Categories
мэдээ нийгэм

Оршуулгын үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлдэг компаниудын үйл ажиллагааг хориглолоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийг НИТХ-д өргөн барихад бэлэн болжээ. Оршуулгын газар, талийгаачийг нутаглуулах зан үйлийг дагасан бизнес нийслэлд хэдийнэ цэцэглэсэн. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас талийгаачийг нутаглуулах газрыг үнэтэй зарж, үүнийгээ багц үйлчилгээ хэмээн нэрлэж, энэ зан үйлээр дамжуулан бизнес хийж гаршсан компаниудад шалгалт хийжээ. Ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 9 компанид шалгалт хийсэн бөгөөд зөвшөөрөлгүй оршуулгын үйлчилгээ эрхэлж байгаа “Сувд буян” ХХК, “Их дүнчүүр буян” ХХК-уудын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Түүнчлэн оршуулгын компаниуд оршуулсан талийгаачийн дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, архивын нэгж үүсгэх, нийслэл дүүрэгт тогтмол өгч байх, оршуулгын үйлчилгээний үнэ тарифыг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, бодитой тогтоох, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэдэд үнэ төлбөргүйгээр хөнгөлөлттэй үйлчилдэг байх, энэ талаарх мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, оршуулгын үйлчилгээг зөвхөн зөвшөөрөгдсөн оршуулгын газар үзүүлэх зэрэг дүгнэлт, зөвлөмжийг гаргасан байна. Мөн Далан давхар, Маахуур толгой, Алтан өлгий зэрэг оршуулгын газруудад энэ жилээс хайлаас мод тарих, ойжуулах асуудлыг хэлэлцэж хотыг тойрсон 21 байршилд талийгаачдыг оршоох үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад үйл ажиллагаандаа ойжуулах, мод тарих бодлогыг нэвтрүүлэх чиглэл өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *