Categories
мэдээ нийгэм

М.Мөнхбаатар: “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлыг дарах зорилгоор ийм зүйл хийж байна

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Эрүүгийн цагдаагийн албанаас дуудсаны дагуу ирж байна. Өмнө нь Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газраас хэд хэдэн удаа дуудсан. Тэр бүрт нь ирж мэдээлэл өгсөн. Өнөөдрийн болж байгаа үйл явцаас харахад өнгөрсөн долоо хоног болон өчигдөр болсон үйл явдалтай холбоотой юм болов уу гэж бодож байна. Өнөөдөр өгч байгаа мэдээллийг манай компанийн эсрэг системтэйгээр өгч байна.

“Монголын зэс” компани төрөөс мөнгө авсан эсэхийг шалгаж байгаа. Энэ асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд шалгагдаж байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхөөр 4-5 удаа ирсэн. Манай компанийн авсан зээлийн гэрээ мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Б.Эрдэнэбилэг гэдэг хүн Худалдаа хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Манай компани Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. Хэрвээ төрийн байгууллага шударгаар ажилладаг бол энэ асуудал 1-2 хоногийн дараа тодорхой болох байх. Энэ үйл явдал нь удахгүй болох Эрдэнэтийн 51 хувийн асуудалтай холбоотой шүүх хурлыг дарах гэсэн хардлага гэж бодож байна.

Бид энэ үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг. Арбитрийн шүүхийн дагуу төлөх мөнгөний 49 хувь нь манай компаниас гарна. Гэтэл бид юу гэж зориуд ялагдахыг хүсэх юм бэ. Бид энэ онд ноогдол ашиг аваагүй. 2018 оны санхүүгийн жил дуусаагүй аудитлагдаагүй байгаа учраас ноогдол ашгаа аваагүй байна.

Хоёр жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон зүйлийг нууцаас ил гаргасан гээд шуугиулаад байх юм. 51 хувьтай холбоотой буруутай этгээдүүдийн шүүх хурал болох гэж байгаа учраас эрх баригч нам анхаарал сарниулах үүднээс үүнийг хийж байгаа гэж хардаж байгаа.

Манай компанийн зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавьсан хариу өгөөгүй. 51 хувийн асуудалд санаа зовж ҮАБЗ-д хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу байхгүй байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр бус болбол энэ хувь ОХУ-ын “Ростех” корпорацийн өмчлөлд шууд очно. Үүнийг УИХ-ын гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *