Categories
мэдээ спорт

Сүмогийн нэгдүгээр сарын барилдаан эхэллээ

Өнөөдөр Осака хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башё эхэлж байгаа бөгөөд зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлна.

Озэки цолтнуудыг Такаясү манлайлсан бол өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Сэкиваке цолтой барилдана. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард Сэкиваке цолтой барилдаж байв.

Мэргэжлийн сумо бөхийн Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ хаврын тэмцээнээс дохёндоо эргэн ирж байгаа бөгөөд өнөөдөр өглөө эхний даваагаа авсан талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлж байна.

Хүнд гэмтэл бэртлийн улмаас барилдалгүй бараг жил болсон Тэрүнофүжи өнөөдөр Жониданы дохён дээр гарч ирж барилдлаа. Жонидан зиндааны барууны 48-д бичигдсэн Тэрүнофүжи зүүн жигүүрийн 48 дахь бөх Ваканогүчиг зайлж, давлаа.

Өнгөрсөн жилийн хаврын тэмцээний 11 дэх өдрөөс хойш анх удаагаа ялалтын амтыг мэдэрсэн нь энэ аж. Харин тухайн үед Тэрүнофүжи Жюүрёод барилдаж байв. Өглөөний 10 цаг орчим бараг хоосон Бөхийн өргөөнд хоёр өвдгөө боосон Тэрүнофүжиг гарч ирэхэд цөөхөн хэдэн үзэгч ихэд баярлан угтжээ. Зайлсан ч гэсэн ялж чадсан Тэрүнофүжи сэтгүүлчдэд “Дохён дээр гаралгүй удсан болохоор бага зэрэг эвгүй байлаа. Нэг сонин мэдрэмж төрөөд. Үзэгчдийн дэмжин хашгарч байгааг сонсоод баярласан” гэж хэлсэн байна.

Озэки байсан бөх Макүшита зиндаанд барилдаж байсан түүх байхгүй. Харин манай бөх Жониданаас буцаад дээд зиндаа /Макүүчи/-нд дэвших зорилготой барилдаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *