Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал Б.Батбаяр: Бид агаарын хил болон халдашгүй дархан байдлыг хянах, хамгаалах үүргээ сайн биелүүлж байгаа

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Батбаяртай ярилцлаа.


-Манай агаарын цэргийн командлалын өнөөгийн нөхцөл байдлын тухай ярихгүй юу. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-Юуны өмнө нэг зүйлийг ярья. Би “Өдрийн сонин”-ыг байнга захиалдаг уншигч байгаа юм. Бодит мэдээллийг хүргэдэг. Эх сурвалжаас нь мэдээллийг дамжуулдаг, худал мэдээлэл дамжуулдаггүй тийм сонин. Бас хүний анхаарлыг татахаар гоё нийтлэлүүд гардаг юм. Надад ялангуяа Б.Цэнддоо нийтлэлчийн бичдэг шоглосон маягтай фельетонууд нь таалагддаг. Арын нүүртээ С.Цогтбаярын шог зурагнуудаас тавьчихсан ч байх жишээтэй. Тийм болохоор нөр их ажилтай байдаг та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөж байна. Ард түмэндээ сайн сайхан мэдээллүүдийг байнга хүргэж байгаарай.

-Баярлалаа.

-2015 онд Батлан хамгаалах бодлогын үндэс гэж баримт бичиг батлагдсан юм, УИХ-аар. Энэ баримт бичгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин хуурай замын цэрэг, агаарын цэрэг, бусад төрөл, мэргэжлийн цэргээс бүрдэнэ гээд заачихсан. Үүний дараа 2016 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн Батлан хамгаалахын багц хуулиуд батлагдсан юм. Зэвсэгт хүчний тухай хуульд л гэхэд Агаарын цэрэгтэй байна гээд заагаад өгчихсөн. Үүнээс хойш агаарын цэргийг бие даалгаж, Зэвсэгт хүчний нэг төрөл гээд явж байгаа. Энэ чиглэлээр манай агаарын цэрэг тусдаа гараад хууль эрхзүйн орчноо сайжруулах ажлуудыг их хийлээ. Мөн зэвсэг техникээ шинэчлэх, хүмүүсээ сургаж дадлагажуулах гэх мэтчилэнгийн олон ажлыг хийгээд явж байна. Цэргийн албаны ажил хууль эрх зүйн үндэслэлүүд дээр явагдах ёстой. Манайх агаарын цэрэг учраас Улсын нисэхийн тухай хуулийг 2017 онд анх оруулаад 2018 онд УИХ-аар батлуулсан. Энэ хуульд зааснаар манайд багц дүрмүүд гэж бий. Тэр дүрмүүдээ шинэчлэн найруулаад батлуулсан.

Энд нэг ойлголтыг өгөхөд агаарын цэрэг нисэх, пуужин, радио техникийн гэсэн гурван төрлийн цэргийг дотроо багтаадаг. Бид байлдааны дүрэм, бусад дүрэм, журам, заавруудыг бүгдийг нь боловсрууллаа. Энэ чиглэлд нэлээд ажил амжууллаа. 2017 оны нэгдүгээр сарын 7-нд бид Агаарын цэргийн командлалын дүрмээ батлуулаад Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Тухайн сарынхаа 25-нд бид тамга тэмдгүүдээ авч дөрөвдүгээр сард нь Байлдааны тугаа гардаж авсан юм. Үүнээс хойш бид нар бодлогын бүх баримтуудаа боловсруулаад ажил ерөнхийдөө жигдрээд явж байна

-Танай зэвсэг техникийг сонирхож болох уу?

-Бид гурван төрлийн зэвсэглэлтэй. Радио техникийн зэвсэг нь агаарын орон зайд хяналт тавьж байдаг. Хяналт тавьдаг радио лакацын станцууд бий. Онцгой объектуудыг халхлах үүрэг зориулалттай. Үүнийг пуужингаар гүйцэтгэнэ. Агаарын орон зайд үүссэн зөрчил, дутагдал, бусад асуудлыг арилгах, агаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах ийм үүрэгтэй. Пуужингаас гадна нисэхийн цэрэг бий. Бусад орны агаарын цэргийг харахад хяналтаа тавиад, мэдээллээ пуужин, нисэхийн цэрэгтээ өгчихөөр пуужингаараа харваад онгоцоороо амдан сөнөөх маягаар ажилладаг. Ийм гурван төрлөөр манайх үйл ажиллагаагаа жигд явуулж байна. Агаарын хил, агаарын халдашгүй дархан байдалд хяналт тавих, хамгаалах үүргээ бүгд сайн биелүүлж байгаа. Бид ОХУ-ын зэвсэг техниктэй. Манай офицерууд Орост сургууль төгсч ирдэг. Онгоц, пуужингийн офицеруудыг Орост бэлтгэдэг. Радио техникийн офицеруудын заримыг ОХУ-д, заримыг нь Монголдоо бэлтгээд эхэлчихсэн. Бага мэргэжилтнүүдээ дотооддоо бэлтгэнэ. Зэвсэг техникийн хувьд тухайн үед ОХУ-аас буцалтгүй тусламжаар авч байсан. Тэр техникүүдээ одоо ашиглаж байгаа. Сүүлийн үед зэвсэг техникээ шинэчилж сайжруулах, бусад оронтойгоо хөл нийлүүлдэггүй юм аа гэхэд орхигдчихгүйн тулд тэр талын ажиллагаа хийж байгаа. Энэ нь биднээс шалтгаалахгүй, Монгол Улсын эдийн засгийн боломж, бололцооноос шалтгаалдаг байх. Мөнгө төгрөгийн боломжгүй болохоор жил болгон сайжруулаад байгаа юм байхгүй. Бид боломжийнхоо хэрээр зарим нэг зэвсэг техникүүдээ буцалтгүй тусламжийн хэлбэрээр, зарим нэгийг нь хамтын ажиллагаатай улс орнуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаж авах ч байдаг юм уу гэх мэтээр сайжруулаад явж байгаа. Гурван чиглэлээс нисэхийнх нь чиглэлээр л ярихад өнөө жил шинээр нэг нисдэг тэрэг худалдаж авахаар холбогдох оронтой нь зохих яриа хэлцлүүдийг хийчихсэн байгаа. Мөн пуужин, радио техникийн чиглэлээр бас харилцан яриа өрнүүлээд хамтын ажиллагаануудаа эхэлчихсэн. Яриа бол нэлээд нааштай шатандаа орчихсон байгаа.

-Дроныг улс орнууд батлан хамгаалахынхаа салбарт нэлээд түлхүү ашиглаж байгаа мэдээ сэлт их байна. Манайх энэ тал дээр хэр анхаардаг юм бол?

-Манайхан одоо л мэдэж байгаа. Би нисэхийн чиглэлийн мэргэжилтэй хүн л дээ. 1985 онд ЗХУ-д Нисэхийн ерөнхий сургуулийг Сөнөөгч онгоцны радио техникийн мэргэжлээр төгсч ирээд ажиллаж байгаад ОХУ-ын Нисэхийн академийг Пуужин, нисэхийн инженерийн чиглэлээр төгссөн. 2003 оноос Батлан хамгаалах яаманд Зэвсэглэл, техникийн чиглэлээр ажиллаж байсан. Би 2005 онд өөрийнхөө мэргэшсэн чиглэлээр нисгэгчгүй нисэх хэрэгсэл буюу дроны талаар цэргийн сэтгүүлд нийтлэл тавьж байсан юм. Ийм хэрэгсэл одоо хэрэгцээтэй боллоо. Бусад орнууд үйлдвэрлээд эхэллээ гэж бичихэд тухайн үед үүнийг ойлгох хүн бараг байгаагүй л дээ. Уржнангаас энэ талаар ярих боллоо. Бусад орнуудад хөгжөөд эхлэхээр аргагүйн эрхэнд сонирхоод эхэлсэн. Нисгэгчгүй нисэх хэрэгсэл бол маш их ашигтай. Хамгийн гол зорилго нь агаарын тагнуул хийх. Камер зүүгээд тодорхой цаг өгөөд явуулчихна. Өөрийнхөө батарейгаар заасан алсад оччихоод үйлчилгээ хийчихээд буцаад ирнэ. Хүн, хүч шаардахгүй, аятайхан. Нисгэгчгүй нисэх хэрэгслийг янз бүрийн зорилгоор ашиглаж болно л доо. Цаг уур, зам, гал түймэр гээд иргэний зориулалтаар ч ашигладаг.

-Манайхан өөрсдөө дрон угсраад эхэлсэн гэж дуулдсан шүү?

-ШУТИС-ийн харьяа Механик, тээврийн сургууль гэж бий. Тэр сургууль дотор Аэро-гидро механикийн сургууль гэж бий. Тэр нь нисэхийн чиглэлийн инженер бэлтгэдэг. Тэр сургуульд 2006, 2007 оноос эхлээд оюутнууд нисгэгчгүй нисэх хэрэгслээр дипломын ажил хийсэн. Манайх нисэхийн ангиудад энэ чиглэлд сонирхолтой залууст заавар, зөвлөгөө өгч өөрсдөө нисгэгчгүй нисэх хэрэгсэл хийгээд эхэлчихсэн. Заримаас нь туршаад амьдралд нэвтрүүлчихсэн. Жишээ нь, Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулдаг. Тэр шалгаруулалтад нисэхийн ангийн гурван залуу гурван өөр төрлөөр оролцож гурвуулаа байр эзэлсэн. Манайхан тэр талдаа нэлээд өндөр түвшинд хүрчихсэн. Одоо бол шинээр нисэхийн ангийг түшиглээд “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл бүтээх төв” нээхээр зөвшөөрлүүдээ аваад явж байна.

-Монголын Зэвсэгт хүчнийг тойрсон элдэв таамаг, яриа бий л дээ, олон нийтийн дунд. Ялангуяа зэвсэг, техникийн тухайд. Өнгөрсөн жил гэхэд шинээр 200 танкаар хүчээ зузаатгалаа гэж шуугиад өнгөрсөн?

-УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн ярилцлагыг телевизээр үзсэн, сонин хэвлэлээс ч уншсан. УИХ-ын дэд дарга тийм юм ярьсан. Тэр бол ямар ч үндэслэлгүй. Манай Зэвсэгт хүчин 200 танк аваагүй. Тийм юм нийлүүлээгүй. Гэхдээ 2010 оны орчимд цөөн тооны хэдэн танк авсан. Буцалтгүй тусламжаар ОХУ-аас орчин үеийн гэж болох танк. Тэрнээс өмнө нэлээд хуучирсан, хоёр, гуравдугаар үеийн л танкууд байсан. Гэхдээ тэд үүргээ гүйцэтгэхээр болвол гараад үүргээ гүйцэтгэнэ. Арчилгаанд, бүх юм нь бэлэн байдалд байдаг. Хэрэгцээтэй үед ашиглахад бэлэн. Зөвхөн танкны хувьд ярихад.

-Монголын цэргүүд хуяг, дуулгатай юу. Хэр хамгаалагдсан байдаг вэ. Бүрэн зэвсэглэж чадсан уу. Барууны кинонуудаас харахад тэндхийн цэргүүд толгойноосоо хөл хүртлээ бүрэн хамгаалалт, хэрэгсэлтэй байдаг?

-Хувцас формын хувьд манайх сайжирсан. Кинон дээр гараад байдаг шиг тийм хувцас манай цэргүүдэд байна. Нүдний шилнээс эхлүүлээд шөнийн дуран хараа гээд бүх юм бий. Бууны сумнаас хамгаалдаг хантаазтай. МҮОНТ-ийн “Дуулга” студиэс бэлтгэдэг “Эх орны төлөө” нэвтрүүлгээр манай цэргүүд хувцас, хэрэглэл, дуулга, малгай, өвдөг, тохойн хамгаалалт гээд бүх юмтайгаа гардаг юм. Гутлын хувьд цөлийн шар гэдэг юм даа, тийм гуталтай. Буу зэвсгийн хувьд ерөөсөө дутах юм байхгүй. Манай Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын салшгүй нэг хэсэг учраас хувцас, формоор хангах ёстой л доо.

-Монголын армийн бэлтгэл сургуулилт хэр байдаг вэ?

-Манай Зэвсэгт хүчний хамгийн гол үндсэн зүйл бол ерөөсөө л бэлтгэл сургуулилт. Тайван цагт сургуулилт дадлага сайн байж байж л байлдааны цагт үүргээ гүйцэтгэнэ шүү дээ. Манайхны сургуулилт, бэлтгэлийг сайн гэдгийг би өөрөө мэргэжлийн хүний хувьд маш сайн мэднэ. Тэрийг худлаа биш гэдгийг юугаар батлах вэ гэхээр манайхан гадны оронд очоод үүрэг гүйцэтгэдэг. Зөвхөн Энхийг сахиулах хүрээнд л ойлгоод байгаа юм. Иран, Ирак, Судан, Сьерра Леонд алба хааж байгаа манай цэргүүд сургуулилт, дадлага, бэлтгэлжилт илүү болохоор тасарч илүү харагдаж байгаа байхгүй юу. Бүх орны цэрэг уралдахад эхний арван байрт нь манай цэргүүд орж байх жишээний.

-Тэр үнэн юм уу?

-Үнэн. Нүдээрээ харж, чихээрээ сонссон гадаадын дарга нар нь хүртэл үнэлдэг. Тэр нь баримт болж бичлэгээрээ хүртэл байгаа. Аргагүй л дээ. Тэсвэр хатуужил бас байна. Монголын цэргийн генд байна шүү дээ. 20 кг элс үүрээд таны асуугаад байсан бүх өвч хэрэгслээ өмсөөд гүйнэ. Тэр чинь бас нэлээд хэдэн кг болно. Тэгээд элсээ үүрээд 30 км газар гүйгээд ирэхэд монгол залуучууд л түрүүлж ирдэг. Эсвэл бүр тасарчихсан гадны цэрэг байлаа гэхэд эхний гурав дотор л орж ирэх жишээтэй. Ийм л байгаа юм, хаа ч очсон. Манай сургуулилт, бэлтгэл сайн. Та бүхэн Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон хоёрын тухай сонсч л байсан байх.

-2004 онд Иракт болсон халдлагыг няцааж, монгол цэргийн алдрыг өргөсөн хоёр биз дээ?

-Дэлбэрэлт, буудалцаан болоход манайхан “Буунд аа!” гээд дайрдаг бол бусад орныхон ширээн доогуур шургах үйлдэл хийдэг. Ажиллагаанд явуулах багаа Таван толгойн бааз дээр бэлтгэдэг. Тэндээ бэлтгэл, сургуулилтаа маш сайн базаадаг. Бүх ангиас ирж байгаа цэргүүдээ туршлагатай багш, офицерууд нь хүлээж авч сургуулилт, дадлагыг нь хийлгэдэг учраас энэ тал дээрээ илүү байдаг юм болов уу гэж боддог шүү дээ.

-Монгол эрчүүд “Чингисийн үр сад, Монгол омогшил, бид баатруудын удам” гэж ирээд л ярих болж. Гэтэл үнэндээ бодит амьдрал дээрээ тийм мундаг улс хэвээрээ юу?

-Би тэгж омогшоод онгироод байгаа цэргийн хүнийг хараагүй. Энэ тал дээр их анзаардаг. Энгийн залуучууд тийм юм яриад байдаг. Би чинь голдуу офицер, ахлагч нартайгаа хамт байдаг болохоор Монгол омогшил гээд л омогшоод, орилж хашгираад байгааг нь хараагүй. Үүргээ гүйцэтгээд явж байвал тэр чинь л омогшил. Омогшил гэдгийг үйл ажиллагаагаараа л харуулах ёстой. Түүнээс биш Монгол омогшил гээд л орилоод байж болохгүй. Бусад орнууд ч омогшино шүү дээ. Биднээс ч илүү омогшино. Бусад орны эрчүүд спортоор гэхэд илүү л байгаа биз дээ.

-Эх оронч гэдгийг манайхан мушгиад байна уу даа. Эх оронч хүн гэгдээд байгаа хүмүүсийг харахаар арай л өөр юм яриад байх боллоо. Таны хувьд эх оронч хүн ямар байх юм, эх оронч гэж хэнийг хэлэх юм?

-Үйлдлээрээ л эх орныхоо төлөө гэдгээ харуулаад гараад ирсэн хүнийг л эх оронч гэнэ. Хүн болгон л эх орондоо хайртай, эх оронч байхыг хүсдэг байх л даа. Тэрийгээ яриад л, яваад л “Би эх оронч” гээд байж болохгүй. Хувцас оёдог оёдолчин эмэгтэй байлаа гэхэд хийх ёстойгоо, оёх ёстойгоо зөв хийгээд явж чадаж байвал тэр хүн эх орныхоо төлөө зүтгэж байгаа эх оронч. Дэлгүүрт очоод олон бараанаас эх орныхоо үйлдвэрийн барааг сонгож худалдан авч байвал тэр чинь бас л эх оронч хүн байхгүй юу. Үйлдлээрээ л харуулж байгаа хүнийг эх оронч гэнэ үү гэхээс “Эх орон, эх оронч” гээд дандаа яриад яваад байгаа хүнийг эх оронч гэхэд хэцүү. Гэхдээ хүн болгон эх орондоо хайртай. Эх орноо гэсэн сэтгэл дотор нь байж л байгаа.

-1990-ээд он хүртэл Монголд буугүй айл бараг байгаагүй шүү. Ханынхаа толгойноос зүүчихсэн цахиураас эхлүүлээд калибр харагддаг л байсан. Гэтэл өнөөдөр буутай айл, буутай иргэн бага болжээ. Цөөрүүлээд ч байгаа юм шиг. Нэг тийм бодлого яваад байна уу даа ч гэж харагддаг юм. Гэтэл гадны орнуудад иргэд нь гар буу чөлөөтэй эзэмшдэг. Зарим оронд айлууд галт зэвсгийн шүүгээ, булантай байх жишээний…

-Дээр үед байсан. Айл бүхэнд нэг калибр байдаг байсан. Винтов ч байдаг байлаа. Тухайн үед аавууд нь хүүхдүүдээ дагуулж явж тарвага буудах ч юм уу, багаас нь бууны дөртэй болгож ойртуулж, дарийн утаа үнэртүүлж ирсэн. Тэр нь дээр үеэсээ уламжилж ирсэн цэргийн бэлтгэл байсан юм болов уу гэж боддог. Чингис хаан байна, түүний дараахь үе байна. Тэр үед бүх айл л нум сумтайгаа байсан. Хэзээ нэгэн цагт эх орон дуудахад тэрийгээ аваад л гардаг байсан байхгүй юу. Сүүлд буу зэвсгийг хурааж аваагүй. Буу зэвсгийг бүртгэлжүүлээд хяналт тавиад эхэлсэн. Татвар аваад эхэлсэн. Зарим хүмүүст очиж татвар төлөхөөс түвэгшээж ядаргаатай санагддаг байх. Манайх бусад орны жишиг шиг л байгаа болов уу гэж боддог. Ангийн дэлгүүрүүдэд буу зарж л байгаа. Галт зэвсгийн тухай хуультай. Тэр хуулийн дагуу бүх баримт бичгээ бүрдүүлээд буу худалдаж аваад цагдаад бүртгүүлэхэд болно. Сүүлийн үед ялангуяа залуучууд, эрэгтэй хүүхдүүд цэргийн бэлтгэл, буу, буудлага гэсэн эр хүн тал руугаа байхаа больчихоод байна. Миний харж байгаагаар солонгос кино үзсэн, нарийхан өмдтэй, үс гэзгээ мөн тийм байдлаар засчихсан, яриа хэл нь хүртэл сонсохоор ойлгомжгүй ч юм шиг.

Түс тас яриад ч юм уу, энгийн яриад ойлголцчих юман дээр олон тайлбар хэлээд ч юм уу. Эсвэл олон эмэгтэйчүүдийн дунд сурч, ажиллаад тийм болчихсон ч юм уу гэмээр харагдах болсон. Тэгэхээр тэдэнд цэрэг, буу тал руугаа сонирхол байхгүй, ерөөсөө.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *