Categories
мэдээ цаг-үе

Е.Сагсай: Арван жилийн өмнө надад хүч хэрэглэн, дарамталж хийсэн тэр бичлэгийг Н.Энхбаярын хэргийг цагаатгахгүй бол нийтэд цацна гэсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН- ын дарга Н.Энхбаяр телевизийн ярилцлагад оролцох үедээ прокурор Е.Сагсайн талаар “Хэрэгт холбоотой хүний ар гэрийн хүнийг дарамталж, зохисгүй үйлдэл хийсэн” гэж хэлсэн. Мөн хэвлэлийн хурлын үеэр энэ талаар дахин ярьж, тус намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян ийм бичлэг байгаа талаар дурдсан билээ. Ингээд маргааш нь нэгэн бичлэгийн хэсгээс цацсан. Энэ талаар Е.Сагсай прокурортой ярилцлаа.


– Тантай холбоотой нэлээд ноцтой мэдээллийг телевизийн ярилцлагын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн. Тэр ярилцлагад дурдагдсан зүйл үнэн үү?

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэг болон түүний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр МАХН- ын хотын намын хорооны дарга Э.Эрдэнэжамъян нар сэтгүүлчдэд ноцтой бичлэг байгаа гээд дараа нь бичлэгийн хэсэг гээд миний тухай янз бүрийн мэдээллүүдийг олон түмэнд, нийгэмд түгээж, нийгмийн тархийг угаах гэсэн, хүний нэр төр, алдар хүнд, хувийн амьдралд халдсан ноцтой хар пиар зөндөө хийлээ. Энэ бүх нэвтрүүлэг бичлэгүүдийг би өөрөө харлаа.

-Тэгээд тэдний ярьсан, үзүүлсэн бүхэн үнэн үү. Яалт ч үгүй тэр бичлэгт та гарч байна лээ….

-Нэгдүгээрт, телевизээр гаргаж байгаа бичлэг бол 2009 онд болсон үйл явдлын бичлэг байна лээ. Өөрөөр хэлбэл одоогоос арван жилийн өмнө болсон үйл явдал. Гэхдээ бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй.

Нөхөр нь шоронд орсон эмэгтэйтэй албан тушаалаа ашиглаж, түүнд бэлгийн дарамт үзүүлж, дарамталсан асуудал ерөөсөө байхгүй. Ийм учраас намайг эмэгтэй хүнийг хүчиндсэн, бэлгийн дарамт учруулсан гэх мэтээр нийгэмд мэдээлэл цацаж байгаа нь ор үндэсгүй гүтгэлгийн шинжтэй мэдээлэл юм. Н.Энхбаярыг би танихгүй, энэ хүнтэй ямар нэг өс хонзон байхгүй, уулзаж ярьж яваагүй. Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, намын дарга гэдгээр нь эчнээ мэднэ. Гэхдээ ийм мэдээлэл тарааж байгаад нь гайхаж байна. Би хууль хяналтын байгууллагад ажиллаж, төрийн нэрийн өмнөөс яллах үүргээ гүйцэтгэдэг ийм үүрэгтэй хүн. Энэ ажил үүргийнхээ дагуу Н.Энхбаярыг шүүх хурал дээр түүний гэм буруугийн асуудлаар яллах үүргээ гүйцэтгэсэн. Энэ бол миний албаны чиг үүрэг бөгөөд надад оногдсон үүрэг байсан. Оногдсон үүргийнхээ дагуу би энэхүү яллах ажиллагааг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн. Гэтэл Н.Энхбаяр өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, хилсээр хэлмэгдсэн мэтээр үзэж, түүнийг ялласан, түүнийг шүүсэн хүмүүсийг бүгдийг хууль завхруулагчид мэт болгож нийгэмд харагдуулах зорилгоор ийм зүйлийг зориуд санаатайгаар тарааж, нийгмийн тархийг угааж байна гэж би үзэж байна.

-Тэр бичлэгт та хаана байсан юм. Юу хийж байсан юм?

-Тэр бичлэгийг хийсэн хүмүүс учрыг нь олж өгөх ёстой. Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас гуч орчим насны хоёр залуу орж ирж хүч хэрэглэж айлган сүрдүүлж, дарамтлан рекет хийх замаар энэ бичлэгийг хууль бусаар хийсэн. Би одоо юу гэж ойлгож байна вэ гэхээр, магадгүй энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан ч байж магадгүй гэж хардаж байна.

-Яагаад хардаж байгаа юм. Тэр хүн энэ талаар олон нийтэд хэлсэн учраас уу?

-Яагаад гэвэл бичлэг хийсэн хоёр хүн, түүнийг зохион байгуулж байгаа хүмүүс намайг хууль бусаар мөрдөж мөшгөсөн байна. Энэ нь хууль бус үйлдэл. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Бусдын зөвшөөрөлгүйгээр иргэний орон байранд хууль бусаар нэвтрээд зогсохгүй дуу дүрсний бичлэг хийж байгаа үйлдэл нь ч өөрөө хууль бус. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуулиудыг зөрчсөн, хууль бус ажиллагаа. Магадгүй миний эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор намайг дарамтлах, гэм буруутай мэт харагдуулах гэж ийм үйл ажиллагаа зохион байгуулсан байх гэж бодож байна. Энэ бичлэгийг тухайн үед нь бус өнөөдөр тарааж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэж байна.

-Тэр айлд яагаад очсоныг асууж болох уу?

-Би тэр үед Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай байсан. 2009 оны долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр байсан санагдана. Ээлжийн амралтаа аваад амарч байхад таньдаг хүн утасдаж гэртээ урьсан юм. Үүний дагуу тэдний гэрт явж очсон. Намайг очиход цай, хоол бэлдсэн байсан, танил маань “Амралтаа авчихсан юм чинь амралтыг чинь ёсолъё” гэж архи задалж дайлсан.

-Таныг айлд байхад тэр хүмүүс яаж орж ирсэн хэрэг вэ?

-Намайг тэднийд согтуу байж байхад гэнэт л гэрэл чийдэн болоод л хоёр хүн орж ирээд л хашгирч дарамталж бичлэг хийсэн. Би энэ асуудлыг хуулийн дагуу, хуулийн хүрээнд шалгуулна. Бичлэг хийсэн хүмүүс, хэний даалгавраар, ямар зорилгоор яах гэж бичлэг хийсэн тухайгаа хуулийн байгууллагад тайлбарлах байх.

-Тэр бичлэг хийсэн хоёр хүнийг та өмнө нь харж байсан уу, эсвэл огт танихгүй, харж байгаагүй хүмүүс үү?

– Би танихгүй, харж байгаагүй хүмүүс.

-Тэр айлын хаалгыг эвдээд орж ирсэн хэрэг үү, эсвэл хаалга түгжээгүй байсан уу, хаалганд түлхүүр тааруулж орж ирэв үү, тантай амралтыг чинь тэмдэглэж байсан айлын хүн тэдэнтэй хуйвалдсан байсан юм болов уу гээд олон асуулт байна л даа. Та хэдийгээр согтуу байгаад мэдээгүй ч дараа нь эргэцүүлж бодсон биз дээ?

-Би тэр айлын талаар дэлгэрэнгүй яривал намайг гүтгэж, хууль зөрчөөд бичлэг хийж, тэрийг нийтэд дэлгээд байгаа хүмүүсээс ялгаагүй болчихно шүү дээ. Хувь хүн, айл гэрийн нууц задлаад яах вэ дээ. Дахин хэлэхэд эмэгтэй хүн хүчирхийлсэн, нөхрийнх нь хэрэгтэй холбоотой бэлгийн дарамт үзүүлсэн асуудал огт болоогүй. Би энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж шалгуулахаар тэр айлын эзэн хуйвалдсан уу, хохирсон уу гэдэг нь тодорхойболох байлгүй дээ.

-Яг тэр үед нь хуулийн байгууллагад хандаж яагаад болоогүй юм бэ. Таныг мөрдөж мөшгөж, хүч хэрэглэж дарамталсан байхад…

-Хүнд чинь ичих, санаа зовох гэж юм байна шүү дээ. Хэдийгээр би ямар нэг хууль зөрчсөн буруу зүйл хийгээгүй ч айлд согтуу байхад минь орж ирж дарамталсан нь миний хувийн амьдрал, хувийн нэр төртэй холбоотой байсан учраас гомдол гаргаагүй юм.

-Сүүлийн үед шударга бусын хонгил гэж улстөрчид их яриад байх болсон. Тэр хонгилд та орчихсон юм биш биз дээ. Н.Энхбаярын хэргийн яллагч прокурор учраас хэн нэгэн танд үүрэг даалгавар өгсөн ч юм билүү?

-Монгол Улсад шударга бусын хонгил байдаг эсэхийг би мэдэхгүй. Шударга бусын хонгил байхгүй гэдэгт би итгэдэг. Зарим улстөрчдийн зохиосон зохиомол нэр томьёо байх гэж ойлгодог. Н.Энхбаярыг миний бие хэргийг нь хянаж, яллахын хувьд надад Н.Энхбаярыг ялла, шийтгэ, гэм буруутайд тооц гэж хэн нэг хүн, ямар нэг этгээд даалгаж байсан, захиалга өгч байсан тохиолдол огт байхгүй. Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр болон дараачийн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Ц.Элбэгдорж Сагсайгийн но-г мэддэг байсан учраас Сагсайд үүрэг өгч энэ ажиллагааг хийлгэсэн байна” гэх мэтээр ярьсан. Тийм зүйл огт байхгүй.

-Та Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг таних уу?

– Ц.Элбэгдоржийг ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэдгээр нь эчнээ мэднэ. Тэрнээс биш Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй нэг ч уулзаж, ярилцаж үзээгүй. Энэ утгаараа би тэр хүнийг танихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид, хууль хүчний байгуулагуудад хэрэг хянах, хэрэг яллах, гэмгүй хүнийг гэм буруутан болгох талаар үүрэг даалгавар өгдөг эрх хэмжээ хуулиар ч байхгүй. Би тийм даалгавар, захиалга энэ хүнээс аваагүй. Үүнийг Н.Энхбаяр надаас илүү мэдэх ёстой. Өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн ингэж болохгүй гэдгийг хэнээс ч илүү мэдэххүн. Харин мэдэж байгаа мөртлөө мушгин гуйвуулж, даалгавар өгсөн мэтээр нийгмийн тархийг угааж байна шүү дээ.

-Д.Бямбасүрэн гуай хуулийнхан шударга бусаар шүүж, ял оноодог явдлыг “Сагсайдах” гэж хэлсэн гэдэг. Та ажлаа хийж байх явцдаа асуудалд шударга бусаар хандах тохиолдол байсан юм уу. Яагаад Д.Бямбасүрэн гуай тэгж хэлэх болсон гэж та бодож байна?

-Миний нэрний учир утгыг зөв ойлгох ёстой байх. Сагсай гэдэг нэр ямар учиртай, үгийн үндэс, утга нь юу юм гэдгийг тайлбарласан хэл зүйн судлаачдын тайлбар олон байдаг юм билээ. Монгол Улсын баруун хязгаар, Алтайн нуруунаас эх авдаг Ховд голын нэг том цутгалан, Сагсай гэж гол байдаг. Өөрөөр хэлбэл газар нутгийн нэр. Энэ гол хэдэн мянган жилийн өмнө л ийм нэртэй байсан. Одоо ч тийм нэртэйгээ л байгаа. Би тэр голын хөвөөнд төрсөн учраас миний өвөө энэ нэрийг надад хайрласан гэж аав, ээж минь хэлдэг юм. Би чинь эгэл жирийн малчны үр хүүхэд шүү дээ. Таны асуулттай холбоотой хэлэхэд би Н.Энхбаярын шүүх хуралд оролцож, ялласан шүүх хурал болсны дараа МАХН-ын нэг хурал болсон юм аа. Онц их хурал ч билүү, ээлжит их хурал нь ч билүү. Тэр хурал дээр Д.Бямбасүрэн гуай үг хэлэхдээ Н.Энхбаярыг ялласантай холбогдуулан хүнийг ингэж хилсээр яллаад шүүхээр оруулж хэрэгтэн болгохыг “Сагсайдах” гэж нэрлэе гэж ярьсан байсан. Хуульд нийцсэн шударга ёсны үйлдлийг мушгин гуйвуулж, хууль бус ажиллагаа явуулахыг “Сагсайдах” гэж нэртэй байх мэтээр нэрлэж, хүний нэр усыг элдвээр хэлэх чинь илэрхий доромжилж, мушгин гуйвуулж байгаа үйлдэл. Үүнийг Монголын ард түмэн ялгаж салгаж ойлгох байх. Намбарын Энхбаярыг гурван шатны шүүх гэм буруутай гэж үзсэн. Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолууд өнөөдөр хэвээр байна. Тэгэхэд намайг л өөрийг нь хэлмэгдүүлсэн, хилсдүүлсэн гэж яриад байгаа нь зүйд нийцэхгүй.

-Н.Энхбаярын хэрэг дээр яллагч прокурор байх үед чинь танд ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролдсон уу. Н.Энхбаярт туслаач, дэмжээч гэж хэлж байсан удаа бий юу?

-Н.Энхбаярын хэргийг би анхан шатны шүүх дээр яллаад, анхан шатны шүүх гэм буруутай гэж ял оногдуулсан. 2012 оны наймдугаар сард болсон. Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдан, гомдол гаргасан байсан. 2012 оны есдүгээр сарын үе шиг санаж байна. Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн надтай уулзъя гэж санал тавьсан. Би тэр хүнтэй уулзсан. Тэр хүн надтай уулзаад ”Манай Н.Энхбаяр даргын гарт чиний тухай, чиний хувийн амьдралын тухай ноцтой мэдээлэл бүхий бичлэг байна. Тийм учраас Н.Энхбаяр дарга чамайг “Давж заалдах шатны шүүх хурал дээр миний хэргийг гэм буруугүй гэж хэлж, хэргийг маань цагаатгуулж өг” гэдэг асуудал тавьж байна. Хэрвээ энэ хүсэлтийг биелүүлэхгүй бол бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж байна шүү” гэсэн. Өөрөөр хэлбэл олон жилийн өмнө тэр бичлэгийг нийтэд цацна гэж хэлж байсан хэрэг шүү дээ.

-Тэгэхлээр нь та юу гэв?

-“Хэрвээ Н.Энхбаярын гарт миний хувийн амьдралыг харуулсан бичлэг байгаа бол энэ миний хувийн асуудал байна. Миний албан ажилтай холбоогүй юм байна. Хоёрдугаарт, үнэхээр тийм бичлэг байгаа бол наадах чинь хууль бус бичлэг байна. Намайг мөрдөж, мөшгөж, хууль бусаар бичлэг хийсэн байна. Энэ бол хууль бус үйлдэл байна. Хэрвээ тэр бичлэгийг олон нийтэд тараах юм бол тарааж байгаа үйл явц нь өөрөө хууль бус болох ёстой. Тийм учраас хувийн эрх ашгаа дээгүүр тавьж албаны эрх ашгаа хойш нь тавьж би өөрийн нэр төрөө бодож хууль бус үйлдэл хийхгүй ээ. Энэ хүний хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэм буруутай эсэхэд дүгнэлт хийнэ. Тийм учраас би цагаатгах санал тавьж, чадахгүй юм байна” гэж хэлээд явуулсан. Энэ нөхцөл байдлаас харах юм бол өнөөдрийн энэ яриад байгаа, үзүүлээд байгаа бичлэг 2012 онд магадгүй 2009 онд Н.Энхбаярт байсан бичлэг байж гэж ойлгогдож байна.

– Н.Энхбаяр хүнээс сонссон гэж хэлсэн шүү дээ…

-Яахав, тэр телевизийн нэтрүүлэгт орохдоо бол “Надад хүмүүс мэдээлэл ирүүлсэн, би хүнээс сонссон, би үзээгүй” гэх мэтээр ярьж байна лээ. Гэтэл дээрх миний ярьснаас үзвэл энэ бүх үйл ажиллагааг Н.Энхбаяр өөрөө зохион байгуулсан байхыг ч үгүйсгэхгүй.

-Та тэднийг юм асуухаар яагаад “үнэн, үнэн” гэж хариулаад байсан юм?

-Тухайн үед гэнэтийн үйл явдал болсон. Хоёр залуу орж ирж шантаажилж, дарамталсан, айлгасан, би өөрөө согтуу байсан. Олон жилийн өмнө болсон үйл явдал шүү дээ. Яг ямар үйл явдал болсныг би өнөөдөр тод санаж чадахгүй байна. Тэгэхлээр энэ бичлэгийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан бодит байдлыг тогтоолгох саналыг би хуулийн байгууллагад гаргана.

-Тэр нийтэд цацагдсан хэсэгт эвлүүлэг хийсэн юм бий юу.

-Дарамталж бичлэг хийсэн нь үнэн ч нийтэд цацахаас өмнө эвлүүлэг хийсэн байхыг үгүйсгэхгүй.

-Тэр бичлэг хийсэн хүмүүс “Ямар нэг хэргийн талаар дурдаж, тэр хэрэг дээр ингэлээ, тэглээ” гэж хэлсэн зүйл бий юу?

-Энэ асуудлаар би гомдол гаргахаа өмнө илэрхийлсэн тул шалгах газар нь шалгаж хэн юу гэж хэлсэн талаар тогтоох байх аа. Нийгмийн өмнө намайг юу гэж ч харлуулж болно. Монголын төрд ажиллаж байгаа мянга мянган шударга хуульчдыг шударга шүүгч, прокурорыг бүхэлд нь харлуулах хар пиар хийж болохгүй гэж бодож байна. Хуульчид бүгд ийм байсан мэтээр ярьж хэлж, байгаад нь би туйлаас харамсаж байна. Өнөөдөр Монголын төрд байгаа бүх хуульчид хууль хэрэгжүүлэхийн төлөө шударга ёс тогтоохын төлөө, асуудлыг шударгаар шийдүүлэхийн төлөө явж байгаа гэдэгт би итгэдэг. Энэхүү бичлэг хийсэн болон нийтэд түгээсэн этгээдүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэнийг хууль бусаар мөрдөн жилийн өмнө надад хүч хэрэглэн, бичлэгийг Н.Энхбаярын хэргийг нийтэд цацна гэсэн мөшгөсөн, Хоёрдугаарт, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орон сууцны халдашгүй байдлыг зөрчсөн, Гуравдугаарт, хууль бусаар зөвшөөрөлгүйгээр орон сууцанд бичлэг хийсэн, Хувь хүний хувийн нууцад халдлаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хувийн нууцыг хуулиар хамгаална гэсэн заалтыг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Хувь хүний нууцын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2.4-т гэр бүлийн нууцыг бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд ашиг сонирхолд харшлах мэдээллийг хувь хүний нууц гээд заачихсан байна. Өнөөдөр нийгэмд хувь хүний нууцтай холбоотой, хувь хүний амьдралтай холбоотой ийм мэдээлэл тарааснаас болоод миний гэр бүлийн амьдрал, хувь хүний амьдралд энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ноцтой хор хохирол учрахыг үгүйсгэхгүй. Гуч, дөчин жил ханилсан гэр бүл салж сарниж магадгүй, гэр бүлд хэрүүл маргаан зохисгүй харьцаа үүсч болзошгүй. Түүнчлэн гэр бүл, үр хүүхдүүдийн хооронд үл ойлголцол бий болохыг ч үгүйсгэхгүй. Ийм асуудлыг нийтэд гаргаж тавьснаараа хууль зөрчсөн ноцтой үр дагаврыг бий болгож байна. Дээрх бичлэгийг нийтэд тарааснаараа Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж би үзэж байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 13.10-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 13.11-т заасан Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан гэж байна. Тийм учраас би энэ асуудлыг зөвхөн хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг тогтоолгоно.

-Н.Энхбаяр гуай Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших гэж байгааг та мэдэж байна уу?

-Хэн мэдэхэв. Магадгүй нэр дэвших гээд оноо авах пиар хийж байгаа ч юм билүү. Н.Энхбаяр гэж шударга хүн хуулийнхны муу муухай, булхайг илчилж байна гэж харагдах зорилготой байж болох юм.

-С.Зоригийн хэрэгтэй холбоотой ноцтой зүйл Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлсэн. Эрүүдэн шүүсэн гээд л… Эндээс хараад хуулийнханд итгэл алдарч байгаа байдал анзаарагдаж байгаа. Хэрэг мөрдөх, хянах, шүүхдээ хуулийнхан энэ мэтчилэн ханддаг юм биш биз дээ?

-С.Зориг агсан алагдсан хэргийн тухайд би олон нийтийн нэгэн адил мэдээлэлтэй л байгаа. Энэ хэрэг угаасаа шалгагдаж байх бүх хугацаандаа нууцын зэрэглэлтэй явсан. Нууцын зэрэглэлтэй хэрэг хянадаг прокурор тусдаа, мөрдөгчид нь тусдаа байдаг учраас прокурор болгон энэ хэрэг рүү ороод мэдээлэл аваад байх бололцоо байхгүй. Би энэ хэргийн талаар нэг удаа материал үзэж, нэг удаа оролцож байгаагүй, тиймээс энэ хэргийн талаар “а” ч мэдэхгүй. Нийгэмд болж байгаа үйл явдлаас харах юм бол аль нь үнэн, худал эсэхийг хэлж мэдэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *