НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх замаар мал аж ахуйн салбарыг шинэчлэх нь” сэдэвт илтгэлийг танилцуулах хуралдаан 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Женев хотноо болов. Олон жилийн турш мал аж ахуйн салбарт боловсруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж ирсэн бол Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030 батлагдсанаар эдгээр зорилтуудад хүрэхэд мал аж ахуйн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглүүлж, салбарын хөгжлийг илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагыг бий болгосон талаар тайланд дурджээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд мал аж ахуйн салбар шууд болон шууд бусаар бүх зорилтод хамааралтай байна. Тухайлбал, ажил эрхлэлт, орлого нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, хүүхдийн бие бялдрын хөгжил, боловсролд хувь нэмэр оруулах, хөдөөгийн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зэрэг бүх зорилтыг дурдаж болно. Товчдоо Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, салбарыг бүхэлд нь шинэчлэх шаардлага тулгарч байгаа талаар тайланд дурджээ.
Хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлэгчээр оролцож, мал аж ахуйн салбарын Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, цаашид хэрэгжүүлэх зорилтуудын талаар танилцуулав.