Categories
мэдээ соёл-урлаг

“Буцаагүй амлалт”-ыг буцаж очоод үзсэн ч уйдахгүй

Сэтгэлээс гардаггүй уран бүтээл гэж бий. Нэг үзээд сэтгэлд хоногшиж, дахиад үзсэн ч уяруулж уйлуулж чаддаг уйдамгүй кино бас байдаг.
Тэгвэл энэ сарын 8-ны өдөр Хүннү моллд нээлтээ хийж, үзэгч олны хүртээл болж эхлээд буй “Figura media group”-ын анхны уран бүтээл “Буцаагүй амлалт” хэмээх шинэ кино тийм хэмжээнд хүрэхээр чансаатай уран бүтээл болж чаджээ.
Жүжигчин Э.Мөнхтөрийн тоглосон Эрдэнэ хэмээх аутизмтай залуугийн дүр сэтгэлээс ер гарахгүй. Түүнтэй хамт Жижигээгийн дүрд тоглосон Б.Хүслэн хэмээх хүүгийн дүр бүр өхөөрдөм бас хайрламаар. Дүрдээ орсон, жүжиглэсэн чадварыг нь харахаар бахархмаар санагдах.
Онцлох бас нэгэн зүйл бол өнөөгийн нийгэмд бидний дунд байгаа залуусын хайр сэтгэл, үр хүүхэддээ хандах хандлага, тэдний өмнө хүлээх үүрэг хариуцлагын чухлыг харуулсан энэ уран бүтээл ухаарал өгч чадах цагаа олсон кино болжээ хэмээн бүтээн босгосон бүх хүмүүст баяр хүргэмээр санагдсаныг нуух юун. Киноны туршид өөрийн эрхгүй инээд алдуулсан хөгжилтэй хором, уярал, ухаарал зэрэгцэж явсаар дэлгэцнээс нүд салгах хүсэл төрөхгүй төгсөж байна билээ. Ийнхүү хийгүй хийж чадсан нь найруулагч Б.Тулгаад баяр хүргэх нэг шалтгаан гэж бодогдоно.
Киноны төгсгөлд урт холын зам дагаад гол дүрийн хоёр болох Эрдэнэ, Жижигээ хоёр жаахан шар жаал тэвэрсээр алхаж явааг харахад урт амьсгал аваад сэтгэл уужирмаар. Гаднаас нь харахад мангар, тэнэгдүү ч юм уу гэж хэлэхээр Эрдэнэ залуу амалснаасаа буцалгүй, хайр сэтгэлээ өгсөн Ариунхонгор бүсгүйнхээ бяцхан үрийг тэвэрсээр нутаг буцаж яваа нь энэ. Тиймээ монгол аавууд амлалтаасаа битгий буцаасай, үр хүүхдүүд элэг бүтэн өсөөсэй.

“Буцаагүй амлалт”-д саатсан үзэгчдийн сэтгэгдэл:
Үзэгч Б.Уранбайгаль
Жүжигчин Э.Мөнхтөрийн тоглосон олон кино байдгийг мэднэ. Гэхдээ энэ кинонд бүр илүү тоглож чаджээ гэж үнэлмээр санагдлаа. Түүний тоглосон Эрдэнийн дүр сэтгэлд хоногшихоор болсон байна. Ер нь их чамбай бүтээл болсон байна. Кино багийнханд бүгдэд баяр хүргэе. Залууст хандаж хэлэхэд ирж үзээрэй гэж уриалмаар байна.

Үзэгч Х.Хангал:
Манай залуучууд олноороо ирж энэ киног үзээсэй гэж хүсч байна. Бид уг нь амласандаа хүрдэг монгол эрчүүдийн үргэлжлэл шүү дээ. Үүнийг өнөөгийн залууст ойлгуулахыг зорьсон кино багийнханд талархаж байна. Жүжигчид нь ч мундаг тоглосон байна. Ялангуяа Жижигээ хүүгийн дүрд тоглосон хүү үнэхээр хөөрхөн байна. “Зүрхэнд шивнэсэн үг” шиг тийм сэтгэлээс гарахааргүй сайхан кино болжээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *