож байсан биз ээ. Сүүлийн жилүүдэд ребрэндинг хийх чиглэлд хүч гаргаж ажиллах болсон бөгөөд Монголын “Circle chain” ХХК-ийн мастер франчайз эрхтэйгээр монголчууд олон улсын “Circle K”-тэй танилцах болсон юм. Мастер франчайз эрх гэдэг нь заагдсан нутаг дэвсгэрийн хүрээнд буюу Монгол улсад дэлгүүрүүд нээх болон энэхүү брэндийн стандартын дагуу, нэрийн дэлгүүрүүдийг нээх хувь хүн болон байгууллагуудад сабфранчайз эрх олгох эрхтэй байхыг хэлдэг. “Circle K” өдөр тутамд хамгийн хэрэгцээтэй байдаг барааг нэн өргөн сонголттойгоор санал болгохоос гадна халуун, хүйтэн кофе, цай, ундаа, зайрмагийг хүссэн үедээ, цаг нар үл хамааран авах боломжийг олгосон. Манайхан дунд франчайз эрхтэй бол гадагшаа мөнгө урсаад байдаг гэсэн ойлголт байдаг юм билээ. Гадныхны стандарт, туршлага, ноу хауг авах гэж эхлээд нэг удаа мөнгө төлдөг ч монголчууд 100 хувь хөрөнгө оруулсан гэдэг бол алдаа нь ч монголчуудынх, оноо нь ч монголчуудынх. Тиймээс үндэсний энэ компанийнхан үндэсний бусад компаниудаа дэмжиж, хамтран дэм дэмэндээ гэсэн том давалгааг оруулж ирж байгаа нь сайхан санагдсан.
ШИНЭ СТАНДАРТ ТОГТООВ
Хүмүүс тэр бүрий томоохон хүнсний дэлгүүр, супермаркетуудаас худалдан авалтаа хийгээд байдаггүй. Долоо хоногийн хүнсээ тэндээс авлаа гэхэд өдөр тутамдаа гэр, ажлынхаа хамгийн ойр байх жижиг дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг. Ялангуяа хүүхэд, залуусын хувьд ийм жижиг дэлгүүрүүд байнгын хэрэглээ нь байдаг. Гэхдээ найман нэрийн гэж бидний хэлж заншсан тийм дэлгүүрүүдийн дийлэнх нь саяхныг болтол амархан халж, хөрдөг сендвичин барилгад байдаг байлаа. Хүнсний бүтээгдэхүүнүүдийн хувьд хадгалах горим энэ тэр хэнд ч падгүй. Ёстой хэрэглээг ойртуулж байгаад нь талархахаас аргагүй. Бас тэнд худалддаг кимбаб, нарийн боов, бялууг яг ямар нөхцөлд хийж авчирсан нь мэдэгдэхгүй. Хувь хүмүүс авчраад дэлгүүрүүдээр өгнө, өдөр тутамдаа гүйж харайсандаа өлсч цангасан хүүхдүүд маань тэдгээрээр хооллоно. Бусад хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах горим ч яаж алдагддагийг бид мэдэхгүй. Шоколадны набор аваад задлахад хайлаад наалдчихсан, өнгө нь хувирчихсан байх тохиолдол зөндөө л байсан. Энэ бол одоо ч үргэлжилж байгаа дүр зураг. Харин хүмүүсийн амьдралд хамгийн ойр атлаа хөргүүр, агааржуулалт, бие засах газар гээд бүх зүйл нь нарийн стандарттай олон улсын сүлжээ манайд орж ирснээр маш олон зүйл өөрчлөгдсөн. Бид зөвхөн өөрчлөлтийг ая тухтай орчин, үнэ хямд байх зэрэг өнгөц талаас нь хараад байдаг. Гэтэл бидний анзаарагдахгүй олон давуу тал цаана нь байдаг. Үдийн хоолоо идэж амжихгүй яваа нэгэн замын дэлгүүрээс юм аваад идэх, “Circle K”-гээс аваад идэх хооронд ихээхэн ялгаа бий. Эдний стандартыг давж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх амаргүй. Дагаад үндэсний үйлдвэрлэгчид ч шинэ соёл, стандартад суралцаж байгаа юм. Үргэлж сайн түнш нь байхыг хүсвэл бүтээгдэхүүнээ дандаа сайжруулах л хэрэгтэй болно. Бас шинэ байлгахын тулд өдөр бүр үйлдвэрээс нь тодорхой цагуудад нийлүүлдэг стандарт ч конвенинс дэлгүүрүүдэд бий. Манайд гэхэд өглөө бүр шинэ бүтээгдэхүүнээ татан авдаг байна.
ТЭНГЭРИЙН ҮНИЙГ ГАЗАРДУУЛСАН НЬ…
Өглөө ажилдаа явахдаа, үдийн алдад гээд, кофешопуудаас кофе авч уудаг гадныхны соёл манайд бас ч гэж нэвтэрчээ. Хуучны найруулдаг кофеноосоо татгалзаж, бас ч өөр жишгээр өөрчлөгдөж байна гэх хүмүүс бий. Гэхдээ дундаж кофе 6000 төгрөгөөс дээш байдаг. Хэмжээ, найрлагаасаа шалтгаалаад бүр үнэтэй ч нь бий. Харин тэртээд байсан тэнгэрийн үнэ “Circle K” нээгдсэнээр бууж ирсэн гэх хүмүүстэй олонтой таарч байв. Эндээс бусад газраас дутахгүй амт чанартай кофег 2500 төгрөгөөр авч ууж болно. Эдний кофе итали үрээр хийдэг, харшил өгөхгүй сайн чанарын кофе гэгддэг. Мөн хот дог буюу халуун зайдсыг “Circle K” бидэнтэй шинээр танилцуулсан юм. Мэдээж, өмнө нь, бэйкери, жижиг цехүүдийн халуун зайдсыг бид хэрэглэдэг байсан ч “Circle K” жинхэнэ утгаар нь чанар амтны цогц байдлыг таниулсан гэж болно. Үнэ нь 3.000-4.000 төгрөг. Ийм хямд атлаа үхрийн махан зайдас нь “Мах Импекс”, тахианы махан зайдас нь “Оргио тахиа”-ных. Харин талх нь “Монбэкери”-ийнх. Аль аль нь салбартаа тэргүүлэгч, хамгийн чанартай бас үнэ дээгүүрт тооцогддог үйлдвэрлэгчийнх. Гэтэл тийм компанийн бүтээгдэхүүнүүд ийм үнээр хүмүүст ирнэ гэдэг нь үнэхээр олон хүнд таалагдсан. Бас Азийн орнуудын конвенинс дэлгүүрт ихэвчлэн байдаг мантуун бууз энд бий. Гэхдээ монгол амттай, мах ихтэй, сайхан бууз. Тэд буузаа “Мах Импекс”-ээс тусгайлан захиалж хийлгэдэг стандарт, зөвхөн “Circle K эзэмшдэг найрлага , патентийн дагуу захиалж авдаг юм билээ.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ГОЛ ХАМТРАГЧ
“Circle K” хэдийгээр олон улсын сүлжээ дэлгүүр ч Монголд нээх фрайнчайз эрхийг авч, өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийж нээсэн “Сиркл Чэйн” компани үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого хатуу барьдаг. Тийм гэдэг нь бүтээгдэхүүнүүдийн сонголтоос шууд харагдаж байгаа биз ээ. Зайрмагаа “Сүү ХК”-ийн “Миний Монголын сүү”-гээр, чацарганаа “Шар доктор”-оор, архи пивоны гол нийлүүлэлтийг АПУ, ундааг МСS, “Витафит”-аас авна. Хамгийн чанартай, хамгийн сайнтай хамтран ажиллах тэдний бодлого эргээд хэрэглэгчдэдээ хамгийн дөмгийг хүртээх гэсэн зорилготой холбоотой. Хэдийгээр энэ газрууд олон жилийн түүхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн газрууд ч Монголын зах зээл нэг талаасаа хязгаарлагдмал гэж бизнесийнхэн ярьдаг. Үнэхээр ч “Circle K” шинэ залуухан ч хоногийн 24 цаг иргэдтэй ойр байж, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг нь үндэсний бусад компаниудад ч томоохон дэмжлэг болж байгааг дурдахаас аргагүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Circle K”-тэй хамтран ажиллах болсноор үндэсний компаниудын борлуулалтын хэмжээ 30-50 хувь өсчээ. Энэ бол анзаарч харах тоо шүү. “Circle K” орж ирснээр импортын барааны борлуулалт нэмэгдэх бус үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт нэмэгдэж байгаа нь үнэхээр олзуурхууштай. Өнгөц харахад конвиненс сүлжээ дэлгүүр Монголд нээгдсэн мэт боловч хэрэглэгчтэйгээ үргэлж ойр байж, тэдний хүсэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг газар болж чадсанаар том компаниудад хүртэл борлуулалт нь ингэж нэмэгддэг байна. Мэдээж хүмүүсийн сайн мэдэж байгаагаар зайдас, зайдасны талхны эрэлт огцом нэмэгдсэн байж таарна. Магадгүй манай үндэсний үйлдвэрлэгчид дэлхийн 25 улсад үйл ажиллагаагаа явуулдаг, олон улсдаа тэргүүлэгч жижиглэн худалдааны энэхүү сүлжээ дэлгүүрийн Монгол дахь франчайз компаниар дамжин олон улсын зах зээлд гарах боломж бүрдэх ч юм бил үү. Боломж их бий.
ОЮУТАН ЗАЛУУСЫН ТУХЛАХ ОРЧИН
“Circle K”-д орж ирэхэд “Сайн байна уу, танд юугаар туслах вэ” гэж эелдэг тосон авах ажилтнуудаас гадна энгийн атлаа тав тухтай орчин нь хүмүүст ихээр таалагддаг билээ. Ширээ бүр залгууртай, тэнд утсаа цэнэглээд, компьютерээ ашиглаад эсвэл ном уншаад сууж болно. Аль нэг үнэтэй кафед тэгж суух эрх олж авахын тулд багагүй мөнгөө гарлагаддаг байсан залуус одоо “Circle K” рүү шилжжээ. Угаасаа конвиненс дэлгүүрүүдийн энэ эрх чөлөөт орчин залуучуудад хамгийн их таалагддаг гэдэг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Тэгээд ч манайхны залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй гэдэг сул талыг тэс өөр чиглэлийн боловч конвиненс дэлгүүрүүд нөхөж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Олон улсын судалгаагаар миленалууд буюу 1980-2000 оны хооронд төрсөн үеийнхний хамгийн суух дуртай газар ийм конвиненс дэлгүүрүүд гэдэг юм билээ. Тэдний үеийнхэн жилийн хоол хүнсний төсвийнхөө багагүй хувийг ийм сүлжээ дэлгүүрт зарцуулдаг байна. Энэ байдал 2000 оноос хойш төрсөн Z үеийнхэнд ч хамааралтай болох нь тодорхой. Өөрсдийн орлого байхгүй, ээж аавынхаа гарыг хардаг залуу үеийнхэнд халуун хоол цайтай, бас хүссэнээрээ сууж, цагаа өнгөрүүлж болох ийм газар хамгийн чухал. Тэр ч утгаараа оюутан залуусын хамгийн гол хөдөлгөөнтэй газруудад “Circle K” нээгддэг. Гэхдээ тэр орчинд нээсэн бол борлуулах зарим нэг бүтээгдэхүүндээ хязгаарлалт хийх нь бий. Тухайлбал, АШУҮИС-ийн багш, ажилтнуудын хүсэлтээр тэнд нээсэн шинэ салбартаа бэлэн хоол, архи пиво, тамхи, ахуйн газ зэрэг бүтээгдэхүүнийг борлуулахгүй болсон жишээтэй. Оюутан залуус гэснээс “Circle K” залуучуудад ажлын таатай нөхцөл санал болгодог. Оюутнуудыг ажлын байраар хангах тухай ярьдаг ч манайд шийдэл болох нь ховор. Харин эднийх тэднийг авч ажиллуулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч ажиллуулж байна. “Circle K” нээгдсэн өнгөрсөн хугацаанд 400 гаруй хүн ажлын байраар хангагджээ.
“CIRCLE K”-ГИЙН НЭРИЙН ШӨЛ НАРИЙН ЖОРООР БҮТСЭН
Залуу үеийнхэн суух дуртай газрын болохын хэрээр нэг асуудал дагуулсан нь конвиненс дэлгүүрт залуучууд бэлэн гоймон их идэж байгаа шүүмжлэл. Хэдийгээр дэлгүүрт зарж л байгаа бол тухайн хүн өөрийнхөө сонголтоор юугаа авч идэхийг дэлгүүрийн зүгээс зохицуулаад байх хэцүү л дээ. Аливаа хүн өөрийнхөө сонголтоор эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй ч олон нийтийн зүгээс шүүмжлэл сонссон. Тиймээс ийм дэлгүүрүүд сонголтдоо эзэн болж чадахааргүй хүүхдүүдэд бэлэн гоймон зарахыг хориглосон нь цөөнгүй ээж, аавуудад таалагдсан байх. “Circle K”-ийнхэн хэрэглэгчдийн хямд үнэтэй тэгсэн атлаа хоолших, шөл устай зүйл хүсч байгаа эрэлтийг эртнээс анзаарч, өөрийн нэрийн халуун шөл гаргах төсөл дээрээ нэлээд удаан ажиллаж иржээ. Цэвэр гурилаар хийгдсэн, борцтой, махтай шөлийг гаргаж авах гэж хэд хэдэн удаагийн буцаалт тэр тооны сайжруулалт хийснээр хүссэн амт жороо гаргаж авсан байдаг. “Хэрэглэгчдийн хамгийн их санаа зовдог бэлэн гоймонгийн хэрэглээг байхгүй болгож, цэвэр гурилаар хийгдсэн борцтой, махтай шөлийг бид хэрэглэгчдэдээ тун удахгүй хүргэх гэж байна” гэж пэйж хуудсаараа зарлаж, хүмүүс ч хуруу тоолон хүлээсээр “Circle K” нэрийн шөл ийнхүү мэндэлж байна. Үндэсний олон тооны үйлдвэрлэгчдийн оролцоотой учраас эрүүл ахуйн стандартын шаардлагыг маш чанд хангаж, эрсдлүүдээс сэргийлж байгаа учраас хэсэг хүлээгдэж энэ сард худалдаанд гарах гэж байна.
НИЙТИЙН ЖОРЛОНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ГОЛЛОХ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛДАГ
Хавар болоод ирэхээр элдэв үнэр танар гарч, агаар хөрсний бохирдлын асуудал яригдаад эхэлдгийг бид мэднэ. Харин “Circle K” нээгдсэн өнгөрсөн жилийн хугацаанд гудамж талбайд замбараагүй бие засдаг байдал эрс багассан гэдэгтэй санал нийлэх хүн олон гарна гэдэгт итгэлтэй байна. Угаасаа Улаанбаатар хотод нийтийн бие засах газрын асуудал шийдэгдээгүй. Нийтийн бие засах газар хорь ч хүрэхгүй түүнийгээ түрээслэх үү, ажилтны цалин тэдний нийгмийн даатгалын асуудлыг хэрхэх билээ гээд үргэлж толгойн өвчин болсоор ирсэн. Нийтийн бие засах газар олдохгүй байхад гудамжинд морь харлаа гээд барьж аваад шийтгээд байх ч хэцүү. Гэтэл нийслэлээс нэг бие засах газрыг ажиллуулах зардал 2.5 сая төгрөг, жилдээ 30 сая төгрөгболдог гэсэн зовлонг үе, үеийн тохижилт үйлчилгээнийхэн ярьдаг билээ. Тэгвэл конвиненс дэлгүүрүүд нийслэлчүүдийн толгойны энэ өвчнийг шийдэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэхээс аргагүй. Өдөр, шөнө, хоногийн аль ч цагт ороход цэвэрхэн тохилог бие засах газар байхад хэн заавал гудамжинд бие засах гээд байхав дээ. Тэгээд төлбөр авахгүй. Хэдийгээр хувийн байгууллага ч нийтийн эрх ашгийг хангахад ийм үүрэгтэй оролцож буйг хаа хаанаа санаж байх нь зөв биз ээ. “Circle K”-ийн нэг салбараар гэхэд өдөрт 650 хүн үйлчлүүлдэг гэдэг судалгаа бий. Тэгвэл худалдан авалтаас гадна сандарч бачимдсан хичнээн хүнд чухал тусламжийн газар болж, улмаар нийслэл хотыг цэвэр байлгахад бодит дэм үзүүлж байгаа талаар төсөөлөл бууж буй биз ээ.
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАГЧ “CIRCLE K”
“Circle K” нээгдсэнээр гадны хэн ч ирсэн олон улсын сүлжээ дэлгүүртэй гэдгийг нэг талаас мэдэж авна. Хотын өнгө үзэмж ч нэмэгдэнэ. Бас нэг гол учир шалтгааны улмаас “Circle K” аюулгүй байдлын гол дэмжлэг үзүүлдэг газар болчихоод байгаа юм. Мэдээж, 24 цаг ажилладаг учраас харанхуй гудамд эвгүйтсэн хэн ч гүйгээд орчихож болно. Бас бүтэн гэрэлтүүлэг, камержсан учраас цагдаагийнхантай хамтран ажилладаг болжээ.
Нийслэлийн хэмжээнд камер хяналтын тогтолцоо сул гэдгийг бид мэднэ. Харин “Circle K” нээгдсэнээр дэлгүүр байгаа газрын ойр орчимд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэхэд ихээхэн амар болжээ. Байнга л камерын бичлэгээ цагдаагийнханд өгөхөд хүрдэг. Монголд конвиненс дэлгүүр орж ирснээр юу авчирч, байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ гээд харахад маш олон зүйл өөрчлөгджээ. Дам ач тусаа өгсөн зүйлс ч олон байна. Хотын соёл, метрополитан хотын өнгө төрхийг бүрдүүлэхэд ч томоохон тус дэмээ өгчээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань ч өснө, стандартад нийцэж чадваржина. Хэрэглэгчид хэзээ ч очсон нээлттэй угтах дэлгүүртэй, тэнд нь амттай бас тааламжтай үнэтэй бүтээгдэхүүнүүд байна. Дурдаад байвал дурдагдаад л байхаар байна. Ер нь л, иргэншин дэвжиж буй хотын маань нэгэн тод гэрэл гэгээ, дулаан эерэг дүр төрхийг “Circle K” нэгэнт дархлаажуулж байна бус уу. Та ч бас бодоод үзээрэй.
Э.НОМИН