Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахаар 2018-2021 онд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан шуурхай зохицуулалтыг хангах зөвлөл өнгөрөгч Баасан гарагт хуралджээ. Энэ үеэр ЭМЯ-ны харьяа ХСҮТ, НЭМҮТ, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар тус тус ярилцсан байна.
Уулзалтын үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн умайн хүзүүний хорт хавдрын тусламж үйлчилгээнд ХПВ-ийн хурдавчилсан тестийг нэвтрүүлэх төслийг танилцуулсан юм. Мөн тэрбээр “Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дундах тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600000-аас дээш тооны эмэгтэйчүүд өвчилж байна. Тиймээс эрүүл мэндийн яамнаас өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахаар ажиллаж байна” хэмээжээ.