NBA-ын Бүх оддын тоглолт өнөөдөр залуу оддын тоглолтоор эхэллээ. Бүх оддын тоглолт энэ сарын 18-нийг хүртэлд үргэлжлэх бөгөөд Шарлотта хотын “Spectrum Center”-т болж байгаа юм. Залуу оддыг 2015 оноос хойш АНУ, дэлхийн багт хуваан тоглуулж эхэлсэн бөгөөд өмнөх дөрвөн жилд дэлхийн баг гурав, АНУ-ын баг нэг удаа хожоод байсан юм. Харин энэ удаад АНУ-ын баг дэлхийн багийг 161:144-өөр хожиж, хожлын харьцаа 3:2 боллоо. 2019 оны залуу оддын тоглолтын шилдэг тоглогчоор NBA-д хоёр дахь жилдээ тоглож буй Los Angeles Lаkers багийн тоглогч Кайл Кузма шалгарлаа. Тэрээр 35 оноо авснаар ийнхүү шилдэг тоглогчийн шагналыг хүртэх эрхтэй болсон юм.
Дэлхийн багт 10 орны тоглогчид орсон бол “Сакраменто Кингс” багийн гурван тоглогч залуу оддын тоглолтод багтаж, бусад багуудаа тэргүүлэв.