Categories
мэдээ спорт

Монголын сагсчидын маргаан шийдэгдсэн үү…

Монголд маргаантай хэрүүл тэмцэлтэй, тамга тэмдгээ булаацалддаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтнуудыг лоббидох гэж оролддог төрийн бус байгууллагууд олон бий. Тамга тэмдгээ булаацалдаж шүүхдэж байх хооронд тус холбоодын тамирчид хохирч үлддэг. Төрийн бус байгууллагууд гишүүдийнхээ төлөө эрх ашгийг нь хамгаалан үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг. Өнөөдөр манайд Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо гэх томоохон төрийн бус байгууллагууд нь үйл ажиллагаа нь тогтворгүй, удирдлагууд нь шүүхдэлцээд явж байгаа. Энэ холбоодоос хамгийн ихээр хор хохирол амсч буй нь Монголын сагсан бөмбөгийн холбоо юм. 2012 оноос хойш Монголын сагсчид олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдэд нэг ч удаа оролцоогүй. Өнөөдөр манайд сагсан бөмбөгийн гэх тодотголтой 30 гаруй холбоо үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эдгээр холбоодоос нэг нь л олон улсын сагсан бөмбөгийн холбоотой харилцаж тэмцээн уралдаанд шигшээ багаа илгээх дүрэмтэй. Манайхан дотооддоо асуудлаа шийдэлгүй хэрүүл тэмцэл нь тогооноосоо хальснаар шигшээ баг нь олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан юм. Энэ нь Монголын стандарт сагсан бөмбөгийн хөгжил 15-20 жилээр хоцроход хүргээд байгаа юм.

Ц.Цэвэрбал: Б.ТАМИР ГЭХ
ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ САГСНЫ ХОЛБОО МОНГОЛД БАЙХГҮЙ

Бид энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалтай ярилцлаа.


-Саяхан Б.Дамба багш, С.Тулга та хэд сагсчид нэг талдаа гарлаа, эвлэрлээ гээд хэвлэлийн хурал хийж байсан. Зөвшилцөлд хүрээгүй юм биш үү. Нөгөө холбооны гэх Б.Тамир нарын хүмүүс “Гоё” лигийн нээлтийг Спортын төв ордонд хийлээ шүү дээ?

-Янз бүрийн юм яриад хүмүүсийн толгойг эргүүлээд яваад байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Мөнх-Оргил 2002 онд сонгогдож байсан. Тухайн үед Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг нэгээс нөгөөдөө морь бэлэглэж байгаа юм шиг л өгчихдөг байлаа. Анх Золжаргал болоод гадаад явах болоод л Барсболдод өгчихдөг, өнөөх нь Баярцогтод шилжүүлдэг ийм эмх цэгцгүй байдал бий болчихсон. Сагсчид хурал зөвлөгөөн хийж тэргүүнээ сонгодоггүй уламжлал тогтсон юм. Энэ байдал үргэлжлээд өнөөдөртэй золгосон. Сагс хөгжөөд ирэхээр манайх 33 холбоотой болчихож. Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой нэг нь л харьцах ёстой.

Өнөөдөр Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд ямар холбоо нь бүртгэлтэй байгаа вэ?

-Монголын сагсан бөмбөгийн холбоо албан ёсны бүртгэлтэй байгаа.

-Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд гишүүнчлэлтэй холбооны ерөнхийлөгч нь хэн юм бэ?

-Манай улсад “Монголын сагсан бөмбөгийн холбоо” нэртэй нэг л төрийн бус байгууллага байгаа. Ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал миний бие гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэсэн. Тамирын гэх тодотголтой сагсан бөмбөгийн холбоо манайд байхгүй. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ны ерөнхийлөгч нь Ц.Цэвэрбал, ерөнхий нарийн бичгийн дарга нь Б.Дамба гэдгийг тодорхойлоод өгчихсөн байгаа. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоонд зургаан жилийн гишүүнчлэлийн татвараа төлөх бичгийг ирүүлсэн. Энэ бүгдээс үзэхэд олон улсад бүртгэлтэй холбоо нь аль нь болохыг энгийнээр ойлгож болно. Б.Тамир гэж хүн сагсан бөмбөгийн холбоонд хамааралгүй.

-Хамааралгүй гээд байгаа Б.Тамир Сагсан бөмбөгийн холбоотой зууралдаад байгаагийн цаад зорилго нь юу юм бол?

-Холбооны нарийн бичиг гэдэг хүн их ашигтай ажилладаг юм шиг байгаа юм. Тэмцээн зохион байгуулж буй нөхөр ивээн тэтгэгчдээс хэдэн төгрөг авч байгаа, хэдийг сагсанд зарж байгаа нь ил тод биш. Анх “Хас-ын Ч.Ганхуяг холбооны ерөнхийлөгчөөр томилогдоход холбоо 60 гаруй сая төгрөгийн өртэй байсан л даа. Өнөөх Ч.Ганхуяг нь өртэй холбоог хүлээж авахгүй шүү дээ.

-Монголын сагсан бөмбөгийн холбоог хэн өрөнд оруулсан юм бэ?

-Одоо энэ Б.Тамирын хадам аав Б.Дашдорж холбоог өрөнд оруулаад гадаад гараад явчихсан. Холбоог хаячихвал өнөөх идсэн уусан мөнгө нь илрээд хэрэгт татагдана шүү дээ. Б.Тамираа үүнийг хамгаалаад л сагстай зууралдаад яваад байна.

-Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд гишүүнчлэлтэй холбоо лигийн тэмцээнээ “Спортын төв ордон”-нд зохион байгуулахгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, “Спортын төв ордон”-ы зааланд тэмцээн явуулах боломж олгохгүй байна. Ордны зааланд лигийн тэмцээн явуулъя гэсэн хүсэлт тавихад “Тамиртай уулз гэж хэлдэг”. Тэр Тамир мэддэг юм уу, Биеийн тамир спортын газрын дарга шийддэг юм уу.

Үүгээр барахгүй Б.Тамир гэж хүнд улсын төсвийн мөнгөнөөс 20 сая төгрөг шилжүүлээд өгчихсөн байгаа юм. Үүнийгээ Монголын сагсан бөмбөгийн холбоонд гэж тайлбарласан байна лээ. Б.Тамир холбоотой ямар ч хамааралгүй. Төсвийн мөнгө шамшигдуулж байгаа хэрэг. Бид Авлигатай тэмцэх газарт энэ хэргийг шалгуулахаар хандсан байгаа. Албан ёсны холбоонд тэмцээн зохион байгуулахад заалаар хангаж өгөхгүй, шигшээ багийг тэмцээн уралдаанд оролцох боломж нөхцөлөөр хангаж өгөхгүй байна.

-Та бүхний зарласан хэвлэлийн хурлын дараа Ц.Шаравжамц даргыг 300 сая төгрөгийг угаасан талаар мэдээлэл тархсан байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Ц.Шаравжамц хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг 300 сая төгрөг угаасан гэж гүтгэсэн” гэж ярьсан байна лээ. Шаравааг 300 сая төгрөг идсэн талаар хэн ч, юу ч яриагүй. 2012-2018 оны хооронд Худалдаа хөгжлийн банкаар хийсэн гүйлгээний дүн нь 300 орчим сая төгрөг байсан талаар дурдсан.

Б.Тамир: МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООГ Ц.ЦЭВЭРБАЛ ДЭЭРЭМДЭЖ АВСАН

-“Гоё” лигийн нээлтийг өнгөрсөн баасан гаригт “Спортын төв ордон”-д хийлээ. Лигийн тэмцээнд хэдэн баг өрсөлдөж байгаа вэ?

-Хорь дахь удаагийн лигийн тэмцээнд таван баг өрсөлдөж байгаа. “Хасын хүлэгүүд”, “Алдар Танан” гээд хүчирхэг багууд өрсөлдөж байна.

-Лигийн тэмцээнийг аль холбоо зохион байгуулж байгаа вэ. Хууль бус гишүүнчлэлгүй, Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлгүй холбоо зохион байгууллаа гээд л шуугиад байна?

-Монголд нэг л Сагсан бөмбөгийн холбоо бий. Ц.Цэвэрбал, Б.Дамба, С.Тулга нар манай албан ёсны холбооны логог ашиглаж Сагсан бөмбөгийн холбооны тамга тэмдгийг 2016 оны хоёрдугаар сарын 18-нд Улсын бүртгэлийн газраас авчихсан. Ингээд л хоёр холбоотой болсон. Үүнийг С.Тулга зохион байгуулсан.

-Монголын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны тамга танд байхад Улсын бүртгэлийн ерөнхий газраас давхардуулаад олгочихсон юм уу?

-Болсон үйл явдлыг эхнээс нь ярья л даа. 2013 оны хоёрдугаар сарын 1-нд “Хас”-ын Ч.Ганхуяг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан. Бүх бичиг баримтаа бүрдүүлээд Улсын бүртгэлийн ерөнхий газар очиход үндэслэлгүйгээр бүртгэж авахгүй байсан. Тэр үед Ардчилсан нам засаг барьж байсан шүү дээ. С.Эрдэнийн нөлөөллөөр Улсын бүртгэлийн газар тамга тэмдгийг бүртгэж авахаас татгалзаж байсан. Энэ хэргийг Захиргааны хэргээр шүүхэд хандахад шийдвэр нь “2013 оны хоёрдугаар сарын 1-нд Сүхбаатар дүүргийн хүүхдийн ордонд зарласан Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган хуулийн дагуу болсон гэсэн” шийдвэр гарсан. Энэ хооронд багагүй хугацаа орсон учраас ерөнхийлөгчөөр томилогдсон Ч.Ганхуяг маань “Би энэ хэрүүл хэл амтай, өр ширтэй” ажлыг хийхгүй гэж хэлсэн л дээ. Улмаар сагсчид ээлжит бус чуулганаа зарлаж дараагийн ерөнхийлөгчөөр томилох хэрэг гарсан. Тус чуулганд 110 гаруй хурлын төлөөлөгч оролцсон байдаг. Удирдах зөвлөлөө баталж шинэ ерөнхийлөгчөө сонгоход С.Эрдэнэ болон Б.Тамир миний бие нэр дэвшсэн. Тухайн үеийн хуралд ирсэн төлөөлөгчдийн 68 хувийн саналаар би ерөнхийлөгч болсон. Тэр үед Ч.Ганхуяг тамга тэмдгээ надад хүлээлгэж өгсөн л дөө. Ажлаа аваад Олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад бүртгүүлэв ээ. Гэтэл миний сонгогдсон хурлыг хууль бус болсон гээд Ц.Цэвэрбал заргалдсан. Ирцэндээ хүрээгүй гэж үзэж өнөөх хурал хүчингүй болсон юм билээ. Дүрмийн дагуу ерөнхийлөгчийн алба нь буцаад Ч.Ганхуяг руугаа очсон. Гэтэл өнөөх маань энэ ажил хийхгүй Удирдах зөвлөлд эрхээ шилжүүлье гэж хэлсэн юм. Удирдах зөвлөлөөс намайг ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ хооронд Ц.Цэвэрбал, Б.Дамба, Цэвэгмид, С.Тулга нар Баянгол дүүргийн Үйлдвэрчний соёлын төв ордонд 2016 оны хоёрдугаар сарын 6-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны хурлыг зарлачихдаг юм. Тэдэнд сагсан бөмбөгийн холбооны чуулганыг зарлах эрх байхгүй. Тэд Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн биш. Цаад санаа нь Монголын сагсан бөмбөгийн холбоог дээрэмдэж авах байсан юм билээ. Ерөнхийлөгчөөр нь Ц.Цэвэрбалыг сонгоод 2016 оны хоёрдугаар сарын 18-нд Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гаргуулаад авчихсан байсан. С.Эрдэнэ гэж хүний нөлөөллөөр л хууль бус хурал хийсэн тамга тэмдгийг Ц.Цэвэрбалд олгосон. Зүгээр л дээрэм хийчихсэн. Үүнийг нь хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргадаг ч авч хэлэлцэхгүй юм. Бүгд С.Эрдэнээс айдаг нь эндээс тодорхой харагдаж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө тэмцэлдсэн төлөөллүүдийн байр суурийг сонсоход ийм байна. Ямартаа ч Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал гэдгийг олон улсын сагсан бөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрч бүртгэж авчээ. 2012 оноос хойш олон улсын тэмцээний утаа үнэрлээгүй шигшээ багийн тамирчид маань тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх нь нээгдсэн таатай мэдээ байна. Монголын сагсчид ирэх онд зохион байгуулагдах олимпийн наадамд 3х3-ын сагсан бөмбөгийн төрлөөр оролцоход ойрхон байгаа юм. Мөн есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багаа оролцуулахаар бэлтгээд эхэлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *