Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденовын урилгаар 2019 оны 3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтад оролцож байна. Монголын талын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Алтанбулаг” чөлөөт бүсийн захиргаа, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын захиргаа, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцож байна. Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденовтой албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Буриад Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, салбар хоорондын шинэлэг туршлага, арга барилын талаар харилцан мэдээлэл солилцох замаар тээвэр, эрчим хүч, байгаль орчны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хамтран судлахаар тохиролцов. Түүнчлэн, өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Буриад Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч П.В.Ертановтай уулзалт хийснээс гадна “Baikal Trade – 2019” олон улсын бизнес чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, “Монгол Улс тогтвортой хөгжлийн замд” сэдвээр илтгэл тавив.
Чуулга уулзалтын хүрээнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Буриад Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын 22 аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.