Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Богдхан уулыг дунд бүслүүрээр нь тойрох явган аяллын маршрут байгуулах боломж бий

Улаанбаатар хотын хоймор болох Сэлбийн эхийг 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан юм байна. Нийслэлийн байгаль орчин, экосистемд чухал ач холбогдолтой учир энэ хэсэг газрыг иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олох түшиц газар болгохоор өнгөрсөн жилийн есдүгээр сараас тохижуулжээ. “Сэлбэ голын эх” орон нутгийн хамгаалалттай газар нь байгаль хамгаалагчтай, тохижуулсан аяллын зам, маршруттай. Энэ газарт нийслэлийн хойд цэг бий. Мөн эмчилгээний чанартай Борын рашаан байдгаараа онцлог. Аялагчид хог хаях, нэгдсэн бие засах газраас өөр газарт бие засахгүй байх, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явахгүй байх, моторт хэрэгсэл ашиглахгүй байх, газар ухах зэрэг хэд хэдэн хориглосон заалтыг зөрчихгүй байх ёстой юм байна.

Аялагчдын зам дагуу ховор амьтан, ургамлын талаарх мэдээлэлтэй самбаруудыг байршуулжээ. Түүнчлэн түймрийн үед усны машин нэвтрэх боломжийг хангасан гэнэ. Үүдэндээ машины зогсоолтой. Хэрэв та энэ газарт ирж явган аялал хийе гэвэл Хандгайтад хүрээд тэндээсээ чанх хойш явна. Цэргийн амралтаас нэг км явахад уг газарт ирнэ. Нэвтрэх хэсгээр нь ороод амрах цэгээр дайраад гүүрээр гарч амрах цэгт очно. Тэндээс алхаад дахин гүүрээр гарч амрах цэг дээр ирнэ. Амрах цэгийг дөрвөн газарт байгуулсан бөгөөд алхсаар Цохиот хаданд тулна. Буцахдаа хоёр дахь амралтын цэгээсээ баруун гар тийш салаад алхвал Борын рашаанд хүрнэ. “Сэлбэ голын эх”-ийн Цохиот хад явган аяллын маршрутын урт 3750 метр. Амрах цэгүүдэд мэдээллийн самбар хогийн сав, сүүдрэвч гээд алхаж яваа хүн бүрт хэрэгтэй зүйлсээр тоногложээ. Энэ газар руу иргэд машин тэрэгтэйгээ орсон ул мөр буюу машины дугуйны хээ цасан дээр хаа сайгүй байсан нь харамсалтай санагдлаа. Чингэлтэй дүүргийн өндөр настан 77 настай Ч.Чимэд гуай ач хүүтэйгээ энд аялахаар ирсэн байлаа.

Тэрбээр “Ийм газар нээгдсэнийг дуулаад хүүгээ гуйгаад машиныг нь дайчилж ирлээ. Гэтэл Приус унасан хүүхдүүд их холхиж байна. Нааш ирэхэд зам хол, унаа тэрэг ирэхгүй болохоор бидний үеийнхэн, хүүхэдтэй хүмүүс ирнэ гэдэг хэцүү байх гэж бодогдлоо. Уг нь агаар нь сайхан цэнгэг юм. Би урагшаа Богд уул руу олон жил алхаж байгаа хүн. Энэ удаад сонирхоод энд ирлээ” гэж байлаа. Тэрээр залуудаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан бөгөөд хөдөлгөөн, цэвэр агаарын ач тусаар өдий наслахдаа ханиад шуухинаа тусахгүй явж байгаа гэлээ. Уулзсан иргэдийн хувьд хотоос зайтай байгаа нь хүндрэлтэй юм гэцгээж байлаа. Хандгайт хотоос 40-өөд км-ийн зайтай. Тэндээс цааш дахиад явна гэхээр Сэлбэ голын эхэд очоод буцаад ирэхэд 100 гаруй км болно гэсэн үг. Энэ нь Төв аймгийн Зуунмод хот ороод Манзуширын хийдэд очоод буцаж ирэх замын урттай ойролцоо. Үнэхээр л ард түмэн, хүүхэд залууст зориулсан аяллын зам хийх байсан юм бол тийм хол газар сонгодог нь ямар учиртай байсан юм бол.

Зорьсон бүлэг нь очиж чадахгүй болохоор машин унаатай боломжтой хүмүүс л Сэлбэ голын эх рүү, Цохиот хаданд хүрэх нь ойлгомжтой. Тэнд хол газарт бүтээн байгуулалт хийж хөрөнгө мөнгө зарахынхаа оронд хоттой залгаа Богдхан ууланд тийм шинэ маршрут гаргах боломж байсан шүү дээ. Иргэдийн хувьд “Энүүхэн Богдхан уул руу арай гэж очдог хүмүүс юу боллоо гэж тэр хойшоо, уулын мухар руу явах юм. Унаа малгүй хүмүүс тийш оччихоод орой ирэхдээ юунд сууж ирэх вэ. Ингэж бодохоор тэр дагшин газрыг сэтэлж ард түмэнд зориулсан газар нээлээ гэж ярьж байгаа ч цаагуураа өөр хүмүүст зориулсан үйл ажиллагаа болж байна” гэсэн үг хэлж байна. Хэрвээ тийм бол бид цэвэр агаарт гарахын тулд заавал хотоос хол яваад байх шаардлагагүй. Хотын төвөөс автобусанд суулаа гэхэд таваас зургаан буудал яваад л ойн захад, Богд уулын хормойд хүрчихдэг. Сэлбэ голын эхэд байгуулсан яг ийм маршрутыг Богдхан ууланд гаргаж өгөөч гэсэн хүсэлтүүд байна.

Одоогоор дэлхийн анхны дархан цаазат ууланд маань явган аяллын Төр хурах-Цэцээ гүн найман км, Манзушир-Цэцээ гүн 8.4 км, Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт 4.5 км, Зайсан-Тэнгэр хад 6.4 км, Баянзүрхийн товчоо-Тэмээн хад 3.1 км гэсэн таван маршрут байна. Уг хайрхныг бүтэн тойроход 165 км болдог бөгөөд нийт 41.6 мянган га талбайтай. Хэрвээ Богдхан уулыг тойрон аялах явган аялал хийе гэвэл 160 гаруй км газар туулна гэсэн үг. Энэ бол аялалд дуртай хүмүүсийн хийх л алхалт. Гэхдээ жирийн иргэдийн хувьд тогтсон хэдэн маршрутаар огцом дээш алхахаас илүүтэй зүгээр л ой дундуур жигд хурдтай, жигд хэмээр алхах сонирхол бий. Гадны улс орнуудын хувьд нийслэлийнхээ дэргэд ой модтой ууланд гурван түвшний бүслүүрээр явган аяллын маршрут гаргасан байдаг. Аялагчдад зориулсан зам нь тэгш хэмтэй, жижиг гол горхин дээгүүр дүүжин гүүрээр гардаг. Хэрвээ Богд ууланд хойд хэсгээс нь буюу Улаанбаатар талаас ийм явган аяллын зам гаргая гэвэл дунд түвшнийх нь яг тохирно. Дээшээ хад чулуугаар мацаад байхгүй. Ууланд нэг хэмээр л алхана гэсэн үг. Энэ маршрут нь Богд уулыг тойрдог ч байж болно.

Хамгийн гол нь ингэхдээ гэрэлтүүлэг, камержуулалтын систем суулгаж байгаль хамгаалагч, хамгаалалтын ажилтнуудыг ажиллуулах хэрэгтэй. Сандал, сүүдрэвч, хогийн саваас эхлүүлээд аяллын явцад хэрэгтэй бүхий л зүйлийг суурилуулаад өгчихөж болно. Зарим гадны оронд ойн аяллын замын ойролцоо майхан шиг жижигхэн дүнзэн байшингууд харагддаг. Тэр нь Хосын байшин нэртэй. Хосоороо яваад залуус тийш орж түр амарч болдог. Бид шинээр аяллын маршрут, явган аяллын зам нээж байгаа бол хэдий болтол хуучны арга барилаар хандах ёстой юм. Хэдий болтол зам заасан будаг нь халцарсан тэмдэг эсвэл модонд уясан цэнхэр хадгаар баримжаалан аль л тод гарсан жимийг дагаж төөрчихгүйхэн шиг алхахдаа модны ард орж хүн амьтдаас нуугдаж бие засч, хогоо чулуун дор даруулж явах юм бэ. Аялагчид, ард түмэндээ зориулж ойн хэсгийг зориулах гэж байгаа бол ая таатай нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй шүү дээ. Байгаль орчинд хор хөнөөлгүй, боловсон бие засах газрын шинэ технологи нэвтэрч байна. Тэр бүгдийг ашиглах хэрэгтэй. Хэрвээ зассан замтай, гэрэлтүүлэгтэй болвол хүмүүс зөвхөн амралтын хоёр өдрөөр бус орой ажлаа эрт тараад л гэр бүлээрээ аяллын зам руу орчихно.

Богдхан уул маань энүүхэн залгаа юм чинь унаа унаш гээд байдаггүй. Хэрвээ эхний удаад 10-20 км явган аяллын замыг уг хайрхны дунд бүслүүрээр тавьчихвал хүмүүсийн урсгал нэмэгдэж, дагаад нийтийн эрүүл мэндэд ч ахиц гарч ирнэ. Тэгээд үр дүнгээ дагаад уг маршрутаа сунгаж явсаар хэдэн жилийн дараа Богдхан уулыг тойрох явган аяллын замтай болчих боломж байна. Дунд бүслүүр гэхээр дээр дурдсан 160 км-ээс бага урттай маршрут гарч ирэх нь тодорхой. Ийм л амьдралд ойр, дэлхийн жишигт нийцсэн, ард түмнээ бодсон шийдвэрийг дарга нар цаашид гаргаж, энэ саналыг судалж үзэх хэрэгтэй л дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *