Categories
мэдээ улс-төр

Элчин сайдын яамны гол танхимын чимэглэлийн эх хувийг ГХЯ-ны түүхийн сан хөмрөгт хадгална

ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны төв байрны гол танхимын таазны зурвас зургийн эх хувийг Монгол Улс худалдан авч ГХЯ-ны түүхийн сан хөмрөгт хадгалах болжээ.

Москва хотын “Кварта” уран зургийн галерейд энэ сарын 01-нд болсон дуудлага худалдааны үеэр анх олны хүртээл болсон ЗСБНХУ-ын /хуучнаар/ нэрт зураач В.А.Коноваловын зурсан эл зургийг ГХЯ-наас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаагийн дэмжлэгтэйгээр худалдан авсан байна. Монгол Улсын Элчин сайдын яамны төв байрыг 1956 онд худалдан авч засварлах үед гол танхимын таазыг энэхүү зургийн дагуу зурж, чимэглэсэн байна. Энэхүү эх зураг нь 60.5х70.5см хэмжээтэй, цаасан дээр тосон будгаар зурагдсан бөгөөд зураачийн ар гэрийнхэнд хадгалагдан өнөөг хүрчээ.

Зураач В.А.Коновалов /1912-1995/ нь таазны чимэглэлээр олон уран бүтээл туурвисан ба Москвагийн метрогийн төв буудлуудын зураг чимэглэлийн ажил, “Украин” зочид буудлын хүлээлгийн төв танхимын хана, таазны зураг, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургуулийн таазны чимэглэлийн зураг зэргийг бүтээхэд голлох үүргийг гүйцэтгэсэн уран бүтээлч юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *