Categories
мэдээ улс-төр

Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгч байна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос АТГ мэдүүлэг авч байна. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувиар экс Ерөнхийлөгчийг шалгуулахаар 178 хуудас бүхий материалыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгсөн байдаг. Эдгээр материал нь Тавантолгойн орд газартай холбоотой гэх. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Таван толгойн орд газрыг гэрээгээр халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого гарсан. 2015 онд дөрөвдүгээр сард Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын удирдлага болон гишүүд зогсоосон. Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон” гэж прокуроруудтай уулзалт хийх үедээ ярьж байсан. Харин экс Ерөнхийлөгчийн зүгээс УЕП-д гардуулсан гэх 178 хуудас материалыг ил болгох ёстой гэж байсан юм. Ямартай ч түүнийг АТГ-аас Тавантолгойн асуудлаар мэдүүлэг авахаар дуудсан байна. Дуудсаны дагуу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж очиж мэдүүлэг өгч байна. Тэрээр энэ талаар “Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” гэж жиргэжээ.

0-7 Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгч байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *