Categories
мэдээ спорт

Аварга, арслангуудын аранга аймгийн цолтнууд

Улсын аварга, арслангуудыг айлгадаг аймгийн цолтнууд олон болжээ. Заалны барилдаанд аймгийн цолтой залуу бөх их, бага шөвөгт шалгарах нь энгийн үзэгдэл болсон байна. Дээхнэ үед аварга, арслангууд амласан бөхөө алчуур шиг сэгсэрчихээд л тугны зүг ханддаг байсан тухай ахмад бөх сонирхогчид хуучилдаг. Харин өнөөдөр зүүн, барууны магнай бөхчүүд заалны барилдааны нэг, хоёрын даваанд өвдөглөх нь энгийн үзэгдэл болсон байна. Залуу бөхчүүдийн барилдааны ур чадвар, арга мэх улсын цолтнуудаас нэг их дутахааргүй болчихсон. Аварга арслангуудыг айлгаж буй залуу хүчтэнүүдийг танилцуулж байна.

БУЛГАН-ЭРДЭНИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ

Булганы Түмээг хаяна гээд амлачих хүчтэн өнөөдөр алга. Өнгөрсөн жилийн Сар шинийн барилдааны дөрвийн даваанд аварга Г.Эрхэмбаярыг халз хутгачихад дараагийн даваанд амлах хүчтэн байсангүй. Түрүү бөх Баярхүүгийн Бат-Өлзийтэй тунаж барилдаад тахим буулгасан. Аймгийн заан цолтой бөх тавын даваанд тунаж хүч үзсэн нь тухайн Сар шинийн барилдааны содон өнгө болж түүхэнд бичигдэж үлдсэн юм. Улсын аварга Н.Батсууриас авахуулаад өнөө цагийн шилдгүүдтэй бүгдтэй нь өгөө аваатай барилддаг. 2018 онд Шинэ Үндсэн хуулийн ойн барилдааны үеэр хагалж өшиглөх дархан мэхээрээ аварга Батсуурийг тонгойлчихоод туг тойрч байсан зартай бөх. Энгийн үед төлөв даруу, бөхийн дэвжээнд дайчин шаргуу энэ залуу улсын цолд хүрэх нь цаг хугацааны асуудал биз ээ. Тэрбээр 2016 оны Хүрээ цам Даншиг наадамд үзүүрлэж даншигийн заан хүртэж байсныг энд онцолъё.

БАТСҮХИЙН ЗОРИГТБААТАР

Уран, дайчин барилдаантай бөх ч олон л доо. Нэг, хоёрын даваанд бужигнуулаад л барилдаанаа өндөрлүүлнэ. “Тэр чинь мөн ч эвгүй шүү дээ” гэж дурсагдаад дуусдаг бөхчүүд бий. Архангайн Зоригтбаатар бол өөр өө. Ямар ч том цолтонтой таарсан айна гэж үгүй. Дайрсаар байгаад л дуусгана. Жин, массаар илүү нь ноёлж барилдаж буй өнөө үед бөх, морь жижигддэггүй жишээг биеэрээ үзүүлж байгаа. Э.Оюунболд, Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, М.Бадарч гээд мундгуудыг бүгдийг нь хазайлгачихсан элдэвтэй залуу. Бөхийн өлгий Архангай нутгийн энэ залуу ирэх жилийн наадмын начны даваанд зогсож л байна байх. Нутгийн ах цолтнууд нь дэмжээд өгөх биз. “Жижиг” Сүхбат аваргын гал цогтой барилдааныг өнөө цагт Зоригоо үзүүлж байна даа.

ЭНХБАТЫН СУМЪЯАБАТ

Гавьяат багш Бүдээбазарын Адьяахүүгийн шавь нарын дундаас арслан Оюунболд, заан Пүрэвсайхан, начин Даш нарын тодорчихсон бөхчүүд бий. Харин өнөө цагт тодорч буй хүчтэн нь Энхбатын Сумъяабат. Өнгөрсөн жил Булганы наадамд түрүүлж арслан болсон залуу цол дагаж бяр нэмээд байгаа. Намраас хойших барилдаануудад үзүүлсэн амжилтууд нь үүнийг гэрчилнэ. Аймгийн начин байхдаа улсын гарьд цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны нэгийн даваанд арслан Пүрэвийн Бүрэнтөгсийг тонгороод чулуудчихаж байсан айхавтар бөх. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард зохиогдсон “Жем интернэйшнл”-ийн ойн барилдаанд хазайхгүй байгаа Хангай харцагыг хонгодоод суулгачихсан шүү дээ. Булганы Орхон сумын харьяат энэ залууг хаяна гээд амлах бөх ховор болсон. Булганы дараагийн улсын цолтон нь Сумъяабат ч байж мэдэх юм.

ЭНХТӨРИЙН МӨНХБААТАР

2000-аад оны эхэн үед Говьсүмбэрээс Дагвадоржийн Азжаргал гэж залуу тодорч, хожмоо төрийн наадамд үзүүрлэсэн байдаг. Үүнээс хойш өдийг хүртэл Чойроос улсын цолтой бөх төрөөгүй л байна. Саяхнаас Чойрынхон нэгэн залууд итгэл хүлээлгэх болсон нь Энхтөрийн Мөнхбаатар. Жин ихтэй, хий, зайгүй нягт барилдааны онцлогтой энэ залуу Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Б.Амарзаяа гээд том бөхчүүдийг өвдөглүүлж байсан. Гуравдугаар сарын 1-нд болсон Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд их шөвөгт шалгарч улсын цолд тулаад ирчихсэн гэдгээ мэдэгдсэн. Дөрвийн даваанд шилдэг харцага Нацагсүрэнгийн Золбоог тун түвэггүй хаяж олон хүний таавар будлиулсан. Мөнхбаатар арслан харцагуудад халтай барилдаад байгаа харагддаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Сумогийн холбооны 25 жилийн ойн барилдааны хоёрын даваанд Бат-Өлзий харцагыг хөмрөөд дороо хийчихэж байна лээ. Төрийн наадамд хэнийг ч царайчлахгүй тав давчих бяр чадал түүнд бий. Э.Мөнхбаатар арслан өнөө жил 24 настай.

БАТЖАРГАЛЫН ЛХАГВАДОРЖ

Өвөрхангайн Нарийнтээл сум, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нутгаас өндөр шар хүү бөх сонирхогчдын анхаарлын төвд ороод буй нь Батжаргалын Лхагвадорж юм. Дөнгөж 17 насандаа аймгийнхаа наадамд түрүүлсэн тэрбээр намраас хойш том цолтнуудын шүдний өвчин болж байна. Аварга Батсуурьтай хамгийн сайн барилдаж буй аймгийн цолтноор Лхагвадоржийг нэрлэхэд сөргөлдөх хүн үгүй биз ээ. Сая Сар шинийн барилдаанаар шинэ аваргатай оноолтын даваанд хүч үзэж хэд хэд хазайлгаад өвдөг шороодож байна лээ. Дахиад барилдахад давж ч мэдэх юм. А.Сүхбат аварга “Ирээдүйн аварга” шагналаа Лхагвадоржид гардуулсан нь нэгийг өгүүлэх шиг. Энэ шагналын эзэд том цолд хүрдэг уламжлал бий. Өвөрхангайгаас төрөх дараагийн том цолтон нь Б.Лхагвадорж байх магадлал өндөр.

МАЛЫШИЙН ЭРКЕБУЛАН

Однойн Бахыт харцага “Өлгийгөөс улсын цолтон төрвөл онгоц өгсөн ч яадаг юм” гэж хэлсэн нь бий. Бахыт харцагаас онгоц авах залуусын тоо ч олшроод байна даа. У.Береке, Н.Мустафа гээд залуус улсын цолд хүрчих хэмжээнд барилдаад л байна. Гэхдээ Баян-Өлгийгөөс Малышийн Эркебулан гэж залуу том цолтнуудтай илүү сайн барилдаад байгаа нь харагддаг. Содномдорж арслан болчихоод анх удаагаа зааланд барилдахдаа энэ залууд тахим өгч байсан шүү дээ. Сая Сар шинийн барилдаанд түрүүлсэн Пүрэвдагва арсланг нэг биш нэлээн хэд өвдөглүүлсэн. 2017 оны намар улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны гурвын даваанд Дагва арслан Эркебуланыг амлахад нь давуулж гуядаад дарчихсан юм даг. Аатай арслан дараахан нь болсон заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд даагаа нэхэхээр амлаад дахиад л гуядуулчихсан. Энэ мэт том цолтнуудыг тонгойлгочихдог Өлгийн залууд улсын цол ойрхон байгаа.

ШАРХҮҮГИЙН ПҮРЭВГАРЬД

1970-1980-аад оны үед улсын заан Зэвэгийн Дүвчин гэж бөх уран өвөрмөц барилдаанаараа бөхийн ертөнцөд онцгойрч байсныг ахмад бөхчүүд хуучилдаг. Тэр барилдаануудыг өнөөдрийн монгол бөхөд үзүүлж байгаа хүчтэн бол Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд юм. Дүвчин зааны хашиж мордох, хагалж өшиглөх зэрэг мэхийг Пүрэвгарьд л өнөөдөр төгс төгөлдөр хийж байгаа талаар багш дасгалжуулагчид нь үнэлдэг. Аймаг, сумын цолтнуудын барилдаанд түрүүлж байсан энэ залуу улсын цолтнуудын барилдаанд түрүүлэх дутуу байгаа. 2017 оны Сар шинийн барилдаанаар улсын арслан П.Бүрэнтөгсийг хагалж өшиглөн хэвтүүлчихээд гүйж явсан элдэвтэй эр. Улсын наадамд нэг дээшээ гараад ирвэл дийлдэхгүй байж мэднэ дээ. Биеийн жижгийг уран дайчин барилдаанаар нөхдөг Пүрэвгарьд арслан том цолд хүрэх өдөр мөдхөн байх аа.

ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭНХ-АМГАЛАН

Аварга, арслангуудыг айлгаж буй дараагийн залуу нь Эрдэнэбилэгийн Энх-Амгалан. Цол нь аймгийн заан ч бараг л улсын зааны энд барилдаж байгаа хүчтэн гэхэд худлаа хэлсэн болохгүй дээ. Бусгах, зайлах, хутгах зэрэг мэхийг гаргууд хийдэг тэрбээр дархан мэхээрээ улсын аварга Г.Эрхэмбаяраас авахуулаад олон томчуудыг хазайлгаж байсан удаатай. 2016 оны Зэвсэгт хүчний ойн барилдаанд төдийлөн олны танил биш залуу гарч барилдаад тавын даваанд Эрхэмбаяр аваргыг халз хутгаад суулгачихаж байсан удаатай.

Улсын наадамд түрүүлснийх нь дараахан шүү дээ. Бөх сонирхогчид түүнийг өсөх идэр начин Энхбатын төрсөн дүү гэдгээр нь сайн мэднэ. Ахын нөмөр нөөлөг ч байх биз улсын цолд удахгүй хүрнэ дээ, Энх-Амгалан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *