Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Тодорхойгүй асуудлаар шуугиан тарьж улс төрийн оноо авах гэж бүү оролдоосой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хууль хяналтын байгууллагууд ажлаа хийж, шалгах ёстой. Гэхдээ нийгэмд тодорхойгүй байгаа асуудлаар шуугиан тарьж улс төрийн оноо авах гэж бүү оролдоосой л гэж бодож байна. Хоёрдугаарт, Таван толгой, төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүд хэрэгжих ёстой. Энэ төслүүд мэдээж гаднаас хөрөнгө оруулалт босгож таарна. Энэ үед хамгийн туршлагатай, нэр хүндтэй банк нь Худалдаа хөгжлийн банк байгаа юм. Тэгэхээр салан баавгайн үлгэр шиг нэг асуудлаа цэгцлэх гэж гадны хөрөнгө оруулалт, банк санхүүгийн орчныг бусниулж, сөргөөр нөлөөлөхүйц зүйл битгий хийгээсэй гэж бодож байна. Ер нь Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг тойрсон хөндлөнгийн, хараат бус, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөж өгөхгүй байна л даа. Засгийн газраас нэг талыг барьсан мэдээллийг маш их цацаж байна. Төр нь хувийн хэвшил, үйл ажиллагаа явуулж буй бизнесмэнүүдээ эрх мэдлээрээ далайлгах нь буруу. Хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл явдал боллоо л гэж үзэж байна.

Манай уул уурхайн салбар, стратегийн ордууд эдийн засагт маш чухал нөлөө үзүүлдэг. Энэ асуудлыг энэ мэтчилэн хүч түрж шийдэх хэрэг байсан уу, үгүй гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж асуух, шалгах шаардлага гарах байх л даа. Гэхдээ хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж хүч хэрэглэсэн, түрэмгийлсэн байдалтайгаар хорьж, барьж байгаа нь санаа зовоож байна. Манайх чинь ардчилсан улс шүү дээ.

-49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай гэдгийг Засгийн газар мэдэгдээд байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахын тулд дөрвөн эх үүсвэрээс мөнгө босгосон гэж яриад байгаа. Та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Би хэвлэл мэдээллийнхний өгч байгаа мэдээллийн хүрээнд л мэдэж байна. Энэ асуудал дээр хөндлөнгийн мэргэжлийн баг дүгнэлт хийх ёстой. Учир нь бүхий л арилжааны банкууд төв банкаасаа зузаатгал хийдэг. Монгол Улсад мөнгө хэвлэх, тараах эрх бүхий монополь байгууллага нь ганцхан Монголбанк. Үүнийг цааш нь эдийн засгийн эргэлтэд оруулах эрх, үүрэг нь арилжааны банкуудад бий. Гэтэл ердийн журмаар авсан мөнгө мөн эсэхийг ялгаж салгахгүйгээр харлуулаад байгаа нь хэт нэг талыг барьсан юм шиг харагдаж байна. Миний ойлгож байгаагаар энэ бол ОХУ-д болсон хувьчлал. Энэ мөнгийг авахад төр, хувийн хэвшлээсээ үл хамаарч монголчууд өөрсдөө л хамтарч ажиллаж таарна. Хувийн хэвшил өөрөө мөнгө үйлдвэрлэж чадахгүйгээс хойш мэдээж Монголбанкны хэвлэсэн мөнгийг ашиглана. Эсвэл Монголбанк дээр байгаа ам.долларыг л ашиглана шүү дээ. Жишээ нь, БНХАУ төрийн болон хувийн өмчтэй компаниуддаа асар хямдхан зээл өгч, гадаадад байгаа бүх ордуудыг худалдаж авахуулж байна. Ерөөсөө л гадагшаа хөрөнгө оруулалт хийгээд байна. Гэтэл манайх дотооддоо ч хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. Дээрээс нь гадаадад байсан өмчийг худалдаж авна гэдэг нь гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын томоохон эхлэл байсан юм. Япон, БНСУ-ын хөгжлийн нэг нууц нь гаднаас хөрөнгө оруулалт татсан явдал. Дараа нь гадагшаа хөрөнгө оруулалт хийдэг болсон. Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авна гэдэг бол гадагшаа хөрөнгө оруулалт хийж, өрсөлдөх чадварыг сайжруулсан л арга хэмжээ болсон юм. Ирээдүйд бид дэлхийтэй өрсөлдөж амьдарна. Дэлхийн эдийн засгийн гадаад худалдаа ноёлдог байсан бол одоо шууд хөрөнгө оруулалтыг эзлэх болсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалтуудыг үндэстэн дамнасан корпорациуд л гүйцэтгэж байна. Сингапур, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улсуудыг хараад байхад үндэстэн дамнасан компани, банкуудаа маш сайн дэмжээд байгаа юм. Манайх дэлхийтэй өрсөлдөхийн оронд багахан томорч байгаа компаниудаа өөрсдөө барьж, хорьж, нухчин дараад байна. Бид ирээдүйд яаж гадаадтай харилцаж, хэрхэн дэлхийтэй өрсөлдөх юм. Дэлхийтэй өрсөлдөхийн тулд бидэнд том банк, аж ахуйн нэгжүүд хэрэгтэй байна. Тийм байтал дундад зууны үеийнхэн шигээ нэг нэгнээ хэмлээд байвал яаж эдийн засаг томрох юм бэ.

– ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан гэж мэдэгдээд байгаа л даа…

-Засгийн газар хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл цацаад байгаа. Би хувьдаа үүнд итгэхгүй байна. Төрийн мөнгөөр авахгүйгээр ОХУ-ын мөнгөөр авах юм уу. Худалдаа хөгжлийн банк өөрсдөө мөнгө үйлдвэрлээд авах уу. Мэдээж л улсын мөнгөөр авна шүү дээ. Хувийн компани гаднаас хөрөнгө оруулалт хийж болохгүй гэсэн хууль манайд байхгүй шүү дээ. Түр зуур төртэй зээлийн харилцаатай байсан байж болно. Нэгэнт зээлээ авчихсан бол тухайн компанийн л эзэмшлийн асуудал. Жишээ нь, Монгол Улсын иргэн Хаан банкнаас зээл авчихлаа, харин Хаан банк нь Монголбанкнаас зузаатгал хийгээд зээл авчихсан байя гэж бодъё. Тухайн иргэн Хаан банкнаас авсан зээлээрээ машин худалдаад авчихаж л дээ. Тэр тохиолдолд төрийн мөнгөөр машин авч унасан байна гээд хурааж аваад, өмчлөлийг нь авчихаж болохгүй биз дээ. Иймэрхүү л юм болоод байгаа юм. Үүний үнэн мөнийг зөв тогтоож, хамгийн гол нь хөндлөнгийн үнэлэгээ, дүгнэлтийг оруулаасай л гэж бодож байна.

-Тэгвэл Эрдэнэтийн 49 хувийг Монголын тал авснаараа ямар давуу тал бий болсон юм бэ?

-Мэдээж монголчууд үндэснийхээ үйлдвэрийг 100 хувь өмчлөөд явах эрхтэй болсон. Дээрээс нь төр, хувийн хэвшил стратегийн том орд дээр хамтарч ажиллаж суралцах хэрэгтэй болж байна. Мөн гадаад руу гарч байгаа ногдол ашгийн урсгал Монголдоо үлдэх боломж бүрдсэн. Дээрээс нь цалин, нийгмийн даатгалын шимтгэл гээд Монголдоо үлдэх зүйлүүд нь нэмэгдэж байгаа юм.

Дан ганц төр хариуцвал эрх баригч намын сонгуулийн санхүүжилтэд бүрэн зориулагддаг нь нууц биш. Үүнийг зогсоосон. Мөн Монголын төр Эрдэнэтээс татвар, роялтигаа хангалттай авчихаж байгаа юм. Төр нэг ч ам.доллар гаргахгүйгээр Эрдэнэтийн борлуулалтын орлогын ихэнх хэсгийг татвар, роялти хэлбэрээр аваад байгаа.

-Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гээд байгаа. Энэ тухайд?

-Эрдэнэтийн 49 хувь ОХУ-ын Төрийн өмчийн яамны харьяа байсан юм билээ. Улмаар “Ростех” руу шилжүүлсэн. Шилжилтийг манай улс протоколоор хүлээн зөвшөөрдөг. Энэ асуудал Их хурал дээр хоёр жил гацсаны эцэст 2015 онд “Ростех” руу шилжсэн юм. ОХУ өөрөө хориг арга хэмжээнд орчихсон, өмч хувьчлал явуулна гэдгээ зарлачихсан байсан. Тиймдээ ч Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан. Тендер нь хаалттай явагдсан юм билээ. Нийт таван аж ахуйн нэгж өрсөлдөөд урьдчилсан байдлаар Монголын компани ялсан байдаг. “Ростех”-ийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монголчуудад нь өгөх сонирхолтой байгаа гэдгээ мэдэгдсэн байдаг юм. Засгийн газарт ч сонгон шалгаруулалтынхаа талаар мэдэгдэж, хэрвээ хүлээн зөвшөөрч байвал наймаа хийе гэдгээ уламжилсан. Тендерт оролцсон компаниуд ч хэрвээ ялбал Монголын Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн нөхцөлтэйгөөр өрсөлдсөн гэж ойлгосон. Цаг хугацааны хувьд сонгуулийн өмнө таарч л дээ. Сонгууль дөхчихсөн учраас УИХ завсарлачихсан, хуралдуулах боломжгүй байж. Олон улсын гэрээний тухай хууль, протоколийг нь харахаар нэгэнт нөгөө тал хувь эзэмшигчээ сольчихсон тохиолдолд тэр протоколь албан ёсоор хүчингүй болж, тэрийг нь Засгийн газар УИХ-д нөхөж танилцуулах зохицуулалттай байдаг байх.

Засгийн газар худалдаж авах боломж байсан уу гэвэл, үгүй. Хамгийн том нотолгоо нь 2016 оны сонгуулийн дараа тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хийсэн мэдэгдэл юм. Тэрээр “Төсвийн алдагдал эдийн засгийн 39 хувьд хүрчихсэн байна. Төсөв улайчихжээ” гэх том мэдэгдлийг хийсэн. Тухайн үед төрд мөнгө байгаагүй. Зэсийн үнэ 4500 төгрөг, нүүрсний үнэ 30 ам.доллар болоод уначихсан л байсан шүү дээ. Тэр үед Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах боломжгүй л байсан байх. Гэхдээ үүлэн чөлөөний нар гэдэг шиг тэр том боломжийг ашиглахыг хүссэн нь мэдээж. Энэ нь улс төрийн шийдвэр байсан болов уу.

-Засгийн газар энэ асуудалд оролцох нь зөв үү?

– УИХ тогтоол гаргасан. Уг тогтоолоороо хэлэлцээрийн ширээний аргаар Эрдэнэтийн 49 хувийг аваарай гэх үүргийг Засгийн газарт өгсөн гэж ойлгосон. Гэтэл Засгийн газар хэлэлцээ хийлгүйгээр шууд хүч түрж, ямар аргаар тэр компани өөрийн болгосноос үл хамаарч өмчлөлийг нь хүчингүй болгосон. Бүдүүлэг, хүч түрсэн байдлаар өмчлөлийг нь шилжүүлчихсэн юм болов уу гэж харсан. Энэ нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрын хувьд хууль эрх зүйн хүрээнд зөв алхам байгаагүй учраас л шүүх шат шатандаа тус шийдвэрийг нь хүчингүй болгосон биз.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *