Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ботгонд бонус” хөтөлбөр өгөөжтэй байна

“Монголын Алт” (МАК) ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2012 оноос хойш жил бүр Сар шинийн баярын угтан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан зохион байгуулж, “Ботгонд бонус” болзолт уралдаанаа дүгнэдэг уламжлалтай билээ.

Өнөө жилийн “Ботгонд бонус” арга хэмжээг Дорноговь аймгийн Мандах суманд өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд зохион байгуулав. Хөтөлбөр анх хэрэгжиж эхлэхэд Мандах суманд 622 ботго бойжиж байсан юм. Тэгвэл 2018 онд л гэхэд 1487 ботго бойжиж, өнгөрсөн долоон жилд нийт 8547 ботго бойжсон үзүүлэлттэй байна. Монгол тэмээний үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршдог билээ. Энэхүү зорилгын тод илрэл болж тус аймгийн Мандах сумын дөрөвдүгээр багийн малчин Н.Баясгалан 64 ботго буюу өнгөрсөн онд хамгийн олон ботго бойжуулж сумын ард иргэддээ үлгэр дуурайлал үзүүлж, говийн тэмээн сүргийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн өргөмжлөл, бонусыг гардууллаа. “Ботгонд бонус” хөтөлбөрийн хүрээнд бойжсон ботго тус бүрийг 20 мянган төгрөгийн бонус дагалдан эзэндээ очдог билээ. Ийн Мандах сумын тэмээчид бойжуулсан ботго тус бүрийнхээ тоогоор бонусаа гардан авлаа. Энэ үеэр нутгийн иргэд “Ботгонд бонус” хөтөлбөрийг өгөөж ихтэй, цаг үеэ олсон арга хэмжээ болдог гэдгийгярьж байсан юм.

Тус арга хэмжээний дараа Мандах суманд Сар шинийн баярт зориулсан аймаг, сумын цолтой хүчит бөхийн барилдааныг зохион байгуулсан юм. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бай шагнал өндөртэй энэхүү барилдаанд аймаг, сумдын алдар цолтой бөхчүүд өргөнөөр оролцдог болсныг бөх сонирхогчид, нутгийн иргэд онцлон хэлж байв. Шороон гахай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан И.Баатархүү түрүүлж, сумын заан И.Баатарчулуун үзүүрлэж нутгийн олныг баясгалаа. Мөн энэ үеэр өсвөрийн бөхийн барилдааныг явуулж, тус сумын харьяат аймгийн хүрэл медальт Н.Одмандах түрүүлж, О.Чилүгэн үзүүрлэсэн юм. Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн хүчит бөхчүүдэд МАК компанийн дэд Ерөнхийлөгч Б.Энхмандах өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө. Түүнчлэн Мандах сумын 176 ахмадад Сар шинийн мэнд дэвшүүлж компанийн зүгээс баярын хүнс, бэлэг дурсгалын зүйл гардуулан, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *