Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нар төвт систем ба Николай Коперник

Ухаант хүний түүхэнд мянга мянган суутнууд, эрдэмтэн мэргэд төрөн гарсан, гарсаар ч байгаа. Мэдээж өнөөдрийн шинжлэх ухааны шилдэг амжилтууд гэнэт гараад ирээгүй нь ойлгомжтой. Зарим үед амиа ч алдаж магадгүй байсан түнэр харанхуй эрин үеийн дундаас бамбар болон дүрэлзсэн оюун билэгийн суу ухаант охид хөвгүүдийн замналаас өнөөгийн шинжлэх ухаан төрөн гарсан билээ. Тэдгээр суут мэргэдийн нэг бол Польшийн одон оронч Николай Коперник ажгуу. Тэрбээр 1473 онд Торунь гэх жижгэвтэр хотын гэгээн Аннын гудамжинд боломжийн ахуй амьдралтай гэр бүлд мэндэлсэн гэдэг.

1489 оноос Варминскийн хамба лам болох нагац ах Лукас Ватценрод Николай Коперникийг халамжлах болов. Коперник 1491 онд математик, одон орон судлалаараа алдартай Краков хотын академид суралцаж эхэлсэн байна. Тэрээр одон орон судлаач Войцехын шавь болов. 1495 онд сургуулиа төгсч, жилийн дараа Болонид хуулийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Коперник одон орон судлаач Мария Новаратай ойр дотно хамтран ажиллаж, түүний нөлөөгөөр сарны хөдөлгөөний онолыг эсэргүүцсэн судалгааг хийж эхэлжээ. 1497 онд тэрээр Варминскийн бүрэн эрхт санваартны хэргэм хүртэв. Харин 1500 онд Ром дахь католик шашны албанд өөрийн ах Андрей Коперникийн хамтаар хуулийн дадлага хийж байжээ. Тэнд байхдаа Коперник арваннэгдүгээр сарын 5-6-ны шөнө болсон сар хиртэлтийг ажигласан байна. Тэрээр Варминскийн тэргүүнээс зөвшөөрөл аван Падуан дахь анагаахын сургуульд суралцаж эхэлсэн ба хуулийн чиглэлээр ч үргэлжлүүлэн суралцсан юм.

Тухайн үедээ өндөр боловсрол эзэмшсэн түүний үзэж судалсан эрдэм нь голдуухан шашны талын ном байсан. Гэвч цаг заваа ашиглан өмнөх үеийн эрдэмтэн мэргэдийн нээлтүүд, одон орны бүтээлүүдийг хичээнгүйлэн судалж, энэ талаар тун сайн мэдлэг олж авсан байдаг. Мөн улс төр, анагаахын болон гүн ухааны талаар сайтар боловсорсон Коперник эх орондоо буцаж ирэхдээ тал бүрийн өргөн мэдлэгтэй болсон байв. Ер нь бол одоогийн хэллэгээр мань хүний үндсэн мэргэжил нь одон оронч биш бөгөөд сонирхол нь байсан гэж тэмдэглэгджээ. Гэвч түүний сонирхол нь хүн төрөлхтний түүхэнд эгнэгт мөнхрөн үлдэх аугаа нээлтүүдийг хийсэн юм. Коперник нутагтаа эргэн ирснийхээ дараа сүмд дээгүүр албан тушаал хашиж байсан бөгөөд шөнийн цагийг ашиглан одон орны судалгаануудаа хийж байлаа. Н.Коперник Италид сурч байхдаа нар дэлхийг тойроод эргээд байдаг юм биш, харин дэлхий нарыг тойрч эргэдэг гэх үзэлтэй сайтар танилцан яв цав үнэн гэдэгт итгэжээ.

Одоогийнхтой харьцуулахын аргагүй хүчин чадал муутай дурангаар тэнгэр эрхэсийн хөдөлгөөнийг уйгагүй ажиглан зүтгэсээр, олон жилийн ажиглалт, судалгаандаа тулгуурлан “Гариг эрхэсийн хөдөлгөөн” гэх бүтээлээ туурвилаа. Тэрбээр эл суут бүтээлээ 40 орчим насандаа бичив. Гэвч тухайн бүтээл нь албан ёсоор нэлээд хожуу буюу 1543 онд түүнийг 70 настай байхад хэвлэгдсэн байдаг. Ийнхүү бараг 30 шахам жил хэвлүүлэлгүй байсны учир нь шашныхны улайрсан, галзуурсан эсэргүүцэлтэй л тулгарсаных. Тухайн үед шашны үзлээс өөр үзэл санаа гаргавал ад зэтгэртэй нөхцсөн хэмээн шууд амьдаар нь шатаачихдаг байсан цаг үе. Энэ бүтээл нь тухайн үед ноёлж байсан “Дэлхий бол ертөнцийн төв бөгөөд огт хөдөлгөөнгүй оршдог. Гагцхүү бусад гариг эрхэс, нар тэргүүтэн бурханы тааллаар түүнд зориулагдан оршдог юм” гэсэн шашны сүм хийдийн ойлголтод томоохон доргио өгсөн юм. Н.Коперник Ангараг, Буд зэрэг бусад гаригууд дэлхийг тойроод байдаг биш юм байна аа. Харин дэлхийтэй хамт нарыг тойрон эргэдэг, сар нь дэлхийг тойрон эргэдэг гэж дүгнэн, нарны системийн гаригуудын хөдөлгөөнийг харуулсан одон орны зургийг зохион зурлаа. Сонирхуулахад, Н.Коперник 1528 онд “Зоос хийх аргачлал” нэртэй бүтээлийг бас гаргасан байдаг. Энэ үедээ тэрбээр мөнгөний системийг боловсронгуй болгох тал дээр давхар ажиллаж байжээ.

1543 онд хэвлэгдэн гарсан “Гариг эрхэсийн хөдөлгөөн” гэх бүтээл нь гарсан даруйдаа маш их шуугиан дэгдээлээ. Мартин Льютер хамба тэргүүтэй шашныхан түүний онолыг идэхтэй эсэргүүцэж байв. Гэсэн ч Коперникийн нээлтийг Данийн Тиго Браг, Германы одон оронч Кепплер нар улам боловсронгуй болгон олон олон шинэ нээлтүүдийг хийсэн юм. Эртний Грекийн гүн ухаантан Аристрах Самоский уг нь наран төвт гариг эрхэсийн системийн талаар таамаглаж байсан хэдий ч баталж чадаагүй байдаг.

Тэгвэл хүн төрөлхтний түүхэнд нар төвтэй системийг гагцхүү Н.Коперник баталж чадсанаараа өнөөгийн шинжлэх ухаанд үл мартагдах гавьяаг байгуулсан билээ. Энэ нээлтийг хийснээрээ тэрээр харанхуйд төөрч явсан хүн төрөлхтний мэлмийг нээж, араасаа олон олон судлаач эрдэмтдэд зам мөрийг нь засч өгсөн юм. Тэдгээр эрдэмтэн судлаачдын дунд суут Г.Галилей, И.Ньютон, И.Кепплер нар нэн тэргүүнд бичигдэнэ. Н.Коперник тун нарийн тооцоо хэрэглэн наран төвт системийн онолыг нээсэн нь гаригуудын хоорондын зайг бодож гаргах зэрэгт үнэн зөв тайлбар өгөх боломжийг бүрдүүлэв. Олон зууны туршид ноёрхож байсан дэлхий төвд үзэл буюу Птолемейн сургаалыг үгүйсгэсэн нь шашны шаргуу эсэргүүцэлтэй тулгарч байсан тухай дээр өгүүлсэн. Ямартаа ч дэлхий төвд үзэл ямар нэгэн байдлаар няцаагдсаар өнөөгийн одон орны шинжлэх ухааны хөгжлийн замыг гэрэлтүүлсэн гавьяа Польш эрдэмтэнд үүрд оногдох ажгуу…

Тухайн үеийн эрдэмтэн судлаачдаас Н.Коперникийн онол болон нээлтийг хамгийн сайн хөгжүүлсэн нь Галилей Галилео байлаа. Тэрээр тэнгэр эрхэсийг дурангаар хянан ажиглаж, Коперникийн онолыг баталгаажуулж байсан юм. Гэвч мөн л шашныхны хатуу эсэргүүцэлтэй мөн л тулгарч байв. Ямар сайндаа насныхаа эцэст өөрийн үзлээсээ хүртэл ухрахаас өөр сонголтгүй хүртэл болж байв. Шашны шүүхээс гарахдаа “Дэлхий яалтгүй л нарыг тойрч эрэгэдэг юм даа” хэмээн амандаа бувтнасан байх вэ дээ. Н.Коперникийн онолоос бас нэг чухал нээлтийн санаа дэвшүүлсэн хүн бол Жордана Бруно юм. Тэрээр өөр, өөр олон ертөнцүүд байдаг бөгөөд тэд мөн л өөр өөрийнхөө нарыг тойрон эргэдэг гэсэн санаа байв.

Энэ нь ертөнц болгон бие даан оршдог. Тэд эмх замбараагүйгээс цэгцэд ороод буцан задардаг гэх санаа юм. Өнөөгийн шинжлэх ухааны өндөрлөгөөс харвал Дэлхий төвт үзэл үнэхээр гэнэн, хүүхдийн тоглоом гэхээр. Гэвч энэхүү үзлээс татгалзан, нар төвт системийг үнэн зөв юм аа гэх болтлоо хүн төрөлхтөн чамгүй урт хугацааг зарцуулсан билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *