Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Apple” эвхэгддэг дэлгэцтэй iPhone-ы патентыг авчээ

2018 онд “Apple” хоёр ч удаа iPhone загвараа шинэчилсэн. Эхнийх нь төлөвлөгөө ёсоор, хоёр дахь нь “дүрмийн бус” байсан. Харин одоо “Huawei”, “Samsung”-аас зарлаад буй эвхдэг дэлгэцтэй загвараас хоцрохгүй гэдгээ батлан, эвхэгддэг iPhone загварынхаа патентыг авлаа. Фэнүүдийнх нь хөтөлдөг “AppleInsider” цахим хуудсанд мэдээлснээр энэхүү загвар нь яг эвхдэг хэсгээрээ халдаг байх аж. “Apple”-аас тайлбарласнаар эвхдэг дэлгэц нь хүйтэн хэмд гэмтэх магадлал өндөр байдаг тул эвхэхэд зориулж энэ хэсэгт тусгайлан халдаг элемент байрлуулснаар гэмтлээс сэргийлнэ гэж үзэж байгаа юм байна.

Сонирхолтой нь, “Huawei” болон “Samsung”-аас энэ жил худалдаанд гаргахаа зарласан эвхдэг загваруудынхаа /Mate X, Galaxy Fold/ талаар мэдэгдэхдээ дээрх сул талын талаар огт дурдаагүй юм.

Харин Apple компаниас эвхдэг загварынхаа талаар албан ёсоор ам нээлгүй, “чимээгүй” байдалтай байсаар байна. Жишээлбэл, энэхүү эвхдэг загварынхаа патент нэрийг хүртэл ерөнхийд нь “Эвхдэг дэлгэцтэй цахилгаан төхөөрөмж” гэсэн нэрээр авсан байна.

Тэгвэл эвхдэг дэлгэцтэй iPhone хэзээ худалдаан гарах вэ? “Huawei”, “Samsung” тус тусын эвхдэг загваруудаа танилцуулсан ч “Apple”-аас гарах загвар хамгийн хурдандаа 2020 онд зах зээлд нэвтрэх магадлалтай харагдаж байна. Харин 2019 онд нээлтээ хийх “Apple”-ийн шинэ загварууд сонирхол арай бага татаж байгаа ч, үнэнч хэрэглэгчдийн урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: http://iphone-center.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *