“Эмэгтэйчүүдийн баяр” хэмээн тэмдэглэдэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1857 онд АНУ-ын Нью-Йорк хотын оёдлын үйлдвэрийн эмэгтэйчүүд ажлын цагийг багасгаж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийг шаардан жагссанаар эхэлсэн түүхтэй. Тэдгээр эмэгтэйчүүд эрчүүдээс даруй зургаан цаг илүү ажилладаг байцсан ч яг адил хөдөлмөрийн хөлс авч байсан бөгөөд тус онд АНУ-ын ажилчдын эрхийг хамгаалах байгууллагад эмэгтэйчүүд анх удаа эвлэлдэн гишүүнээр элссэн байдаг. Үүнээс хойш 1910 оны энэ өдөр мөн Нью-Йорк хотноо болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй дэлхийн бүх эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлын төлөө тэмцэлд уриалан, хөдөлмөрлөх эрхийг жигдрүүлж, нэр төрөө хамгаалж, хүндлүүлэх, энх тайвны төлөө, ядуурлын эсрэг тэмцэхийг уриалснаар энэ өдрийг тэмдэглэх болжээ.
ЭНЭ ӨДРИЙН ТҮҮХЭН ДАРААЛАЛ:
1857 он – Оёдлын болон гутлын үйлдвэрийн эмэгтэйчүүд үйлдвэрийн удирдлагууддаа зүй ёсны шаардлага тавив
1909 он – АНУ-д социалист намын шийдвэрийн даргаар Эмэгтэйчүүдийн өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэх болов.
1910 он – Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаар сонгуульд оролцох эрхийн болон бусад эрхээ хамгаалахаар “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэр гарав.
1911 он – Дэлхий нийтээр анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн жагсаал цуглаан хийв. Тэд эмэгтэйчүүдийн сонгох болон сонгогдох эрх, төрийн алба хаших, бусадтай ажил нөхцлөөр ажил эрхлэх, боловсрол эзэмших, ажлын байрны ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт зэргийг эсэргүүцэв.Гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд ийн нэгдэж тэмдэглэсэн байдаг.
1913-1914 он – 1913 онд ЗХУ-ын эмэгтэйчүүд Дэлхийн Нэгдүгээр дайны өмнө өрнөж эхэлсэн энх тайвны төлөө хөдөлгөөнд нэгдсэн бол, 1914 онд гуравдугаар сарын найман орчимд Европын бусад орны эмэгтэйчүүд энхтайвны төлөө эв санаа нэгдэн жагсав.
1917 он – Дэлхийн нэгдүгээр дайнд хоёр сая гаруй эр цэргээ алдсан ЗХУ-ын эмэгтэйчүүд хоол хүнс, энх тайвныг шаардан хоёрдугаар сарын сүүлд ажил хаялт зарлав. Энэ нь тухайн үеийн Юлианы тооллоор хоёрдугаар сарын 23-н буюу Грегорианы тооллын гуравдугаар сарын 8-ны өдөр байсан гэдэг.
1975 он – НҮБ-ын Ерөнхий Чуулганаас албан ёсоор энэ жилийг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”, энэ өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон зарлажээ. Энэ онд эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн анхны бага хурал Мексик улсын нийслэлд хуралдсан байдаг.
2011 он – Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 100 жилийн ойг 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлсэн. АНУ-д Ерөнхийлөгч Барак Обама 2011 оны 3-р сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” болгон зарлаж, ОУЭӨ-ийг “улс орны түүхийг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан гайхамшигт хувь нэмрийн талаар” эрэгцүүлэн бодож өнгөрөөхийг Америкчуудад уриалсан. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс зөрчил, мөргөлдөөнтэй газруудад олон эмэгтэйн амьдралыг сүйтгэж буй хүчин болон бэлгийн хүчирхийллийн бусад төрлүүдээс урьдчилан сэргийлэхэд тууштай анхаарч ажиллахыг улс орнуудад уриалжээ.