Categories
мэдээ цаг-үе

Ц.Цолмон: Ээлжит бус чуулган хуралдуулах УИХ-ын даргын захирамж гараагүй байна

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос дараахь тодруулгыг авлаа.


-Ерөнхийлөгчийн зүгээс энэ сарын 1-ний дотор ээлжит бус чуулган хуралдуулах санал хүргүүлсэн. Гэтэл энэ санал хэрэгжсэнгүй. Ээлжит бус чуулганы тов хэзээ зарлагдах вэ?

-Ээлжит бус чуулган зарлана гэсэн чиглэлтэй байгаа. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, шийднэ. Ээлжит бус чуулган зарлахад УИХ-ын даргын захирамж гардаг. Өнөөдрийн байдлаар захирамж гараагүй. Захирамж дээр хэлэлцэх асуудлын тов, хугацаа, юу хэлэлцэх асуудлуудыг зааж өгдөг. Захирамж гараагүй байгаа учраас хэзээ хуралдахыг хэлэх боломжгүй байна. Гэхдээ сүүлд хуралдсан УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар ээлжит бус чуулган хуралдуулах нь зүйтэй гэж шийдсэн.

-Өнгөрсөн чуулганаар хэлэлцэх ёстой байсан асуудлууд гишүүдийн бойкотоос болж хугацаандаа багтаагүй. Ээлжит бус чуулганаар нэн яаралтай хэлэлцвэл зохих ямар асуудлууд байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийн хэлэлцүүлгүүд болсон. Татварын багц хууль, Худалдан авах ажиллагааны тухай, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэг хийсэн эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх хэрэгтэй.

Чуулган чуулахгүй байна гээд гишүүд амраад явчихсан гэсэн үг биш. Төрийн ордонд сая л гэхэд Татварын багц хуулийн ажлын хэсэг хуралдаж байх жишээтэй. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн ажлын хэсэг нэлээд хуралдаж, цаасан дээрх ажлаа хийж байна.

-Хаврын чуулганаас эхлэн гишүүд хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, санал өгдөг болох шийдвэр гарсан. Үүний бэлтгэл ажил ямар явцтай байгаа вэ?

-Бид техникийн шийдлүүдийг танилцуулсан. УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтэс гэж бий. Тус хэлтсийнхэн өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Бэлтгэл ажлын талаар надад өдөр тутам мэдээлдэг. Ирж байгаа мэдээллээр ямар нэгэн саад бэрхшээл гараагүй, ажил хэвийн үргэлжилж байна. Хурууны хээний технологи нэлээд хөгжсөн. Иргэний бүртгэлд хурууны хээгээр бүртгэдэг ч юм уу. Хамгийн наад захын жишээ гэхэд хурууны хээгээр гар утсаа түгждэг болсон. Үүнээс хангалттай туршилт хийгдчихсэн гэж ойлгож байгаа. Бид ямар ч байсан хуулийн хугацаандаа бэлэн болгохоор ажиллаж байна.

-Ямар нэгэн техникийн саатал гарч, санал хураалтад сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд гараад байгаа шүү дээ?

-Ийм асуудал үүсэхгүй байхаар бид ажлаа зохион байгуулна. Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэгт АН-ын бүлгээс нэг, МАН-ын бүлгээс нэг, Тагнуулын ерөнхий газрын технологийн чиглэлийн хүмүүс орно. Төхөөрөмжөө суурилуулчихаад дөрөвдүгээр сарын 5-нд хаврын ээлжит чуулган эхлэхэд асаагаад хэрэглэнэ гэсэн үг биш. Эхлээд ажлын хэсэг туршиж үзнэ.

Үнэхээр алдаа заагаад болохгүй байвал дөрөвдүгээр сарын 5-нд үүнийг хэрэгжүүлэх боломжгүй болно. Надад ирсэн мэдээллээр одоогийн байдлаар ажил хэвийн, баталсан төлөвлөгөөний дагуу явж байгаа.

-Хурууны хээг таних тоног төхөөрөмж хэр баталгаатай вэ?

-Баталгаатай төхөөрөмж оруулж ирж байгаа.

-Нийт хэдэн төгрөгийн өртөг гарав?

-Аль болох төсөвт дарамт учруулахгүй байх талаас нь хийж байна. Хамгийн хямд талаас хамгийн зөв оновчтой шийдлийг гаргаж хэрэглэхийг зорьсон. Ерөнхийдөө тоног төхөөрөмжийг бүгдийг нь шинэчилнэ гэхээр их хэмжээний хөрөнгө гарна.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *